Б.ЗОЛБОО: СОНГУУЛЬД САНАЛ ӨГВӨЛ СУГАЛААТАЙ БОЛЪЁ

Монголын чөлөөт либерал залуучуудын холбооны дарга Б.Золбоотой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

УИХ, орон нутгийн ээлжит сонгуулийн хугацаа дөхөөд ч тэр үү сүүлийн үед шил шилээ дарсан дуулианууд их гарч байна. Эдгээрээс нэг гол сэдэв нь сонгуулийн хууль болоод байна. Шинээр батлагдсан сонгуулийн хуулийн талаар таны бодол ямархуу байна вэ?

Ер нь манайд сонгуулийн хуулийг эрх баригчид, эрх мэдэлтнүүд сонгууль бүрийн өмнө өөрсдийн эрх ашиг болоод хэрхэн яаж амар хялбар аргаар дахин сонгогдож гарах вэ гэдэгт яв цав нийцүүлж баталдаг жишиг тогтчихлоо. Уг нь сонгуулийн тухай хууль гэдэг нь тэмцээнээр ярьвал дүрэм нь. Гэтэл өрсөлдөөд дийлдэггүй хэсэг нь нийлж байгаад дүрмээ өөрсдийн сул талыг давуу тал болгож өөрчлөөд шүүгчтэйгээ хуйвалдаад тэмцээнд орвол ялах магадлал өөрчлөгдөнө биз. Энэ нэгдүгээрт асуудал мөн. За нэгэнт батлагдаад өнгөрсөн юм гэхэд хуулийн заалтууд ер нь аль ч урьд өмнөх сонгуулийн хуулиудад байгаагүй ялангуяа залуучуудыг хамгийн ихээр хааж боосон, элдэв янзын дарамт, шахалт ихтэй гэж үзэхээр байгаа юм. Тодорхой заалтууд нь иргэний үндсэн хуулинд заасан сонгох, сонгогдох эрхэнд нөлөөлсөн гэж хэлж болохуйц, нэрийн жагсаалтаас хасах мэтийн заалтууд бий. Сонгуулийн хууль бол хүний эрхийг хангах, сонгуулийн эрхийг хэрэгжүүлэх үндсэн чигтэй байх ёстой. Гэтэл орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэрийн жагсаалтаас хасах заалт орсон байна. Зөвхөн хасаад зогсохгүй дахин зургаан жилийн хугацаанд сонгох, сонгогдох эрхээ эдлэхгүй, төрийн албанд томилогдохгүй, сонгуулийн гаргасан зардлаа төлнө гэх мэтийн эрүүгийн шинжтэй заалт орсон. Дээр нь сонгуулиар гуравдагч буюу хоёр том намаас бусад намын гарч ирэх боломжийг нь үндсэндээ хаачихлаа. Намууд тойрогт нэгээс доошгүй суудал авч байж таван хувийн босго тавьсан хуваарилалтын шаардлага хангана гэж байгаа. Өөрөөр хэлбэр босго оноонд хүрээгүй л бол бусад намд өгсөн саналыг шууд том намууд өөрийн болгож дээрэмдэхээр тусгагдсан. Нам дотроо ч нэр дэвшүүлэх болон хувь хүн сонгуулийн эрхээ эдлэх боломж туйлын хомс, хэн ямар шалгуураар сонгуульд өрсөлдөж байна вэ гээд ярьвал хамгийн түрүүнд мөнгө л санаанд буухаар тийм хэмжээнд тулж. Эхнээсээ мөнгө төгрөг, авилгын хэргүүдээр нийгэм битүү амьсгалж л байна.

 

Сонгуулийн хуулийг саяхан Ш.Түвдэндорж нарын гишүүд санаачлан өөрчлөлт оруулахаар санал гаргах нь гэсэн мэдээлэл гарсан байсан.

 Энэ бол бас нэгэн сюрприз л дээ. Ер нь бид одоо сонгууль дуустал сар бүр задардаг байсан улс төрчдийн сюрпризийн интервалийг богино болох гэж байгаад бэлтгэлтэй байх хэрэгтэй. Одоо өдөр бүр шахуу сюрприз задарна шүү дээ. Сүүлд баталсан сонгуулийн хуулиндаа урд өмнөх сонгуулийн хуулиудад заадаг байсан, ялангуяа олон улсын тодорхой хэм хэмжээнүүдэд байдаг нэг чухал заалт бий. Ээлжит сонгууль болохоос өмнөх зургаан сарын хугацаанд сонгуулийн хуулийг өөрчилж болохгүй гэсэн заалт. Харамсалтай нь энэ заалт батлагдсан хуулинд ороогүй үлдчихсэн. Зүгээр нэг мартаад өнгөрөөсөн гэж би хувьдаа бодохгүй л байна. Сонгууль болоход хоёрхон сарын хугацаа үлдээд байхад сонгуулийн хуулиа өөрчилдөг ийм улсад ер нь ардчилал, хүний эрх гэж зүйлийн тухай ярих хэрэг байгаа ч юм уу. Ингэж энгийн иргэдийг хэтэрхий басамжилж, доромжилж болохгүй. Өнөөдөр иргэдэд яг үнэндээ сонгуулийн хууль нь байна уу, жагсаалт нь байна уу нэг их чухал биш. Зүгээр л эх орондоо элэг бүтэн, урдаа ажилтай, хүүхдийнхээ сүүг авах гэж ломбарданд бөгжөө тавьдаггүй, идэх хоолтой, амьдрах сууцтай л байх нь чухал байна. Гэтэл тэр хүслийг нь улс төрчид уландаа гишгэчихээд өөдөөс нь сонгууль, уул уурхай, нүүрс, алт л яриад байна. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам доройтож байна.

 

Сонгууль бүрээр сонгуулийн ирц буурсаар ирсэн байдаг. Энэ удаагийн сонгуулийн ирц ер нь хүрэх болов уу?

Сонгуулийн ирц угаасаа сонгуулиас сонгуульд буурсаар байна шүү дээ. Иргэдийн улс төрчдөд, төрд итгэх итгэл улам алсарсаар л байна. Гэтэл нөгөө талаараа бас ирц бага байлгах сонирхол байдаг байх талтай. Хамгийн идэвхтэй санаа бодлоо илэрхийлдэг, өөрийн гэсэн үзэл бодолтой нэг ёсны хувийн шүүлтүүр сайтай хэсэг нь сонгуульд санал өгөхдөө хойрго болоод байгаа. 20 мянган сонгогчтой нэг тойрог байлаа гэж бодоход дөнгөж 10 мянга нь л сонгуульдаа дөнгөн данган оролцож байна. Үүнээс бараг тал нь намын гишүүд болон тэдний харилцан хамаарал, нөлөөлөл бүхий хүмүүс очиж санал өгдөг. Нөгөө автобусаар, машинаар зөөж санал өгүүлэх мэтийг энд дурдаж болно. Үлдсэн хэсэг нь салхи хаашаа эргэнэ тэнд л санал өгөөд явдаг. Тэгээд гарсан сонгуулийн дүндээ бүгд сэтгэл хангалуун биш үлддэг. Энэ сонгуулиар бүр яг л ийм зураглал давтагдана. Гэтэл бид бүгд нийтээрээ саналаа өгч байж энэ угширсан байдлаас гарахад дөхөм болно. Тэгэхийн тулд санал өгдөггүй хүмүүс саналаа өгмөөр байна. 80, 90 хувийн ирцтэй сонгууль хиймээр байна. Үүн дээр залуус санаачлагатай, зүтгэлтэй байх хэрэгтэй. Саяхан Номин худалдан авагчдынхаа дунд сугалаа зарласан байна, зах нь харагдахгүй хүн цугларсан байна лээ. НӨАТ-ийн сугалаа гээд юм тэртээ тэргүй яваад байна. Сонгуулийн ирцийг өндөр болгохын тулд яагаад сонгуулийн санал өгөхөд сугалаатай болгож болохгүй гэж. Энэ сонгууль бол бидний хувьд туйлын хариуцлагатай хандах ёстой сонгууль гэж дээр дооргүй хүлээн зөвшөөрөөд байгаа биз дээ.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: shuurhai.mn

Шинэ мэдээ
Их уншсан