Давхраа хийж, бэлэг эрхтэн томруулдаг явуулын солонгос эмч нар монголчуудаар тоглож гүйцлээ

Давхраа хийж, бэлэг эрхтэн томруулдаг явуулын солонгос эмч нар монголчуудаар тоглож гүйцлээ

Монголчууд биднийг гадаадын аль ч орноос ирсэн хүн “Гэнэн итгэмтгий” гэж тодорхойлдог нь яах аргагүй оносон үг юм. Ямар сайндаа л тархийг нь кодолж архинаас гаргана гэвэл луйварчин Оросуудын бизнес эрч хүчээ авч, нэг сая 500 мянган төгрөгөөр кодлуулах гэсэн монголчууд хэдэн зуугаараа тэднийг хүлээн ирсэн сургаар нь өдөр шөнөгүй оочерлож байхав. Овжин зальтай хэн нэг луйварчин Орос хэдхэн хоногийн визтэй ирэнгүүтээ хүмүүсийг нэг газарт бөөгнүүлэн суулгаж байгаад бага зэргийн ховс хэрэглэж “Бүгдийг чинь кодолчихлоо” гэж хэлээд л 150 сая төгрөг халаасалж аваад буцаад явдаг энэ лав гурван жил үргэлжилж байгаа юм. Гэвч орос “эмч”-ээр кодлуулсан хүмүүсээс найгүй архичин болсон хүмүүс өчнөөн байна. Тэгвэл энэ луйврын бизнес ч бас гарч ирсэн байна. 

Сүүлийн үед “Эрчүүдийн бэлэг эрхтэнийг томруулна”, “Солонгос эмч давхраа хийнэ”, “Эрүү нүүрний гажиг засна” гэсэн реклам сурталчилгаа зарын сонингоор битүү явах болжээ. Уг гоо сайхны мэс заслыг Солонгосоос эмч нар ирж хийдэг учраас манайхан ч нүгэлтэй сүжигтэй хандаж Далай ламд мөргөх гэж байгаа юм шиг л дугаарлаад зогс ч байдаг болсон юмсанж. Ялангуяа зурсан юм шиг торомгор алаг нүдтэй болох гэсэн хүүхнүүд өчнөөн хоногийн өмнөөс оочер дугаараа бичүүлэн мөнгөө өгчихөөд солонгос эмч хэзээ ирнэ энэ тэр цагт хамгийн түрүүнд зовхио зүсүүлнэ гэсэн бодолтой тэсч ядан хүлээж байдаг болжээ. Гэтэл нөгөө айхтар шидтэй солонгос эмч нар нь тэндээ бол зүгээр л гоо сайхны мэс ажилбар хийдэг аль нэг эмнэлгийн газрын туслах эмч буюу сувилагч шахуу хүмүүс байдаг бөгөөд манай улсад ирж яг л тархи кодолдог орос “эмч” нар шиг урьдаас бэлдсэн зарын дагуу хуран цугласан хүмүүсийн мөнгийг хуу хамж аваад цүнхэлж ирсэн ганц нэг багажаараа ямар ч баталгаагүй зүйл хальт хөлт хийчихээд визнийхээ хугацааг дуусахаас нь өмнө буцаад явчихдаг юм байна. 

Яг иймэрхүү чадваргүй солонгос эмчээр давхраа хийлгэснээс болоод манай улсын нэртэй дуучин Эрдэнэтунгалаг хараагүй болох шахаж байсныг манай охид хүүхнүүд уг нь сонссон л баймаар. Гэсэн ч огт тоолгүй явуулын солонгосуудад найдан давхраа хийлгээд эцэстээ хоёр өөр нүдтэй болсон, арьсны харшилтай болсон, нүдний янз бүрийн согогтой болсон өчнөөн хүмүүс байгаа аж. Эргээд нөгөө солонгос эмчдээ хандах гэхээр хаанаас яаж олж уулзахаа мэдэхгүй, энд бүртгэж зуучилсан монголчуудтайгаа уулзахаар нэг бол өөрт нь буруу өгөөд үгүй бол утасныхаа дугаарыг солиод бүрмөсөн сураг алдардаг юм байна. Эрүүл мэндээрээ хохирч үлдсэн хүмүүс хаана хэнд хандахаа мэдэхгүй тэвдэж явдаг болжээ. Хүүхнүүдээс гадна манай эрчүүд ч гэсэн луйварчин солонгосуудын золиос болох үзэгдэл ихэсчээ. Тэд бэлэг эрхтэн томруулна гэсэн зарын дагуу холбогдоход солонгос эмч хөвчийг нь тасална гэх юм уу бэлэг эрхтэний үзүүрт силикон суулгуулна гэж хэлдэг юмсанж. Ингээд агуу том эрхтэнтэй болох гэж мөрөөдсөн эрчүүд мөн л солонгос эмчийг тэсэн ядан хүлээж байгаад ирэнгүүт нь гүйж очоод эцэст нь хоёрын хооронд өвчин зовиуртай үлддэг болжээ. 

Гэхдээ түүнийгээ бусдад хэлэхээсээ ичиж зовнин тас нуусаар өнгөрдөг юм байх. Бүр аргаа барсан тохиолдолд монгол эмч нартаа хандан эр хүний данснаас арай ч хасагдчихалгүй нэг юм аргалуулдаг болжээ. Ийнхүү монголчуудын эрүүл саруул, гоё ганган, эрч хүчтэй болох гэсэн хүсэл эрмэлзэл дээр харийн доншууч луйварчид тоглоод эхэлсэнийг холбогдох газрууд анхаарах хэрэгтэй байна. Нэн ялангуяа нэг сарын визтэй орж ирээд элдэв янзын мэс ажилбар хийж байгаа мөн тархи кодолж байгаа гэх луйварчдыг зараар мөшгөн барьж хохирсон монголчуудынхаа гомдлыг барагдуулах цаг болсон мэт. Эс тэгвэл тэд улам даварч, улам олон хүнийг хохироох нь эргэлзээгүй.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан