ОРОСЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХАР ӨДРҮҮД 2 ДУГААР ДАЙНЫ ТӨГСГӨЛ ЭНЭ ӨДӨР

ОРОСЫН ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХАР ӨДРҮҮД 2 ДУГААР ДАЙНЫ ТӨГСГӨЛ ЭНЭ ӨДӨР

Өнөөдөр тавдугаар сарын 9. Ялалтын баярын өдөр. Дэлхийн хоёрдугаар дайн дууссан буюу Фашистын Германыг ялсан энэ өдрийг ОХУ болон Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улс орнууд, Европын ихэнх орнууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Ялалтын баярын 71 жилийн ойд зориулсан парад Улаан талбайд Москвагийн цагаар 10:00 цагаас эхэлнэ. Энэ жилийн хувьд Москва хотын иргэд болон хүрэлцэн ирсэн зочид цэргийн томоохон жагсаалыг нүдээр үзэх боломжгүй бөгөөд зурагтаар шууд дамжуулсныг л харах аж . Харин Улаан талбайд гадаадын төлөөлөгчид, сэтгүүлчид, цэргийн дээд албан тушаалтнууд, офицерууд, ахмад дайчид зэрэг гол зочид л оролцох боломжтой юм байна.
Улаан талбайд болох цэргийн парад өнгөрсөн жилийнхнээс харьцангуй даруухан зохион байгуулагдана. 2015 оны тавдугаар сарын 9-нд парадад 14 мянга гаруй цэргийн алба хаагч, 194 цэргийн техник, Оросын агаарын цэргийн 150 онгоц, нисдэг тэрэг оролцож байсан бол энэ жил 10 мянга гаруй алба хаагч, 100 гаруй нэгж цэргийн техник оролцоно. Цэргийн жагсаалын явган цуваанд энэ жил анх удаа ОХУ-ын БХЯ-ны Цэргийн их сургууль, Вольскийн материал хангамжийн цэргийн институтын эмэгтэй цэргийн алба хаагчид оролцож байна.
Энэ дайнд 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнх нь энгийн иргэд байсан аж. Дайны нийт өртөг 1944 оны ханшаар их наяд ам.доллар болсон нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй дайн гэж тооцогддог байна. Түүхэн тэмдэглэлт энэ өдөртэй холбогдуулан дайны жилүүдийн нөхцөл байдлын тухай содон мэдээллүүдийг нэгтгэн хүргэж байна.

Мод, чулуу нефтьтэй холилдсон

Дэлхийн II дайны хамгийн том тулаан Сталинградад өрнөсөн ба тус хот 125 хоног бүслэлтэд байсан билээ. Доныг ардаа хийж, өмнө нь Ижил мөрөн үлдээд байсан Германы арми 1942 онд дийлэнх хүчээ Сталинград руу татаж, Ижил мөрний эрэг дагуух хотыг эзлэн Москва руу дайрах төлөвлөгөөтэй байжээ. 1942 оны долдугаар сарын 17-нд Чир гол дээр алдарт жанжин Г.К.Жуковын удирдсан Зөвлөлтийн 62, 64 армийн түрүүч фашистуудтай тулалджээ. Германы арми Сталинград руу сар бүр 200 мянган цэрэг, офицероо татаж байсан бол тулаан тун бага газар нутагт өрнөж байв. Хотыг фашистуудад алдахгүйн тулд хориглон хамгаалах, давших нарийн төвөгтэй тулалдаан эхэлж, фашистын армийн дэргэд хүн хүчээр цөөн, Зөвлөлтийн арми галын хүчний дэмжлэгтэйгээр жижиг бүлгээр сөрөг дайралт хийж эхлэв. Хотод хороолол, байшин, давхар бүхний төлөө тулалдаан болж байлаа. Байшин барилгын нурж, эвдэрч шатсан мод, чулуу нефтьтэй холилдсон Ижил мөрний ус шатаж байв.
Ижил мөрний ус шатаж байв

Сталинградын дайрагч бүлгүүд ингэж үүссэн бол Улаан арми 1943 оны арваннэгдүгээр сарын 19-30-нд “Уран”, арванхоёрдугаар сарын 16-31-нд “Санчир”, 1943 оны нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 2-ныг хүртэл “Цагираг” нэртэй сөрөг дайралт, тусгай ажиллагаа явуулж 125 хоног бүслэлтэд байсан хотыг чөлөөлжээ. Улаан арми Сталинградын дэргэд Германы 22 дивизийг бүслэн авсан бол тулаанд фашистууд олон зуун мянган цэрэг, офицер, 3500 орчим танк, 2000 гаруй их буу, миномёт, 1400 орчим нисэх онгоцоо алдаж, мөн тооны цэрэг, офицероо олзлуулсан байна.
Энэ их хүч Ижил мөрний эрэг дээрх аварга том галтай тогоонд орсон мэт шатаж, Фашистын арми энэ хотод фронтод дайтсан нийт хүчнийхээ 1/4 орчим хувийг алджээ. Энэ тулаанд оролцсон олон мянган цэрэг, түрүүч, дарга офицерыг “Сталинградыг хамгаалсан чөлөө” медалиар шагнасан байна. Энэ медалийг 1942 оны арванхоёрдугаар сарын 22-нд бий болгосон аж. Сталинградын дэргэдэх ялалт эвслийг сулруулж, төвийг сахисан орнуудын байр суурь бэхэжсэн юм. Турк, Япон хоёр ЗХУ-ын эсрэг дайнд орохоос татгалзахад хүрсэн байна.
Мөн Европын орнуудад үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд түлхэц болсон байна. Дайнаас хожуу Эх орны дайны ахмад дайчин “Хүний тэнэглэл ёроолгүй шүү” гэж хойч үедээ сануулан захиж байжээ.

Вермахтын ах дүүгийн булш

Германы иргэн Г.Шретерийн 1958 онд хэвлүүлсэн “Сталинград” номд багтсан герман цэргүүдийн тэмдэглэлээс…

Герман офицерийн тэмдэглэл:
-Бид Ижил мөрөн хүртэл дахин нэг км ахих хэрэгтэй байдаг. Гэтэл яагаад ч гэтэлж чаддаггүй. Энэ нэг км газрыг эзлэхийн төлөө тулалдааныг бүх Францыг эзэлсэн дайнаас ч удаан хугацаанд хийж байв. Оросууд өмнө хадан хясаа шиг бат зогсож байна.

Герман цэргийн тэмдэглэл:
-1942 оны аравдугаар сарын 22. Бид олон хүнээ алдаж алхам бүрт хүүрэн дээгүүр гарахаар болж байв. Хүүр цэвэрлэх завтай хүн байхгүй тул ялзран өмхийрнө. Цэргүүд Сталинградыг “Вермахтын ах дүүгийн булш” гэдэг болсон байв”.

Герман цэргийн тэмдэглэл:
-Германы арми Сталинград болон Кавказын чиглэлээр цэрэг, армийнхаа гол хүчийг дайчилж, Зөвлөлтийн өмнөд нутгийг төвөөс салгахыг зорьж байсан”.

Таван настай охин чихмэл бамбаруушийнхаа ачаар амьд гарчээ

 

