Кэмерон микрофон асаалттайг мэдэлгүй аймшигтай авилгач орнуудыг нэрлэжээ

Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон дахиад л амнаасаа болж хэл аманд өртлөө. Энэ удаа тэр микрофон асаалттай байгааг мэдэлгүй Афганистан, Нигери улсуудыг "аймшигтай авилгач" гэж хатан хаандаа муулсныг "ITN" телевиз үзүүлжээ.

 

Энэ явдал II Елизавета хатан хааны 90 насны ойд зориулсан хүлээн авалт дээр болжээ. Кэмерон мягмар гарагт Букенгэмийн ордны хүлээн авалт дээр хатан хаантай ярилцаж байхдаа ийнхүү дипломат бус авирлав. "Бид өнөө өглөө Сайд нарын танхимын хурлаа амжилттай хийж, удахгүй болох Авлигын эсрэг дээд хэмжээний уулзалтын тухай ярилцсан. Манайд нигеричүүд ирнэ. Үнэн хэрэгтээ аймшигтай ихээр авлигад өртсөн орнуудын тэргүүнүүд Их Британид ирэх гэж байгаа. Нигери, Афганистан бол дэлхийн хамгийн их авлигад идэгдсэн улс орнууд" гэж Ерөнхий сайд Кэмерон ярилаа. Хатан хаан энэ мэдэгдлийн хариуд юу ч хэлсэнгүй. Харин энэ үеэр дэргэд байсан Кентерберийн архиепископ Жастин Уэлби "Гэхдээ Ерөнхийлөгчид нь өөрсдөө авлигад өртөөгүй" гэж цохон тэмдэглэжээ.

 

Дэвид Кэмерон өмнө нь бас иймэрхүү байдалд орж байсан. Тэрбээр Нью-Йоркийн экс мэр Майкл Блумбергтэй ярьж байхдаа бас л микрофон асаалттайг мэдэлгүй "Шотландыг манай Британий бүрэлдэхүүнд хэвээр үлдсэнийг мэдэд хатан хаан II Елизавета баярласандаа муур шиг мяу гэсэн шүү" хэмээн ярьсан удаатай. Дараа нь мэдээж Кэмерон өөрийн хатан хаанаасаа уучлал гуйжээ. "Кэмерон энэ мэдэгдлийг хийхдээ камерууд бичиж байгааг мэдээгүй" гэж "Reuters" агентлаг бичсэн бол "The Telegraph" харин гал дээр тос нэмэн "Кэмерон санаатайгаар ингэж ярьсан, тэр саммитыг зориуд сурталчилж байгаа хэрэг" хэмээжээ.

 

Нэмж өгүүлэхэд, Кэмероны нэрлэсэн энэ хоёр улсын төрийн тэргүүнүүд 5 сарын 11-12-нд болох Авлигын эсрэг дээд хэмжээний уулзалтад оролцох билээ. Мань Кэмерон яаж тэдний нүүрийг харах юм бол доо? Харин Нигери улсын Ерөнхийлөгч Мухаммад Бухари энэ мэдээг үзээд гүн шоконд орсон гэж "The Independent" дамжуулжээ. Африкийн энэ улсын Ерөнхийлөгчийн төлөөлөгч "Кэмерон өмнөх Ерөнхийлөгчийн үед байсан авлигын талаар ярьсан байх гэж манай тэргүүн Бухари хэлсэн" гэж мэдэгдэв.

Эцэст нь өгүүлэхэд, Авлигад өртсөн орнуудын талаар гаргасан "Transparency International" байгууллагын жагсаалтад Нигери 136-р байранд харин Афганистан улс 166-р байр буюу сүүлээсээ 3-т орсон юм. Энэ жагсаалтын сүүлийг Сомали, Умард Солонгос мушгижээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан