“Рио”-гийн гэдийлт:Үнэ унасан ч үйлдвэрлэлээ бууруулахгүй

“Рио Тинто”-гийн зэс болон нүүрсний группын тэргүүн Жан Себастьян Жак үйлдвэрлэлийн металлын өнөөгийн үнэ үндсэн үнийг бодитоор илэрхийлэхгүй байгаа ч үйлдвэрлэлийн гарцыг бууруулахгүй гэж мэдэгджээ.

Хятадын эдийн засгийн бууралттай холбоотойгоор үйлдвэрлэлийн металын үнэ сүүлийн таван жилийн доод хэмжээнд хүрсний дараа “Рио”-гийн өрсөлдөгч болох “Гленкор”  цайрын үйлдвэрлэлээ бууруулна гэсэн мэдэгдэл хийсний дараа ноён Жак дээрх мэдэгдлээ хийсэн юм.

“Рио” болон “Би Эйч Пи Биллитон” үнийн энэ удаагийн уналтын үеэр үндсэн металлуудын үйлдвэрлэлийг нэмэгдүүлсээр байгаа бөгөөд үйлдвэрлэл нь бага зардалтай учир зах зээл дээрх хувиа тогтвортой барих боломжтой болж байгаа юм. Энэ нь зардал өндөртэй үйлдвэрлэгчдэд  нилээд цохилт болох нь тодорхой.

Зэсийн үнэ аажмаар унаж байгаа энэ үед “Рио Тинто” Монгол улсад хэрэгжүүлж буй зэсийн аварга том төсөлдөө тэрбум тэрбумаар хөрөнгө хаяж, уурхайн хоёр дахь шатыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

 LME Week-д өгсөн ярилцлагадаа ноён Жак “Яагаад би багасгах ёстой гэж” гээд “Бага хөрөнгөтэй, бага ашигтай төслүүдтэй бол ашиг багатай тайлан гарах нь тодорхой, тэгээд ч удахгүй асуудал үүсэх нь тодорхой” гэжээ.

Харилцаа холбоо, сүлжээ, цахилгаан бараанд өргөн ашиглагддаг дэлхийн эдийн засгийн чиглүүлэгч үзүүлэлтүүдийн нэг болох зэсийн үнэ Хятадын эрэлт суларсны улмаас энэ жил 20 хувиар унаад байна. Хятад улсын зэсийн эрэлт дэлхийн нийт хэрэглээний 40 орчим хувийг эзлэдэг.

Энэ уналт нь уул уурхайн хувьцааны үнийн огцом уналтын үндсэн нэг шалтгаан болж байгаа юм. “Гленкор”-ын хувьцааны үнэ л гэхэд 2015 онд 55 хувиар буураад байна.

Үүний хариуд уурхайчид үйлдвэрлэлээ хязгаарлаж зардлаа хэмнэж байна. “Гленкор” Конго болон Замби дахь уурхайнуудын зэсийн үйлдвэрлэлийг 400 мянган тонноор бууруулах төлөвлөгөгөө олон нийтэд танилцуулжээ. Үүнээс гадна “Фрипорт МакМоран”, “Асарко” болон “ОК Теди” зэрэг компаниуд зарим уурхайнуудаа хааж, үйлдвэрлэлээ бууруулснаа зарлажээ.

Ноён Жак мөн Хятадын эдийн засгийн уналт хийгээд Хятадын Засгийн газар хэрэглэгчдээс хамааралтай эдийн засаг руу шилжих шилжилтийг зохицуулахад ямар арга хэмжээ авах нь асуудалтай хэвээр байгаа талаар дурьджээ. Тэрээр энэ оны хоёр дахь хагас эхний хагасаас илүүтэйгээр нөхцөл байдлыг тодорхой болголоо гэжээ.

“Рио” Хятадын хайлуулах үйлдвэрүүдэд зэсийн баяжмал нийлүүлж буй Монголын өмнийн говьд орших Оюутолгойн уурхайгаар дамжуулан Хятадын зах зээлийн талаар шууд мэдээлэл авч буй. Тус компани нийт орлогынхоо 20 орчим хувийг металлаас бүрдүүлдэг.

Ямартаа ч ноён Жак ойрын хугацаанд зэсийн үнэ өсөх магадлал бага гэж хэлээд үнэ тогтворгүй хэвээр байна гэжээ.

Ирэх жил харин эрэлт нийлүүлэлтээсээ давахад үнэ нэмэгдэх магадлалтай гэж тэр хэлээд 2025 он гэхэд 6-8 сая тонн зэсийн хомсдол үүснэ гэж “Рио” үзэж байгааг хэлэв.

Орчуулсан Б.Марал

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан