Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдсонд баяр хүргэлээ

 

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /аравдугаар сарын 29.Пүрэв гараг/ нэгдсэн хуралдаан 9 цаг 48 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд гишүүдэд нэгэн таатай мэдээ дуулгасан юм. Тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганы үеэр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуульд манай улс НҮБ-ын гишүүн 172 орны саналыг авч, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсоныг гишүүдэд дуулгаад олон жилийн идэвх чармайлтын үр дүнд Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн энэхүү нэр хүндтэй сонгуульд амжилттай оролцсонд Гадаад хэргийн сайд болон тус салбарын хамт олонд баяр хүргэлээ.

Ази, Номхон далайн бүс нутагт ногдож буй 5 суудлын төлөө нийт 7 орон өрсөлдсөнөөс Монгол Улс хамгийн олон санал авсан байна. Ингэснээр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр 2016-2018 онд ажиллах бөгөөд хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд шийдвэр гаргах түвшинд ажиллах боломжтой болж байгаа аж. Манай улстай өрсөлдсөн Арабын Нэгдсэн Эмират Улс 159, Киргиз 147, БНСУ 136, Филиппин 113 улсын санал авчээ.

Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Энэ оны төсвийн хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар эхэлж, Төсвийн байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн санал, дүгнэлтийг сонссон юм.

Ингээд төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийн талаарх Төсвийн байнгын хорооны болон Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүдийн санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Л.Болд, Ц.Нямдорж, Я.Содбаатар нар Сангийн сайд болон Төсвийн байнгын хорооны дарга, тус байнгын хорооны ажлын хэсгээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм.

Дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульдт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хүний хөгжил, Нийгмийн даатгалын сангуудын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хурааж шийдвэрлэв. Төсвийн орлого бууруулах чиглэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн улсын төсвийн орлогын төлөвлөгөөг 51,1 тэрбум төгрөгөөр бууруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Д.Наранхүү, М.Сономпил, Б.Чойжилсүрэн нар гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9 хувь нь дэмжив. Харин урсгал зардлыг бууруулах чиглэлээр улсын төсвөөс санхүүждэг бүх төсөвт байгууллагуудын 2015 оны 11, 12 дугаар саруудын төлөвлөгдсөн цалингаас бусад тэвчиж болох /бичиг хэрэг, тээвэр, шатахуун, шуудан холбоо, интернетийн төлбөр, ном, хэвлэл, хог хаягдал зайлуулах, хортон мэрэгчдийн устгал, ариутгал, бага үнэтэй, түргэн элэгдэх, ахуйн зүйлс, нормын хувцас, зөөлөн эдлэл, багаж, техник хэрэгсэл, тавилга, хөдөлмөр хамгааллын хэрэглэл, урсгал засвар, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, бусдаар гүйцэтгүүлсэн бусад нийтлэг ажил, үйлчилгээний төлбөр, хураамж, аудит, баталгаажуулалт, зэрэглэл тогтоох, даатгалын үйлчилгээ, тээврийн хэрэгслийн татвар, тээврийн хэрэгслийн оношилгоо, мэдээллийн технологийн үйлчилгээ, бараа үйлчилгээний бусад зардал, бусад ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал, нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал/ урсгал зардлыг дахин 15-20 хувь бууруулах замаарнийт 8,089.8 сая төгрөгийг бууруулах саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувь нь дэмжлээ. Мөн урсгал зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр төрийн өндөр албан тушаалтантай адилтгах төрийн албан тушаалтны зэрэг, зиндаанд хамаарахгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 6.1.14, 6.1.15-д заасан улс төрийн албан хаагчид болон сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, баг, хорооны Засаг даргын цалинг 30 хувиар бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан төсөвт 1,599.3сая төгрөгийг нэмж тусгахаар ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүдийн 81.7 хувь нь дэмжив. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дэмбэрэл төрийн өндөр албан тушаалтны цалинг 30 хувиар бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан хасагдсан цалингийн зардлыг төсөвт нэмж тусгах санал гаргасан нь гишүүдийн 73.3 хувийн дэмжлэг авсан юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын багц дахь Улсын драмын эрдмийн театрын урсгал зардалд шаардагдаж буй 100.0 сая төгрөгийг нэмж тусгах санал дэмжигдлээ.

Харин хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх чиглэлээр төсвийн тодотголд хасаж тусгагдсан "Соёлын төвийн барилга /Төв, Баянцагаан сум/, хэрэгжих хугацаа 2015-2016 он, төсөвт өртөг 1,000.0 сая төгрөг, 2015 онд санхүүжих дүн 462.0 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээг нэмж тусгах; Төслийн 3 дугаар хавсралтын 63 дугаарт тусгагдсан "Увс аймгийн төвийн авто замын барилгын ажил, хэрэгжих хугацаа 2014-2016 он, төсөвт өртөг 27,400.5 сая төгрөг, 2015 онд санхүүжих дүн 611.5 сая төгрөг" гэсэн төсөл арга хэмжээний 2015 онд санхүүжих дүнг "7,455.6 сая төгрөг" гэж өөрчлөх; Төслийн 3 дугаар хавсралтын 160 дугаарт тусгагдсан "Гэр хорооллын инженерийн шугам сүлжээ, /Хөвсгөл, Мөрөн сум/, хэрэгжих хугацаа 2013-2016 он, төсөвт өртөг 5,000.0 сая төгрөг, 2015 онд санхүүжих дүн 648.1 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээний "2015 онд санхүүжих дүнг 1,500.0 сая төгрөг" гэж өөрчлөх; Хөрөнгө оруулалтын хавсралтын IX.1.1.41 дэх заалтын "Цэцэрлэгийн барилга, 100 ор /Дархан-уул, Дархан сум, 15 дугаар баг, Мангирт хороо/, хэрэгжих хугацаа 2015-2015 он, төсөвт өртөг 1000.0 сая төгрөг, 2015 онд санхүүжих 152.7 сая төгрөг" гэсэн төсөл, арга хэмжээний "Мангирт хороо" гэний дараа, "Хабитат" гэж нэмэн төсөвт өртөг болон 2015 онд санхүүжих дүнг тус тус "1250.0 сая төгрөг" гэж өөрчлөхөөр ажлын хэсгээс гаргасан саналуудыг Төсвийн байнгын хороо дэмжжээ. Эдгээр саналын тухайд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ийм үед хөрөнгө оруулалтын зардлыг нэмэх боломжгүй, иймээс ажлын хэсэг саналаа татаж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай гишүүд нэлээд байв. Энэ талаар ажлын хэсгээс энэ нь шинээр нэмэгдүүлж байгаа хөрөнгө оруулалт биш, ажил нь хийгдчихсэн, 2015 оны төсөв болон тодотголд суусныг Сангийн яам хассан байсныг дахин тусгаж оруулж ирж байгаа хэрэг, нөгөө талаар энэ нь төсвөөс биш Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх обьектүүд гэсэн хариулт өгсөн юм. Ингээд санал хураалт явуулахад хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхтэй холбогдсон зарчмын зөрүүтэй дээрх 4 саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Мөн хөрөнгийн зардлыг бууруулах, дотор нь зохицуулалт хийх, түүнчлэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжүүлэх хугацааг өөрчлөхтэй холбогдсон саналуудаар санал хурааж шийдвэрлэв. Түүнчлэн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Байнгын хорооноос эдгээр хуулийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдлээ.

Ингээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сан, Нийгмийн даатгалын сангуудын 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Чуулганы нэгдсэн хуралдааны дараа байнгын хороод хуралдах юмгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан