Японд газар хөдлөлтийн дараах дайвар чичиргээ 1000 гаруй удаа бүртгэгджээ

Японы баруун өмнөд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 2 долоо хоног өнгөрч байна. Гэсэн хэдий ч тус бүс нутагт хүчтэй дайвар чичиргээ үргэлжилж, мөн ширүүн борооны улмаас хөрсний гулгалт үүсэх эрсдэл нэмэгдэж байгааг холбогдох албаныхан анхаарууллаа. Та бүхэнд эргэн сануулахад, энэ сарын 14-нд Кумамото мужид 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм.

Үүнээс 2 өдрийн дараа тус бүс нутагт дахин 7,3 магнитудын газар хөдлөлт бүртгэгдсэн. Эдгээр газар хөдлөлтөөс хойш Кумамото мужид дахин 1000 гаруй тооны дайвар чичиргээ мэдрэгдсэн талаар Эн-Эйч-Кей суваг мэдээлж байна. Иймээс дахин хүчтэй чичиргээ болох аюул байгааг харгалзан бүс нутгийн ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг холбогдох албаныхан анхааруулжээ.

 

Газар хөдлөлтийн үеэр 49 хүн амь үрэгдсэнийг албаныхан баталгаажуулаад байна. 1 хүн одоог хүртэл ор сураггүй хэвээр байгаа юм. Нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдсан хүмүүсээс сүүлийн хоногуудад 16 хүний биеийн байдал муудаж, нас барсан мэдээтэй байна. Тэдний үхлийн шалтгаан нь таагүй орчин нөхцөлд хоног төөрүүлж байснаас үүдэн өвчилсөн, эсвэл хууч өвчин нь сэдэрсэнтэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа юм.

Кумамото мужид 13 мянган барилга байшин эвдэрч, нурсан байна. Мөн 33 орчим мянган хүн өнөөг хүртэл түр орогнох байруудад байрласан хэвээр байгаа юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mnb.mn

Шинэ мэдээ