Хортой эклерт 8 сартайгаас 74 хүртэлх насны 155 гаруй хүн хорджээ

“Ньюсвийтфүүдс” ХХК-ийн бүтээгдэхүүн болох эклерт хордсон иргэдийн тоо 155 гарсан билээ. Өнгөрсөн сарын 24-нээс энэ сарын 04 хүртэлх хугацаанд нийт хоолны хордлого гэсэн оноштой 155 хүн бүртгэгдэж, 97 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

 

Хордлогод өртөгсөд нь 8 сартайгаас 74 настай хүмүүс байжээ. Ихэвчлэн гэр бүлээрээ хордож иржээ. Эдгээр хүмүүс 3 сар ХӨСҮТ-ийн хяналтанд байх юм байна. ХӨСҮТ-ийн нян судлалын шинжилгээгээр хоолны хордлогоор өвдсөн хүний 116 буюу 74.8 хувьд нь “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын 36.6 хувьд нь, эклерийг худалдаалж буй хүнсний дэлгүүрийн ажилчдын 46.1 хувьд нь хоол хүнсээр дамжин халдварласан сальмонеллёз өвчний үүсгэгч “salmonell enteritidis” илэрсэн.

 

НМХГ-ын Нэгдсэн төв лабораторийн нян судлалын шинжилгээгээр эклерийн дээжний 34.3%-д нянгийн бохирдолт илэрсэнээс үүний 9.3 хувьд буюу 2016.04.22-ны өдөр үйлдвэрлэсэн гэсэн шошготой өвчтөний идсэн үлдэгдэл эклерийн 2 сорьцонд “salmonell enteritidis” тус тус илэрсэн байна.

 

Шалгалтаар “Ньюсвийтфүүдс” ХХК нь эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу 1 хоногоор хойшлуулж бичдэг зөрчил илэрч, тус үйлдвэрт үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөж ажилладаггүйг тогтоосон байна. Ажлын хэсгээс эрүүл ахуйн тандалт хяналтын дүнг үндэслэн ”Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 2016.04.21-ний өдөр үйлдвэрлэсэн эклерийн нэг цуврал бүтээгдэхүүн хүний үйл ажиллагаатай холбоотой үйлдэлээс бохирдон, үйлдвэрт 10-12 цаг хадгалсанаас нянгийн үржлийг дэмжин улмаар “Salmonell enteritidis”-ээр үүсгэгдсэн хоол, хүнсээр дамжсан хоолны хордлого, халдварын дэгдэлт болсон байна гэж дүгнэлээ.

 

“Ньюсвийтфүүдс” ХХК-ийн кремтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, нийт 1105 ширхэг буюу 1.648.400 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хурааж устган, “Эрүүл ахуйн тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь заалтыг үндэслэн 3.000.0 сая төгрөгийн торгууль ногдуулж, тус аж ахуйн нэгжийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч та бүхнээс хууль, дүрэм, журамаа мөрдөж, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг зөвлөж байна. Мөн хэрэглэгч та бүхэн хоол, хүнсээ зөв сонгож зохистой хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустайг анхаарна уу.

 

О.Сайхан

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: zaluu.com

Шинэ мэдээ
Их уншсан