Оффшор данс нь илчлэгдсэн гаднын улстөрчид ямар хариуцлага хүлээсэн бэ

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум оффшор ертөнцийн нууц мэдээллийг дэлгэж шүгэл үлээсэн нь дэлхий нийтийн анхаарлын төвд нэг хэсэгтээ л байх бололтой. Мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн зэргийг илчилсэн мэдээллүүдийн дотор дэлхийн 140 улстөрч, төрийн зүтгэлтэн болон бусад алдартнуудын нууц данс байгаа юм. Тухайлбал, Исландын Ерөнхий сайд Сигмундур Гуннлаксон өөрийн эхнэрийн хамт 2007 онд “Wintris” оффшор компани худалдан авч, үүгээрээ дамжуулан хууль бус хөрөнгө оруулалт хийж нэг тэрбум ам.доллар угаасныг “ВВС” илчилсэн юм. Үүний дараа Исландын ард түмэн жагсаал зохион байгуулж түүнийг огцрохыг шаардсанаар тэрээр төд удалгүй огцорсон билээ.

 

Түүнчлэн илчилсэн мэдээллүүдийн дотор Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероны эцэгтэй холбоотой нууц дансны баримт байгаа юм. Дэвид Камероны аав 1982 онд Панамд төвтэй "Mossack Fonseca" хуулийн фирмд оффшор компаниа бүртгүүлж, татвараас зайлсхийж байжээ. Дэвид Камерон та­лийгаач эцгийнхээ офф­шор санд 5000 нэгж хувьцаа эзэм­шиж байсан нь үнэн болохыг ал­бан ёсоор мэдэг­дсэн юм. Гэхдээ Ерөн­­хий сайдаар сон­гогдохоос өмнө оффшор санд эзэм­ших хувьцаагаа 30 мянган фунт стер­лингээр худалдаж, Их Британийн хуулийн да­гуу татвар төлсөн гэ­дгээ мэдэгдсэн. Мөн түүний эр бүл оффшор данснаас ашиг хүрт­дэггүй тухай хэлсэн юм. Харин Их Британийн хэвлэлүүд Дэвид Камероны гэр бүлийн гишүүнтэй холбоотой оффшор дансны мэдээллийн талаар төдийлөн дуугараагүйдээ ч тэр үү, ард иргэд нь энэ мэдээллийг тайван хүлээж авч түүний мэдэгдэлд "итгэсэн" юм.

 

Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний ойр дотнынхонтой холбоотой хоёр тэрбум ам.долларын нууц хөрөнгийн мэдээллүүдийг илчлээд байгаа юм. Харин Кремлийг дэмжигч ОХУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд Путинээс илүүтэй Холливудын жүжигчин Жэки Чаны мэдээллийг онцолж, Путиний ойр дотнынхонтой холбоотой мэдээллийг хав дарсан юм. Оффшор дансны мэдээлэлд Владимир Путинтэй шууд холбоотой баримт байгаагүй ч түүний ойр дотнынхны нэр дээр хоёр тэрбум орчим ам.долларын сэжигтэй гүйлгээнүүд бүртгэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэхүү мэдээллийг барууныхны санаатайгаар цацсан худал мэдээлэл хэмээн мэдэгдэж байсан ч тун удалгүй өөрийнх нь нууц дансны мэдээлэл мөн илчлэгдсэн билээ. ОХУ "Панамын баримт бичиг"-ээр илэрсэн оффшор дансны тухай мэдээллийг тийм ч нухацтай хүлээж аваагүй юм.

 

Кунфу мастер Жэки Чан "Mossack Fonseca" хуулийн фирмд бүртгэлтэй зургаан компанийг шууд бус байдлаар удирддаг нь баримтаар илчлэгдсэн юм. Мөн түүний хувь эзэмшдэг эдгээр компанийн дансны мэдээлэл ил болоогүй байгаа юм. Харин Холливудын алдарт жүжигчин энэ талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна.

 

Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпиний гэр бүлийн гишүүн болон тус улсын төрийн дөрвөн өндөр албан тушаалтны нэр баримтуудын дунд байсан юм. Тодруулбал, БНХАУ-ын дарга Си Зиньпиний гэр бүлийн гишүүн болон Төрийн зөвлөлийн ерөнхий сайд асан БНХАУ-ын элит байнгын хорооны гишүүд болох Жан Гаоли, Лю Юншань нартай холбоотой нууц дансны гүйлгээг илчилжээ. Эдгээр гурван хүн нь хилийн чинад дахь татварын тогтолцоог ашиглан оффшор компанийнхаа дансаар их хэмжээний хөрөнгө оруулалт авч, түүнийгээ хувьдаа завшсан байгаа юм. Одоогоор БНХАУ-ын Засгийн газар энэ талаар тайлбар өгөөгүй байна. Харин БНХАУ-ын төрийн эрх мэдэлтнүүдийн гэр бүлийн гишүүд оффшор дансны нууц баримт ил болсон мэдээллийг дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гаргахыг хоригложээ. БНХАУ-ын иргэн оффшор компанитай байх нь хууль бус үйл ажиллагаа биш ч гэлээ Коммунист намын Үндсэн хуульд заасны дагуу намын албан тушаалтан, эрх баригч албан тушаалтнууд ашиг олохыг хориглосон байдаг бөгөөд гэр бүлийн гишүүд нь мөн тэдний туслалцаатай ашиг олохыг хориглосон байдаг юм.

 

Түүнчлэн Аргентинийн Ерөнхийлөгч Макри оффшор компанитай болох нь илчлэгдэж, түүнийг улс орноосоо зугтсан хэмээн мэдээлж байсан ч тэрээр түр амралттай байснаа хэлж, энэ талаар өөрөө тайлбар өгсөн байдаг. Тэрээр 199, онд буюу Аргентинь улс татварын албатай болохоос өмнө оффшор компанитай байсан нь үнэн ч, ямар нэг хөрөнгө оруулалт хийлгүйгээр 2008 онд хаагдсан тухай хэлсэн байна. Тэрээр "Надад оффшор бүсэд бүртгэлтэй компани байсан нь үнэн. Гэхдээ компанид оффшор данс байгаагүй. Ямар нэг хууль бус гүйлгээ хийгээгүй. Аавынхаа бизнестэй холбоотойгоор энэ компанийг бүртгүүлж байсан" гэжээ. Гэвч түүний оффшор дансны мэдээлэл иргэдийн бухимдлыг төрүүлсэн хэвээр байгаа юм.

 

Мөн Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад болон түүний гэр бүл, Ливийн удирдагч агсан Муаммар Каддафи, Египетийн Ерөнхийлөгч асан Хосни Мубарак, Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев, Украины Ерөнхийлөгч П.Порошенко нарын нэрс эдгээр мэдээлэлд багтжээ. Петр Порошенко 2015 онд Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ өөрийнхөө эзэмшдэг хувьцааны дийлэнх хэсгийг зарна хэмээн мэдэгдэж байсныг хүмүүс санаж байгаа байх. Ингээд төрийн тэргүүнээр сонгогдоод хувьцаагаа “Prime Assets Capital” компанид шилжүүлэн өгчээ. Гэтэл үнэн хэрэгтээ “Prime Assets Capital” компани нь П.Порошенкогийн оффшор компани аж. Тэрээр төрийн тэргүүний албыг хашиж байхдаа хилийн чанадад компани байгуулсан гэдэг нь дээрх баримтуудаас тогтоогдсон. Гэхдээ тэрээр энэ талаар ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: itoim.mn

Шинэ мэдээ
Их уншсан