Үзэгддэггүй, харагддаггүй бүхнийг ил болгох Шилэн дансны тухай хууль

Үзэгддэггүй, харагддаггүй бүхнийг ил болгох Шилэн дансны тухай хууль

“Монгол Улсын иргэн төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй... Төсвийн ил тод байдлыг хангасан байх үүрэгтэй... Төр засгийг иргэдэд нээлттэй, тунгалаг болгох цогц арга хэмжээ авна..” хэмээн Монгол Улсын Үндсэн хуульд заасан байдаг. Энэ бол өнгөрсөн хаврын чуулганы хаалтын өдөр баталсан Шилэн дансны тухай хуулийн төслийг батлах томоохон үндэслэл юм. Үзэгддэггүй, харагддаггүй бүхнийг ил болгох энэ хуулийн төслийг өнгөрсөн намрын чуулганаар өргөн барьж хэлэлцсэн боловч нэрнээсээ авахуулаад төрийн түшээдийн тааллыг хүртэж чадалгүй унасан юм. Эргэлзээ тээнэгэлзэл, хардлага сэрдлэгийг халах энэхүү хуулийн төсөл төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, хөрөнгө мөнгөтэй холбоотой бүхий л ажлууд яг л шилэнд байгаа мэт ил тод, нээлттэй болох тухай асуудал юм.  Ингэснээр татвар төлөгчдийн мөнгө үр дүнгүй, дэмий зүйлд үрэгдэх, авлига, хээл хахуулийг ч хязгаарлах боломжтой гэж үзэж байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хүрээнд төрийн байгууллагууд данс, тооцоо, мөнгөтэй холбоотой ямар мэдээллийг хэдий хугацаанд иргэдэд нээлттэй, ойлгомжтой байдлаар мэдээлэх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн.

Хуулийн төсөлд шилэн дансны мэдээллийн агуулга, түүнийг хүргэх хугацаа, давтамж, хэлбэр, мэдээлэх үүргийг зааглан оруулжээ. Тухайлбал, шилэн дансны мэдээлэл хүргэх хугацааг 24 цагаас 10 хоног байхаар харилцан адилгүй тусгасан байна. Улс, орон нутгийн төсөв, төсвийн ерөнхийлөн захирагчдын багц, салбарын төсөв, Засгийн газрын болон орон нутгийн тусгай сан, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн батлагдсан төсөв болон тодотгосон төсвийг эрх бүхий этгээдээс баталснаас хойш ажлын 10 хоногийн дотор мэдээлэх бол худалдан авах ажиллагааны зар, шалгаруулалт, үр дүнг шийдвэр гарснаас хойш 24 цагийн дотор “шилэн” болгож толилуулах гэнэ. Жишээ нь, 09.00 цагаас 16.00 цаг хүртэл мөнгөн гүйлгээ хийлээ гэхэд дараагийн ажлын өдрийн 12.00 цаг гэхэд гүйлгээний утга, дүн, ямар байгууллагад шилжүүлсэн гэх зэрэг мэдээллүүд нээлттэй болох ёстой юм байна. Ингэхдээ тусгайлсан шилэн дансны болон нийтийн зар мэдээний самбар, цахим болон хэвлэмэл хуудас, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглахаар оруулсан байна. Өнөөдөр хийгдэж буй гүйлгээнүүд маргааш гэхэд хаашаа, хэдэн төгрөг, ямар зориулалтаар шилжсэн бэ гэх зэрэг нарийвчилсан мэдээллийн хамт ил тод болно гэсэн үг.

Түүнчлэн тухайн төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд аливаа гүйлгээ, шилжүүлгийг баталж, гарын үсэг зурахдаа “Шилэн дансны мэдүүлэг”-ийг бөглөнө. Ингэснээр тухайн гүйлгээ, шилжүүлэг нь хариуцах эзэнтэй болж байгаа аж. Шилэн дансны тухай хуульд энэ мэт зохицуулалтууд орсон. Төсвөөс санхүүжиж буй аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо ил болсноор хэн гэдэг дарга хэдий хэмжээний мөнгийг юунд зарцуулав гэдгийг сонирхсон хүн бүхэн мэдэх боломж бүрдэж буйгаараа чухал ач холбогдолтой. Мөн төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болно. Ингэснээр үр ашиггүй зардал, маргаан, шахааны бизнес зэрэг байхгүй болно гэж үзэж байгаа.

Харин хуулийн хэрэгжилтэд тавих хяналт, хариуцлагын тухайд холбогдох албан тушаалтанд сануулж, анхааруулахаас эхлээд ажлаас халах хүртэл арга хэмжээ авна. Нөгөө талаас төрийн төсөв, санхүүтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг шилэн дансаар дамжуулан иргэдэд нээлттэй, ил тод хүргэсний үр дүнд эргээд иргэдийн хяналт үүсэх нь дамжиггүй. Үүнтэй холбоотойгоор “иргэдийн аудит” гэсэн нэр томъёо гарч ирж буй. Энэ нь төрийн байгууллагууд иргэдэд хүргэх ёстой мэдээллээ өдөр тутам, цаг хугацаанд нь хүргэж байгаа эсэхэд хяналт тавьж буй хэрэг юм.

Энэ мэтчилэн нийгмийн захиалга гэж хэлж болохуйц энэхүү хуулийн төсөл ирэх оны нэгдүгээр сараас эхэлж хэрэгжинэ. Учир нь хуулийг хэрэгжүүлэхэд тодорхой хэмжээний бэлтгэл ажил шаардлагатай. Цахим хуудсандаа өөрчлөлт оруулахаас эхлээд байгууллага бүр дээр хийх ажил байгаа учраас 2015 оны нэгдүгээр сарын 01-нээс хуулийг хэрэгжүүлэхээр болсон. Харин нэгдсэн шилэн дансны цахим хуудасны тухайд 2016 оноос ажиллаж эхлэхээр хуульд тусгасан. Учир нь улс даяар шилэн дансны тогтолцоог нэгтгэх систем учраас цаг хугацаа шаардлагатай хэмээн үзэж хуулийн хэрэгжих хугацааг ийнхүү тусгажээ.

 

Б.Даваатогтох

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан