Эмийн үнийн зөрүү иргэдийг бухимдуулж байна

Дэлхий нийтэд зайлшгүй шаардлагатай эм болон эмэн бүтээгдэхүүний үнэ хэт өндөр байдаг орнуудыг ДЭМБ-аас судалж, жагсаахад манай улс эхний 10-т багтжээ. Учир нь, манай улс эмийн хэрэглээнийхээ 70-80 орчим хувийг гаднаас импортолдог тул эмийн сангуудад худалдаалах үнэ хэт өндөр байдаг аж. Манай улсад эм бэлдмэлийн үнийг зохицуулах хууль тогтоомж, журам байдаггүйгээс сүүлийн үед эмийн үнэ нэмэгдэх болсон. Нэг ёсондоо эмийг оруулж ирж буй аж ахуйн нэгж, байгууллага хүссэн үнээ тогтоодог гэсэн үг.

 

Тиймээс эмийн үнийн асуудал иргэдийн бухимдлыг багагүй төрүүлдэг. Ялангуяа хаврын улиралд хүмүүсийн дархлаа суларч, ханиад томуу ихэссэнээс эмийн эрэлт нэмэгдэж, үнэ нь өсдөгийг хэлэх иргэд цөөнгүй.

 

Нэг үнээр импортолж, ижил унаагаар тээвэрлэж, адил татвар төлсөн эмийг эмийн сангууд өөр үнээр зардаг. Өөрөөр хэлбэл, гэр хорооллын эмийн сангууд хотын төвийн эмийн сангуудаас 300-1000 төгрөгөөр хямд эмээ худалдаалдаг. Мөн томоохон эмнэлгүүдийн дотор байрладаг эмийн сангуудын эм хэтэрхий өндөр байдаг нь иргэдийг багагүй бухимдуулдаг.

Энэ талаар албаны хүнээс тодруулахад, эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа үнэ дээр хяналт тавьж, эмийн сангуудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн гэсэн хяналт шалгалтыг хийдэг. Үнийн зөрүүний асуудал байдаг нь үнэн гэхдээ бидэнд “танайх тэр эмээ тэдэн төгрөгөөр зар” гэж хэлэх эрх байдаггүй гэсэн юм.

 

Уг нь иргэдийнхээ амин чухал хэрэгцээ, эрүүл мэндтэй холбоотой асуудлыг төр үнийн цогц бодлогоор зохицуулах хэрэгтэй. Мэдээж зах зээлийн өрсөлдөөн дунд үнэтэй, хямдхан байна уу гэдэг асуудал биш. Хоёр өөр үнэтэй эм байлаа гэхэд иргэд өөрсдөө сонгоно. Гэхдээ төр үнийг төвшинг тогтоох, эсвэл татварын бодлогоор зохицуулалт хийж болох юм.

 

Мөн өвдсөн нэгэн эмчид хандахад, эмч үзээд жор бичиж өгөөд энэ эмийг тэр эмийн сангаас авна шүү гэдэг. Гэтэл эмч, эмийн санч хоёрын хооронд бизнесийн харилцаа аль хэдийн үүсчихсэн. Үүнээс болж иргэдийг хохироодог асуудал сүүлийн үед ихээр гарах болсон. Хамгийн ойрын жишээ дурдахад, Гэмтлийн эмнэлэгт ихэвчлэн осол аваарт орсон, яаралтай хагалгаанд орох хүмүүс ирдэг. Гэтэл эдгээр хүмүүст маарал, бэнтээс авахуулаад авах зүйл их. Тэгтэл тэр том эмнэлэгт ганц л эмийн сантай. Тэнд зарагдаж байгаа маарал гэхэд жирийн эмийн санд байгаа маарлаас хэд дахин илүү үнэтэй байх жишээтэй. Тэр эмнэлэгт үргэлж яарч сандарсан хүмүүс ирдэг. Тэгэхдээ үнийг нэг их тоолгүй авчихдаг зэрэг асуудал байдаг. Тиймээс төрийн зүгээс томоохон эмнэлгүүдийн ойролцоо эмийн сангуудыг олноор нь байршуулах арга хэмжээг авбал эдгээр асуудал жаахан ч гэсэн цэгцрэх байх.

 

Энэ мэт эмийн бодлоготой холбоотой асуудлууд маш их байдаг. Энэ нь эмтэй холбоотой өнөөгийн бодлого, хууль эрхзүйн нөхцөл рүү эргэж харах хэрэгтэй болсны гэрч юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: залуу.сом

Шинэ мэдээ