Улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийв

Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга гишүүний гаргасан асуулгын дагуу Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар улаанбурхан өвчний талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас явуулсан тогтвортой бодлогын үр дүнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч ирсэн. Өнөөдөр олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр энэ оны гурван сарын байдлаар 5 хүртэлх насны 918 хүүхэд нас барсан мэтээр ташаа мэдээллийг тарааж байна. 2016 оны эхний гурван сард 5 хүртэлх насны 491 хүүхэд эндэсний дотор 1 хүртэлх насны хүүхэд 427 байгаа бол өмнөх онтой харьцуулбал 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 120 хүүхдээр нэмэгдээд байна. 2016 он гарсаар улсын хэмжээнд 16270 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор олон оронд улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч байгаа энэ үед нийт өвчлөлийн 5-10 хувь нь эндэгддэг гэсэн судалгаа байдаг. Халдварт өвчин судлалын төвд улаанбурхан өвчний улмаас 13515 өвчтөн эмчлэгдэж үүнээс эрчимт эмчилгээний тасагт нийт 1431 хүүхэд эмчлэгдлээ. Ийм ачаалал, ийм хүндрэл урд өмнө нь гарч байсангүй. Эхний гурвын сарын байдлаар улсын байдлаар 59 хүүхэд эндэж нас баралтын түвшин 0,3 хувьтай байна. Эндэгдлийн 50 орчим хувь нь хөдөө орон нутагт гарч байна. Эндсэн хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд, 50,8 хувь нь лабораторийн шинжилгээгээр онош нь батлагдсан, нийт эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, суурь, хавсарсан өвчтэй, тухайлбал, тураал, цус багадалт, архит, диатез, төрөлхийн дархалаа дутагдал, уруул тагнай нь сэтэрхий, уналт таталт, төрөлхийн гаж хөгжил, цусны хорт хавдар зэрэг архаг суурь өвчтэй байна. Эдгээрийн 96.8 хувь нь уушигны хатгаа, 3.2 хувь нь ларингитаар хүндэрсэн байна. Улаанбурхан өвчний дэгдэлттэй холбогдуулан Засгийн газар, Эрүүл мэнд, спортын яамнаас олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мэргэшсэн эмч нар ажиллаж, үзлэг хийж зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байна. 2015 оноос хойш 6 сартайгаас 6 хүртэлх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажууллаа. Мөн хоёрдугаар шатны нэмэлт дархлаажуулалтад 948 сая 300 мянган төгрөгийг шийдвэрлүүлж, 627500 хүн/тун вакцин, дагалдах хэрэгслийг НҮБ-ын хүүхдийн санд захиалсанаар вакцин ачигдаад байна. Эмнэлгийн ажилтнуудыг 24 цагаар өндөржүүлсэн нөхцөлд ажиллуулж байна. Бүх орон тоондоо багтааж эмч, сувилагч нарыг хоёр дахин нэмэгдүүлж ажиллуулах зохицуулалтыг хийсэн талаар Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа.

Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Д.Батцогт, Г.Уянга, Ё.Отгонбаяр нарын тавьсан асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Шадар сайд Ц.Оюунбаатар, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон тус яамны эмч, мэргэжилтнүүд хариулт өгсөнөөр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан