Н.АНХБАЯР: БНСУ “ХАРААР” АМЬДАРДАГ МОНГОЛЧУУДЫГ АЛБАДАН ГАРГАХАА МЭДЭГДСЭН

ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Н.Анхбаяраас зарим асуултад хариулт авлаа.

 

-Гадаадад оршин суугаа иргэдийн сонгуульд оролцох асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?

-Өнгөрсөн УИХ, Ерөнхийлөгчийн сонгуульд нийт таван мянга гаруй иргэн оролцож, санал өгсөн байдаг. Энэ жил сонгуулийн өдрөөс хоёр долоо хоногийн өмнө санал авах ажлыг зохион байгуулна. Мөн сонгууль болохоос нэг сарын өмнө гадаадад байгаа иргэдийн бүртгэл явна. Энэ жилийн сонгуульд хэчнээн иргэн оролцох нарийн тоо хэлэх боломжгүй байна. Консул болон дипломат төлөөлөгчийн газартай 40 гаруй улс бий. Эдгээр улсад оршин сууж буй сонгуулийн насны иргэд сонгууль өгөх боломжтой. Өнөөдрийн байдлаар манай улсын 12 мянган иргэн гадаадад амьдарч байна.

 

-Иргэдийг идэвхтэй оролцуулахын тулд ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?

-СЕХ болон ГХЯ-наас ажлын хэсэг гаран ажиллаж байна. Бүртгэл болон сонгууль өгөх тал дээр холбогдох байгууллагууд дор бүрт нь мэдээлэл хүргэж байгаа. Мөн сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сургалт зохион байгуулсан. Түүнчлэн дипломат төлөөлөгчийн газрууд ажиллаж, амьдарч буй иргэдийг мэдээллээр тогтмол хангана.

 

-БНСУ-д “хараар” ажиллаж буй иргэдийг албадан гаргахаар болсон. Ямар журмаар гэдгээ манай талд мэдэгдсэн үү?

-БНСУ-д 2014 онд 57 мянга, 2015 онд 74 мянган иргэн зорчсон байдаг. БНСУ-д хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг дөрөвдүгээр сараас эхлэн зургаан сарын хугацаанд албадан гаргахаар болсон. Заасан хугацаанд гараагүй тохиолдолд тав хүртэлх жилээр тус улсад зорчих эрхийг хязгаарлах бөгөөд хууль бусаар ажиллуулсан компанийг торгох хүртэл арга хэмжээ авна.

 

-Европын орнууд цагаачдыг эх орон руу нь буцааж байна. Үүнтэй холбогдуулан манай улсад албан бичгээ ирүүлсэн улс бий юү?

-Европын орнууд цагаачдаа багасгах ажил өрнүүлж байна. Одоогийн байдлаар Австри улсад хууль бусаар амьдарч байгаа монгол иргэдийг нутаг буцахыг албан ёсоор мэдэгдсэн. Тус улсад 2500 гаруй монгол иргэн амьдардгаас 500 гаруй нь суралцдаг, 1000 гаруй нь манайхны хэлдгээр “хараар” амьдардаг.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: gereg.mn

Шинэ мэдээ
Их уншсан