Амлалтаас амлалтын хооронд ард түмэн л туйлджээ

Цаг хугацааг ухрааж болохгүй ч эргэж санах боломжтой. Улс төрийн намууд 2016 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд бүртгүүлж буй энэ цагт 2012 оны зарим үйл явдлыг нэхэн санъя. Тэр үед эрх баригч АН-ынхан ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь "Эдийн засгийн хувьсгал” гэж зарлаж байлаа. Бүр "Хүн шиг амьдарч, улс шиг хөгжье” гэж тунхаглаж байсан цаг л даа. Гэвч тэдний амалсан биелсэн үү, бидний амьдрал дээрдсэн үү гэж асуух цаг болжээ.

2012 оны амлалтаас 2016 оны амлалтын хооронд Монголд юу өөрчлөгдөв. Өсөлттэй байсан эдийн засаг унаж, түүхий эдийн ханш буурч, иргэдийн амьжиргаа дордлоо. Иймэрхүү уруудсан, унасан жишээ захаас аваад бишгүй олон байна. Бас өсч байгаа зүйлс ч бас бий. Тухайлбал ам.долларын ханш өслөө, бараа бүтээгдэхүүний үнэ өслөө, гадаад өрийн хэмжээ өслөө. Энэ бол сайн үзүүлэлт биш. Ард түмэнд амлаж байснаа биелүүлсэн бол өнөөдөр эдийн засаг ингэтлээ унахгүй, иргэдийн амьдрал ийм болтлоо дордохгүй байх байв. Цөөхөн жишээгээр тэд юу амлаж байсныг сануулж, тэр нь хэрэгжсэн үү гэдгийг асуумаар байна.

Ардчилсан намын "Монгол хүн - 2020” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ гэж амалсан зүйл бол эдийн засгийн хувьсгал. Үйлдвэрлэл барьж, нэмүү өртөг шингээж, түүхий эдээ боловсруулж дэлхийн зах зээлд гаргахыг "Эдийн засгийн хувьсгал” гэсэн гуравхан үгээр тэд томъёолж байсан юм. Үүндээ хүрэхийн тулд үйлдвэрлэлийн паркууд байгуулна гэсэн амлалтыг ард түмэнд өгч байлаа. Өчнөөн олон зуун жишиг үйлдвэрээс гадна Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна гэсэн нь тэдний гол амлалт юм.

Цаасан дээр хэдэн янзын макет хийсэн Сайншандын аж үйлдвэрийн парк амьдрал дээр "Мянгуужингийн үлгэр” шиг болсныг бүгд л мэдэж байгаа. Тэнд жилд хагас сая тонн кокс боловсруулах үйлдвэр боссонгүй. 850 мянган тонн бензин, 85 мянган тонн шингэн байгалийн хий үйлдвэрлэх хүчин чадалтай нүүрс шингэрүүлэх үйлдвэр ч баригдсангүй. Жил бүр 660 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэр боломжтой зэс хайлуулах үйлдвэрийн сураг ч гарсангүй. Энэ мэтчилэн төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр, 600-800 мВт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц, Сайншандын төмөр зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн зангилаа ч бий болсонгүй. Ердөө л боссонгүй, бүтсэнгүй, баригдсангүй. Бүхэлд нь дүгнэвэл улсаараа өрөнд орсныг л эдийн засгийн хувьсгал гэхгүй юм бол "Эдийн засгийн хувьсгал”-аа тэд хийж чадсангүй.

Сайншандын аж үйлдвэрийн парк бол АН-ын 2012 онд өгч байсан хэдэн зуун амлалтын зөвхөн нэг нь. Үүн шиг үйлдвэр босгоно гэсэн амлалт өчнөөн байгаа ч олигтой хэрэгжсэн зүйлс үнэндээ алга. Ийм жишээг цааш үргэлжлүүлье.

"Монгол хүн - 2020” хөтөлбөрт "Эрчим хүчний нүүрсний уурхайнуудыг түшиглэн аймгуудад дулааны болон эрчим хүчний цахилгаан станц байгуулна” гэж тусгагджээ. Гэвч бодит амьдрал дээр нүүрсний ордуудаа ашиглан нэг ч цахилгаан станц барьсангүй. Нөгөө аж үйлдвэрийн парк байгуулж, 600-800 мВт-ын эрчим хүчний цахилгаан станц байгуулах ёстой Дорноговь аймагт нь л гэхэд XXI зуун гарчихаад байхад найдвартай цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй хоёр сум байна.

Тэдний хэрэгжээгүй амлалт энэ мэт цааш үргэлжилнэ. Жишээлбэл "Замын Үүд” эдийн засгийн чөлөөт бүс, "Алтанбулаг” болон "Цагааннуур” худалдааны чөлөөт бүсүүдийн дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгана. "Чойр” ложистикийн төвийн эхний ээлжийн дэд бүтцийг барьж байгуулна” гэж амалж байлаа. Гэвч мөрийн хөтөлбөрт туссан энэ зорилт бас л хэрэгжсэнгүй, бүтсэнгүй, боссонгүй.  

Энэ мэтээр АН-ынхан нэг амлалтаас нөгөө амлалтын хооронд юу ч хийсэнгүй. Харин ч өмнөхөө биелүүлээгүй байж өшөө олныг нэмж амалсаар л байна. Үр дүн даанч гарсангүй. Мөрийн хөтөлбөр нь ердөө л мөрөөдлийн жагсаалт болон хувирчээ.

 

Б.ИРМҮҮН

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: Zaluu.com

Шинэ мэдээ
Их уншсан