“Макс” Ганбаатарын морь Кентаккийн уралдаанд түрүүлэв

АНУ-ын Кентакки мужийн Лексингтон хотноо болсон хурдан морьдын “Breeders cup-2015” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд “Макс”-ын хэмээн нэрлэгддэг Монгол Улсын манлай уяач Д.Ганбаатарын хүлэг, алдарт уяач Э.Ганбатын уяа сойлгыг нь тааруулсан “Mongolian Saturday” хүлэг түрүүлсэн байна.

Манлай уяач Ганбаатарын "Mongolian Saturday" (Монголын Бямба гараг) нэртэй таван настай үрээ их насны ойрын зайнд шандас сорьсон юм. Энэ морийг Д.Ганбаатар 2011 онд дааганы дуудлага худалдаанаас 60000 ам.доллараар авсан бөгөөд Seattle Slew, Any given Saturday, Danzig's beauty гээд домогт хүлгүүдийн удам юм аж. 

Өнгөрсөн жилийн аварга "Bobby's Kitten"  хэмээх морийг энэ жилийн уралдаанд түрүүлнэ гэж олон хүн бооцоо тавьж байсан. Мөн түрүүлэх морьдын таамагт "Mongolian Saturday" нэлээд дээгүүрт бичигдэж байжээ. Харин энэ удаад түрүү жилийн аварга "Bobby's Kitten" дөрөвдүгээр байрт хурдалсан байна.

Ийнхүү тэмцээний 32 жилийн түүхэнд анх удаа Азиас тэр тусмаа морьтон ардын өлгий Монгол Улсын нэрийн өмнөөс хурдалсан морь түрүүлсэн нь шуугиан тарьж байна. Энэхүү уралдааны шагналын сан нь 5 сая ам.доллар. Түрүүлсэн морины бай шагнал 1 сая ам.доллар гэсэн мэдээлэл байна.

Олон жилийн өмнө “Яагаад Монгол хүн морио АНУ-д сойж болохгүй гэж...” хэмээн ярьж байсан Д.Ганбаатарын мөрөөдөл ийнхүү биеллээ. Түүний түрүүлсэн мориныхоо бай шагналыг гардаж авсан энэхүү зураг сошиал ертөнцөд эрчтэй тархан, монголчуудын бахархлыг төрүүлж байна.

 

А.Амар

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