1941 оны есдүгээр сарын 8-нд Германы арми Ленинград хот руу цөмрөн орж, хотыг бүхэлд нь бүсэлсэн цаг хугацаа Оросын түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн тоонд зүй ёсоор ордог. Нацистууд Ленинградыг 872 хоног буюу 1944 оны нэгдүгээр сарын 27-ныг хүртэл бүслэлтдээ байлгасан юм. Бүслэлтийн гурван жилийн хугацаанд 1.5 сая хүн амь насаа алдсаны ихэнх нь өлсгөлөн, өвчнөөр өөд болжээ. Энэхүү бүслэлт орчин үеийн түүхэн дэх хамгийн урт хугацаанд үргэлжилсэн, хамгийн их эвдрэл сүйрэл авчирсан, харгис бүслэлтийн тоонд ордог. Энэ бүслэлттэй холбогдуулан Ленинградын бүслэлтэд байсан таван настай охины дурсамжийг хүргэж байна. Хажуу тал нь элэгдсэн, өрөөсөн шүрэн нүд нь унасан энэ бамбарууш Алла Александровнаг бүслэлтээс амьд гарахад тусалжээ. Өдгөө тэтгэвэртээ гарсан энэ эмээ ээжийгээ өнгөрсний дараа Санкт-Петербург дэх хуучин байрныхаа шүүгээг цэвэрлэж цэгцэлж байгаад үүнийгээ олсон юм. “Дайн эхлэхэд би дөнгөж таван настай байлаа. Харин энэ бамбаруушийг олж авмагцаа тэрхүү аймшигт мөчүүдийг эргэн санаж байна” хэмээн Алла Юрковская ярьсан юм.
Юрковскийн гэр бүлийнхэн Ленинградын бүслэлтээс гарч чадсангүй. Вокзал дээр аймшигт үйл явдал тохиолдож, вагонуудыг булаан эзэлжээ. Яг энэ үеэр дайн эхлэхээс аравхан хоногийн өмнө бага охиноо төрүүлсэн, хоёр хүүхэдтэй эмэгтэй Ленинградаас гарах гээд чадсангүй. Ингээд гэртээ үлдэж, өвөлжихөөр шийдэв. Хөөрхий эмэгтэй өөрийг нь болон гэр бүлийг нь цаашид ямар хувь заяа хүлээж байгааг гадарласангүй. Хасах 40 хэмийн хүйтэнд усгүй, гэрэл цахилгаангүй амьдарна гэдэг үнэхээр харгислал. Маш ихээр өлсөж, ханын цаасны цавуу, шороо гээд тааралдсанаа идэж байв. Алла Александровна “Дайн эхлэх үед эмээ минь (30-аад оны өлсгөлөнг үзсэн хүн) манайд багц багцаар нь өвс авчирч тавьж байлаа. Ээж “Яах гэж байгаа юм бэ” гэж гайхахад эмээ бидэнтэй цуг амьдардаггүй мөртлөө юу ч хэлэлгүй өвсөө хэдэн хэсэгт хуваан, хатааж байв. Бас эмээ дайнаас өмнө амуу будааны асар их нөөцтэй байсан юм. Ээж аав түүнийг шоолон “Хаашаа явах гээд бэлтгээд байгаа юм бэ” гэхэд тэр “Хэрэг болно оо” л гэдэг байсан. Үнэхээр ч хэрэг болсон. Бүслэлтийн үеэр ээж маань өдөрт хагас аяга будааг өвстэй холин чанаж бүгдэд нь хувааж өгдөг байлаа. Энэ л бидний амийг аварсан юм даа” хэмээн ярьжээ.
Аллагийн ээж Евдокия Ивановна асрагчаар ажилладаг байсан бөгөөд хоногт 250 грамм талхны төлөө ажилладаг байв. Эмнэлэг рүү байн байн алга болж, бяцхан Танечка охиныг хооллох хүнгүй болдог байжээ. “Одоо ч гэсэн санаж байна. Дүү маань орон дээрээ уйлаад л байдаг, би дөхөж очихоос ч айдаг байлаа. Гэр хүйтэн, өдөр ч харанхуй. Дулаанаа алдахгүйн тулд хаалга, цонхныхоо хүрээгээр хуучин пальто, хөнжлөө чихээд, зөвхөн дээгүүр нь нарийхан зурвас л үлдээж байсан” гэжээ. Цагаас цагт, хоногоос хоногт нэг л гэртээ байна гэдэг үгээр хэлэхийн аргагүй хүнд. Яг энэ үеэр бамбарууш түүнд тусламж болон иржээ. Энэ тоглоомыг Аллочкад аав нь фронтод явахдаа бэлэглэжээ. Чихмэл тоглоом түүний цорын ганц найз болов. “Тухайн үед ээж минь гэнэт эргэж ирэхгүй бол яана” гэсэн бодол айлгаж зовоодог байсан. Айсандаа болоод хоолой зангирчихна. Нэгэн удаа баавгай аавын хоолойгоор “Миний том охин шүү дээ, тийм болохоор толгойгоо дээш өргө” гэж хэлэхийг сонссон. Хий юм сонссон уу, айснаасаа болоод тархи толгой эргээд тэгж сонсогдсон уу, мэдэхгүй. Гэхдээ л айдас үргэж, өөрийгөө ганцаараа биш гэдгээ мэдэрч эхэлсэн” хэмээн дурсчээ.
1942 онд Юрковскийн гэр бүлийг Сибирьт, Красноярскийн хязгаарын нэгэн тосгонд нүүлгэн шилжүүлжээ. Харин Алла төрөлх хот Ленинграддаа буцаж ирснийхээ дараа дунд сургуульд орсон юм. Түүнийг чихмэл бамбарууш бүслэлтийг даван туулж чаджээ. Даарсан хүмүүс тавилга, ном гээд шатаж болох бүхнийг шатаахад түүний тоглоом яагаад ч юм бэ, бүтнээрээ үлдсэн байна. Гэвч бамбаруушаа олж авсан эзэн баярлаж хөөрсөнгүй. “Тоглоомоо хараад дахиад л айдаст автсан. Миний дүү Таня хоёр гараараа энэ тоглоомтой зууралдаж байсан. Өөр зүйл түүнд байсангүй” гэжээ. Охидын аав дайнаас амьд иржээ. Дайнд олзлогдож, фашистуудын лагерьт байсан тэрбээр хоёр удаа оргосон байна. 1946 онд тэд гэр бүлээрээ цугласан аж. Он жилүүд өнгөрсөөр Алла Сибирьт буцаад иржээ. Москва дахь агаарын цэргийн институт төгсмөгцөө Красноярскт инженер зохион бүтэээгчээр 35 жил ажиллажээ. Алла Юрковская “Би Ленинградад ээжтэйгээ салах ёс гүйцэтгэхээр ирээд 50 жилийн дараа бамбаруушаа оллоо. Би Железногорскийн 95 дугаар дунд сургуулийн дайны алдрын музейд тоглоомоо өгнө. Миний охин Вика үүнийг гэр бүлийн сахиус гээд өгөхийг зөвшөөрөхгүй байгаа. Энэ тоглоом хүүхдүүдэд маань илүү чухал юм байна гэж бодоод больсон” хэмээжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан