З.Энхболд: Цаг алдалгүй барилгыг дуусгасан бол олон хүнийг аврах байсан

Хавдрын өвчлөл Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд анхаарал татаж байна. Монгол Улсад жилд 5 мянга гаруй хүн хавдар өвчтэй болох нь оношлогдож, 3 мянга гаруй хүн нас барж байна. Энэ тоо л анхаарал татахуйц, сэтгэл зовнихуйц асуудал болсныг ямар нэг тайлбаргүйгээр илэрхийлж байгаа юм.

Засгийн газар, Улсын Их Хурлаас Хавдар судлалын үндэсний төв эмнэлгийг өргөтгөх, Австрийн зээлээр тоног төхөөрөмж нийлүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ маш их цаг хугацаа алдсан байна. Тоног төхөөрөмж нь ирсэн хэдий ч байшин баригдаж дуусаагүй учир хадгалагдаж байгаа. Иргэд уг асуудалд санаа зовниж, энэ аянд идэвхтэй оролцож байгаа нь сайн хэрэг. Үүнд шаардагдах хэдэн тэрбум төгрөгийг иргэдийн хандиваар босгоно гэдэг боломжгүй зүйл. Иргэдэд тийм үүрэг ч байхгүй. Хамгийн гол нь асуудлыг хөндөж олон нийтийн болон төр засгийн анхаарлын төвд оруулж, бага ч болов хандив өргөж, сэтгэлийн дэм үзүүлж байгаа нь чухал ач холбогдолтой.

Улсын Их Хурлын гишүүд Хавдар судлалын үндэсний төвийн бодит байдалтай танилцахад эмнэлгийн өргөтгөлийн барилгыг яаралтай дуусгах, зарим тоног төхөөрөмж худалдан авахад  дэмжлэг үзүүлэхийг хүссэн байсан. Улсын Их Хурал бодит байдалд дүгнэлт хийж барилгын өргөтгөлийн 2015 оны төсвийн үлдэгдэл нэг тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр олгож, үлдсэн 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2016 оны төсөвт тусгахаар шийдсэн. 

Нэгэнт төсөв хөрөнгө нь Улсын Их Хурлаар батлагдсан асуудалд Эрүүл мэнд, спортын яам сэтгэл гаргаж, санаачлагатай ажилласан бол өнөөдөр асуудлыг ийм түвшинд хүндрүүлэхгүйгээр шийдээд ажиллах боломж байсан юм. Анх 3.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтөй эхэлсэн Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилга 2013, 2014 онд зогсож, төсөвт өртөг нь 5.5 тэрбум болж өссөн байна. Гэхдээ өссөн дүнгээс үл хамааран уг ажлыг бүрэн хэмжээгээр санхүүжүүлж, дуусгах шийдвэрийг Улсын Их Хурал гаргасан. 2012 онд Улсын Их Хурлаар баталсан Австрийн зээлийн хөрөнгөөр авах тоног төхөөрөмж дөнгөж 5 хоногийн өмнө ирсэн байна. Цаг хугацаа алдалгүй 2 жилийн өмнө барилгын ажлыг дуусгаж, тоног төхөөрөмжөө ашиглаж чадсан бол олон хүний амь насыг аварч болох байсан. Тийм учраас Эрүүл мэнд, спортын яам батлагдсан хөрөнгөөр барилгын ажлыг яаралтай дуусгаж, тоног төхөөрөмжийг угсарч ашиглалтад оруулахад хатуу хяналт тавьж ажиллах хэрэгтэй.

Энэхүү аяныг өрнүүлж Улсын Их Хурлын гишүүд биднийг урьж санал бодлоо солилцож байгаа “Цензургүй яриа-хавдрын эсрэг” аяны хамт олонд баярлалаа. Та бүхний санал санаачлага үр дүнд хүрч байгаад баяртай байна.  Эцэст нь иргэн бүхэн  өөрийнхөө  эрүүл мэндэд анхаарч, хавдраар өвчилж болох бүх эрсдэлээс хамгаалж сурах нь Та бүхний  хавдрын эсрэг аянд оруулж байгаа том хөрөнгө оруулалт. Бид өндөр өртөгтэй байшин бариад, үнэтэй тоног төхөөрөмж худалдаж аваад, алтан гартай эмч нар ажиллахаас илүү хүн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарах нь хамгийн чухал болохыг  онцлон тэмдэглэж байна. 

        Анхаарал тавьсанд баярлалаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан