Өгүүллэг: Мессэж

Бадрал өглөө босч нүүр гараа угаан, холцорч хуучирсан данхандаа ус хийн гал дээр тавиад цонхоор харж хэсэг зогсов. Сааралтсан цасан бүрхүүлтэй дүнсгэр гудамжаар хүмүүс ажил төрөл амин хэргээ бүтээхээр холхилдож, хүйтэнд осгон бөөвийсөн бор шувууд бас л энэ өдрийн төлөвлөгөөгөө ярилцан жиргэнэ. Дэлгүүрийн үүдэнд Бадралын сүүлийн хэдэн сар зугатаж дөлсөн хэсэг нөхөд даарсан шинжтэй хэн нь шарыг нь тайлж буян болох бол гэсэн горьдлогын харцаар ойр холуур өнгөрөх хүмүүсийг угтаж үднэ. Үнэндээ олон жил ийнхүү дэлгүүр сахин зогсож, жил жилээр эгнээ нь нимгэрэн цөөрөх тэдэнд хавийн хүмүүс мөнгө хялайлгах нь үгүй шахам болсон ч, итгэл найдвар хамгийн сүүлд бөхдөг, хааяа нэг аз гийдэг тул тэд өглөө болон үдээс хойш тарвага мэт гараандаа гарна. Олсон бор дарсаа бие биенээсээ харамлаж ихэнхдээ талцан муудалцана, түлхэлдэн барилцах үе ч олон. Олз үнхэлцгэнд ормогц түр зуур тарж бутарсан талууд буцан нийлж, өөр “вариант” үүсэхэд “фракцууд“ шинээр эмхлэгдэн, хуваарилалтын маргаан дахин гарах нь улс төрчдийг санагдуулам. 
“Өнөөдрөөс эдэн дээрээ л эргэн очих байх даа” хэмээн Бадрал санаа алдан бодол ургуулав. Гадаад дотоодод боловсрол эзэмшиж, гэр бүлтэй мөр бүтэн явсан нь аравхан жилийн өмнө боловч зүрх сэтгэлээс хулжин оджээ. Гурван өрөө цэлгэр том байр нь ч агшин жижгэрсээр умгар ганц өрөө болж, ихэнхдээ хоног төөрүүлэх оромжийн үүрэг гүйцэтгэнэ. Англи хэл муугүй эзэмшсэн Бадрал хааяа нэг орчуулга хийн, хөөрхөн мөнгө олдог тул ойр хавийн архичдын дунд бас ч гэж нэр хүндтэй, төлбөрийн чадвартай нэгэнд тооцогдоно. Хувилчихсан мэт ижилхэн бор өдрүүд ийнхүү хөвөрсөөр нэлээд хэдэн жилийн нүүр үзжээ.
Гурван сарын өмнөхөн нэгэн шөнө Бадрал хөлчүү зүүдэндээ талийгч эцэгтэйгээ уулзжээ. Бүхий л насаараа хүний хүүхдийг сурган хүмүүжүүлсэн түүний аав насны эцэст өөрийг нь зовоосон хүнд өвчинд шаналсан дүрээрээ ганц хүүгийнхээ зүүдэнд ирэхдээ, “Миний муу хүү уг нь сайхан сэтгэлтэй, мэдлэг чадвартай л хүн юмсан. Чиний амьдрал ийнхүү хоосон өнгөрөх ёстой гэж үү? Өөрийн замаа олоход оройтно гэж байдаггүй юм шүү” гэж хэлээд духыг нь үнэрлэн зүүднээс нь оджээ. Хөлсөө гоожуулж амь тэмцэн сэрсэн Бадрал үлдсэн архиа нэг амьсгаагаар хөнтрөөд барагтайд гаргадаггүй нулимсаа асгаруулан уйлж, үүр цайтал өрөөндөө холхив. Өглөө болмогц тавиур дээрх номын завсар нуусан мөнгөө авч, ойролцоох дэлгүүрээс жаахан хүнс, гэр орноо цэвэрлэх угаалгын нунтаг тэргүүтэн, хэмхэрч эвдэрсэн зөөврийн компьютерийнхээ оронд хуучин ч хамаагүй арай дөмөг нэгийг авах санаатай “Зар мэдээ” сонин авч харилаа. Бүтэн өдөр гэр орон, хувцас хунараа угааж цэвэрлээд, тааз ширтэн орон дээрээ хэсэг хэвтэв. “Гэр орныг ч яахав янзалж болдог юм байж, цаашдын амьдралаа яана даа. Тавь дөхөж буй хүнийг хаана ч ажилд авахгүй, хуримтлуулж цуглуулсан хөрөнгө мөнгө байхгүй, тусалж дэмжих хамаатан садан бүр ч үгүй. Ёстой л нэг бодоод бодоод бодын шийр дөрөв юм даа”.
Бадрал дэлгүүрийн дэргэдүүр сэлгүүцэх найзуудаа цонхоор ажиглан, худалдаж авсан сониноо эргүүлэн харвал түүний авч дийлэх зөөврийн компьютер үгүй аж. Аяга кофе хийж аваад мөн л цонхныхоо тавиур дээр хөмсгөө атируулан гуниглан суухуйд тохой нь өвдөг дээрээс нь халган сонин дээр баахан кофе асгарав. Харин аман дотроо хараал бувтнан асгарсан кофег арчихдаа олж харсан нэгэн зар түүнийг сүүлийн гурван сарын турш хуучин амьдралаас нь хөндийрүүлж орхисон юм. “Найдвартай хүнээр долоон настай эрэгтэй хүүхдэд хичээл заалгаж, англи хэлний хоцрогдлыг арилгуулна” гэсэн зарын дор Бадралын гар утасныхаас ганцхан тоогоор зөрүүтэй дугаар бичсэн байсан нь түүний анхаарлыг эрхгүй татжээ. “Манийг хараад ямар дүүрчихсэн эцэг эх найдвартай гэхэв дээ” хэмээн үглэсээр сонингоо хогийн сав руу чулуудан, удтал цугларсан хогоо гаргаж хаялаа. Хоол хийж идэн зурагт хэсэг харснаа, цонхоор дахин шагайв. Найзуудын бараа дэлгүүрийн өмнө үл үзэгдэнэ.
Зарын сонин дээр байсан өөрийнхтэй нь ижил шахам утасны дугаар санаанаас нь ерөөс гарах шинжгүй. Бадрал гэнэт зориглон гар утсаа шүүрэн авч нөгөө дугаар луу залган, “Зарын дагуу ярьж байна” хэмээн бүдчин хэлэхэд нэгэн эмэгтэй,”Сургууль төгссөн дипломоо аваад маргааш ирж уулзана уу” гэж товчхон хариулаад хаягаа хэлж өгөв. Эмэгтэйн гэр холгүй бөгөөд Бадрал дотроо, “Намайг энэ хавиар архи эргүүлж тэнэж явдгийг хараа байлгүй дээ, энэ ч бүтэхгүй ажил байна” гэж бодсоор ойрд унтаагүйгээр бөх нойрсоод өглөө. Маргааш нь удтал хэрэглээгүй костюмаа индүүдэж өмсөөд, гутлаа шинээс нэг их дутахааргүй харагдахаар тосолж углаад толины өмнө хэсэг зогслоо. Жаахан сэтгэл дундуурхан янзтай ярвайж, цонх руугаа дөхөн хараваас нөхөд нь нэгэнт дэлгүүрийн гадаа “ажилдаа” цуглажээ.. Бадрал гарч тэдэнд дөхөж очвол “Сахал” Ганаа, “Шүдгүй” Сандаг, “Пээдгэр” Энхээ гурав халамцуухан мушийж угтав. Энхээ “За дэгжин залуу, авгай авч хурим хийхээр явна уу” гэж яриа өдвөл Бадрал, “Үгүй ээ, өнөөдөр хүүхдийн үсний найртай” хэмээн бултаж, бүгдийг нь тамхиар дайлан цааш алхасаар зарлалд заасан байрны хажууд ирлээ. Нэг л мэдэхэд өөрөөс нь арай дүү гэмээр царайлаг бүсгүй, эгдүүтэй бондгор хүүгийн өмнө сууж байв. Бүсгүй түүн рүү сонжсон маягтай харснаа, Бадралын дипломыг хайнгадуу хялайн, “За, би эргээд Тань руу ярьж хариугаа хэлье” гэхэд Бадралын сэтгэл яагаад ч юм нэг их сайхан уужран тэрээр яаран сандран гарч одлоо. Орцны гадаа тамхиа асаачихаад цааш алхах гэтэл дээрээс нь эмэгтэй хүний хоолой дуугарч “Уучлаарай хүн гуай, Та буцаад ороод ирэхгүй юу?” гэхэд Бадрал дээшээ дурамжхандуу гарахул бүсгүй түүнийг дахин сүрхий ажив. Харин хүү Бадрал рүү нууцаар нүдээ ирмэн инээмсэглэжээ. 
Чухамхүү энэ өдрөөс эхлэн Бадрал долоон настай хөөрхөн ааштай бандгар хүүгийн англи хэлний “хоцрогдлыг арилгагч багш” болсон юм. Эхний хэдэн өдөр баахан бишүүрхсэн ч сүүлрүүгээ түүнтэй нэлээд дотноссон Тэнүүн уг нь толгой сэргэлэн ч ойролцоо насны бусад хүүхдийн адил тоглож наадах дуртай, залхуудуу банди аж. Гэрийн даалгавар шалгахад жижигхэн духаа үрчийлгэн дээш харж, аанай л дээд тоо бодох гэж буй мэт чармайх дүр исгэх нь нэн өхөөрдмөөр. Тэрээр хичээл давтахдаа хамт тоглохыг гуйна, бас “Та эхнэр, хүүхэдтэй юу?”, “Хүүхэддээ хайртай юу?”, “Таны жинхэнэ ажил юу юм бэ?” хэмээн асууж Бадралыг сандраана. “Манай аав биднийг хаяад явсан”, “Ээж өчигдөр унтахдаа уйлаад байсан” хэмээн гунигтайхан хэлж, элэг зүрхийг нь бас эмтэлнэ. 
Үнэндээ Бадралын охин Тэнүүнээс ялимгүй эгч бөгөөд ээж болон гадаад хүн болох хойт эцэгтэйгээ Америкт амьдардаг билээ. Бадрал хамгийн сүүлд хуучин эхнэр болон охинтойгоо интернэтээр холбогдон охиныхоо царайг амьсгал даран харсныхаа дараа зөөврийн компьютрээ хага шидсэн тухайгаа, өөрийг нь ажилд авдаггүй тул халтуурны орчуулга хийн амь зуудаг болохоо, эсвэл архи уудаг ажил хийдэг гэж шинэхэн шавьдаа хэлэлтэй ч биш тухайн үед нь эвтэйхэн аргалаад л өнгөрөөнө,
Энэ хугацаанд хүү Бадрал хоёр улам ойртон дасч, Тэнүүнийг гэхээс илүү сайн танихгүй багш эрийг харгалзан хянах үүрэгтэй байсан тэдний хамаатны охин ч ирэхээ болив. Бадрал шавьдаа зөвхөн англи хэлээр ч зогсохгүй бусад хичээлд нь тусалж, тэр хоёр ойр зуурхан гарч зугаалдаг болж. Гадна дотно хаана ч явсан Бадрал Тэнүүнийг үргэлж санана. Бүр сургуулийн багш нартай нь уулзаж түүний сурлагын талаар асууж сураглана. Гэтэл үүнтэй зэрэгцэн өөр нэг том асуудал үүслээ...
Тэнүүний ээж Гэрэлцэцэг Бадралаас хэд дүү, тун завгүй ажилтай нэгэн байв. Өдөр бүр хальт уулзах төдий ч бүсгүйн тансаг үнэрт мансуурч, нүдэнд нь хурсан гунигийг үргээн, тайвшруулан энхрийлэх юмсан гэх бодол төрөх болсонд Бадрал ихэд сандарч, жаалхүүд хичээл заах хугацаа дуусах өдөр хоногийг тоолж эхэлжээ. “Ийм сайхан бүсгүй мань шиг амьтныг юу гэж тоохов дээ, үлгэр болгон дуусдаг, 90 хоног ийм хурдан өнгөрөх гэж” хэмээн санаа алдана.
Тийм ээ, өнөөдөр Тэнүүн хүүд хичээл зааж, ээжийнх нь хараа цаламдсан алаг нүд рүү нь нууцхан харц шидэж, бодол санааг нь таах гэж оролдох хамгийн сүүлийн өдөр. Бадрал хувцсаа өмсөн номны завсар хадгалсан жоорноосоо шил архины мөнгө аваад гарч одов. Үлгэр дууссан хойно найз нартаа ганц хоёр юм авч өгөөд буцах замаараа сурсан дуугаа аялаад явна даа гэж бодсоор Гэрэлцэцэгийн хаалганы өмнө ирлээ. 
Ээж хүү хоёр хичээлээ давтан, Тэнүүн “чангалуулж” буй бололтой, багш руугаа аврал эрэх мэт харж, муухан мушилзхыг оролдоно. Бүсгүй, “Өө за, Та хүрээд ирэв үү? Хүүгийн минь сурлагыг зүгшрүүлж өгсөнд чинь яаж талархахаа ч мэдэхгүй байна. Танд баярлалаа” хэмээсээр дутуйтай мөнгө сарвайв. Бадрал хэлэх үгээ олж ядан, мөнгөнөөс нь нэг дэвсгэрт авч Тэнүүн хүүд атгуулаад духан дээрээс нь үнэрлэн, “Та хоёрт бас баярлалаа, баяртай” гэж хэлээд хонгил руу зүгэлтэл жаалхүү араас нь гүйж ирээд тэврэн авчээ. Бадрал улам тэвдэн, “Миний хүү мундаг том эр болоорой. Ах нь хааяа ирж байна аа” хэмээн худал хэлж, цахилгаан шатны товчлуур тэмтчин дарахад Гэрэлээ ирж хүүг чимээгүйхэн авч оров. 
Бадрал, “Ай хөөрхий үлгэр болгон заавал дуусдаг нь жам юм даа” хэмээн тамхиа асаан гүнзгий гээчийн нэг сорж аваад дэлгүүр зүглэв. 
Хотын гудамжинд цасан бүрхүүл хаа нэгтээ ханзарч, урин хаврыг удтал хүлээсэн хүмүүсийн магнай тэнийн, наранд ээсэн бор шувуудын жиргээ хойрго болжээ. Гагцхүү сэтгэл нь улам сааралтсан Бадрал л гунигаа үргээхээр дэлгүүр лүү алхсаар. Төдөлгүй түүний утас дуугарч мессэж ирэхэд Бадрал үл тоомсорлон цааш явсаар дэлгүүрийн дэргэд очсон хойно сая нэг утсаа үзсэнээ огцом эргэж инээмсэглэн алхав. Өөрийнх нь утастай тун төстэй дугаараас Бадралын хүлээн авсан “Та ямар сонин хүн бэ? Ингээд яваад өгөх гэж үү? Хүү бид хоёр таныг хүлээнэ шүү!” гэх тэр мессэжийг зохиогч би энэхүү ярианыхаа төгсгөл болгон уншигч Танд задруулан өгүүллээ.

Baak Monts

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48