“Улаанбаатарын хавар”-ыг тэмдэглэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд нар өнөөдөр “Улаанбаатарын хавар” Нийслэлийн АН-ын баяр тэмдэглэхтэй холбоотой мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн Ардчилсан намын баярыг ирэх сард зохион байгуулна. Энэ жил “Улаанбаатарын хавар” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон гэсэн.   Энэ талаар тодруулаач?

-Монгол оронд хүнлэг ардчилсан нийгмийн үр үндсийг тарьж ургуулан, эрх чөлөөний шинэ цагийн урин хаврыг авчирсан Монголын Ардчилсан намын Анхдугаар Их хурал 26 жилийн өмнө, 1990 оны дөрөвдүгээр сарын 7-8-нд хуралдсан. Анхдугаар Их хурлаас хүнлэг ардчилсан нийгмийг байгуулах эрхэм зорилго, дүрэм, мөрийн хөтөлбөр, үнэт зүйлсээ тунхаглан баталсан учраас Ардчиллын хавар юм.

Ардчилсан Үндсэн хуулиа улс төрийн бүх хүчин оролцож батлах, чөлөөт сонгууль явуулах, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хангахыг эрх баригчдаас хүчтэй шаардаж, төрийн хяналтгүй, чөлөөт хэвлэл “Ардчилал” сониноо 100 мянган хувиар хэвлэн түгээсэн тул Ардчиллын хавар. “Ардчилал” сонины араас “Шинэ толь”, “Үг”, “Үндэсний дэвшил” сонин дуу дуугаа авалцан төрөн гарч, ардчилал, олон ургальч үзлийн индэр болсон болохоор Ардчиллын хавар юм. 

1989, 1990 оны ардчиллын төлөөх тэмцэл, Монголын Ардчилсан Намыг үүсгэн байгуулсан зэрэг түүхэн үйл явдлын шууд үргэлжлэл болсон энэхүү Их хурал Монгол Улсад анх удаа олон нам оролцсон чөлөөт сонгууль явуулах, шинэ Үндсэн хуулиа батлах, эрх чөлөөт шинэ цаг, ардчиллын хавар байсан юм.

-Баярыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор ямар ямар үйл ажиллагааг зохион байгуулах вэ?

-“Улаанбаатарын хавар”-аа ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлс, үндэс зарчмаар нь дөрөвдүгээр сарын 09-ний өдөр гишүүд, дэмжигчидтэйгээ хамтран тэмдэглэнэ. Ардчилсан Нам 2012 онд Нийслэлийн ИТХ-д анх удаа олонхи болж, Улаанбаатар хотын иргэдийнхээ итгэл дэмжлэгээр өөрчлөн шинэчлэх үүрэг хүлээсэн. Нийслэлийн иргэдтэйгээ хамтдаа санаачилж, олуулаа бүтээсэн ажлуудаа үнэлүүлэн дүгнүүлж, өөрчлөлтөө үргэлжлүүлэх шинэ даалгавраа авах ардчилсан асуулга сонсголын аяныг “Улаанбаатарын хавар”-ыг угтан өрнүүлэх юм.

2012 оны НИТХ-ын сонгуулийн 5А хөтөлбөрийн явц, биелэлт, зам, хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, нэг цэгийн үйлчилгээ, цахим газар олголт гэх зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэл, бодит ажлуудаас аль нь илүү үр өгөөжтэй байгааг иргэд өөрсдөө үнэлж цэгнэнэ.  Нийслэлийн Ардчилсан намын даргын ил захидлыг иргэддээ хаяглан хүргэж, цахим хуудас, олон нийтийн газрууд, утас, мессэжээр хамтдаа хийсэн, цагтаа бүтээсэн ажлаа дүгнүүлж, шинэ даалгавраа хүлээн авна.

-Ардчилсан нам жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд баяраа тэмдэглэдэг. Гэтэл энэ жил яагаад дөрөвдүгээр сарын 9-нд тэмдэглэхээр болов?


-Та бүхэн санаж байгаа байх Ардчилсан нам 1990 оны дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр анхдугаар хурлаа нийслэл хотод хийсэн. Энэ хурлын дараа бид 1990 оны ардчиллын анхны хаврын баярыг Сүхбаатарын талбайд тэмдэглэж байлаа. Би анхдугаар хурлаар намынхаа анхны даргаар сонгогдон ажилласан. Манай намын Үндсэн дүрэмд жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг намын төрсөн өдрөөр тооцож байхаар оруулсан байдаг. Өөрөөр хэлбэл, намын хэмжээнд тэмдэглэлт баярын өдөр байхаар тогтсон гэсэн үг.

Энэ жилийн хувьд дөрөвдүгээр сарын 7 ажлын өдөр таарч байгаа учраас баярынхаа үйл ажиллагааг 9-ний өдөр буюу бямба гарагт зохион байгуулахаар болсон. Цаашид энэхүү тэмдэглэлт өдрөө  “Улаанбаатарын хавар” нэртэйгээр тэмдэглэж байхаар шийдвэр гаргасан юм. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахдаа намынхаа гишүүд, дэмжигчдээр хийсэн ажлаа үнэлүүлэх намын дотоод ажил явагдана. 2012 оны нийслэлийн ИТХ-ын сонгуулиар Ардчилсан нам Улаанбаатар хотод анх удаа олонх болж, эрх барьсан.

Өнгөрсөн дөрвөн жилд намын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаа хийж гүйцэтгэлээ. Энэ ажилдаа гишүүд, дэмжигчдээсээ дүн тавиулах нь зүйтэй гэж үзсэн байгаа. Нийслэлийн АН-ын даргын хувьд гишүүд, дэмжигчиддээ хандаж захидал бичсэн байгаа. Энэ захидалдаа тэргүүлэх есөн  чиглэлийн ажлаа дурьдаж, дүн тавих асуулга явуулах гэж байна. “Улаанбаатар хавар” баярыг угтсан арга хэмжээнүүд гэсэн үг.

-“Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярын үеэр өөр үйл ажиллагаа болох вэ?

-Чингисийн талбайд тэмдэглэлт үйл явдал маань болно. Үүнээс өмнө намын дунд болон анхан шатны байгууллага, үүрүүдээр намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгөх ажлууд хийгдэнэ.  Бид аль болох гишүүд дэмжигчдийнхээ хүрээнд арга хэмжээ, хэлэлцүүлгээ явуулна. Энэ бүхэн нээлттэй.

Манай намын үйл ажиллагаа угаасаа олон нийтэд нээлттэй, ил тод  байдаг. Тиймээс бусад иргэд ч оролцох боломжтой. Нээлттэй байдлаа илэрхийлж, Иргэн танаа гээд захиагаа явуулж байгаа. Мэдээж, энэ үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид маань идэвхтэй оролцоно. Намын ажил учир намын анхан шатны байгууллагууд зохион байгуулна. Дөрөвдүгээр сарын 9-ний арга хэмжээнд иргэд нээлттэй оролцож, мэдээлэл авч болно.

-Тэмдэглэх төсвийг хаанаас гаргах вэ?

-Мэдээж намаас гаргана шүү дээ.
З.Амараа

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
  • Зочин
    Har uul amisgaa chine yah geed mungu ureed bgaanbe..ter olon ter bumiin zeelendee nemerlesen ni deer shdee..dahin songogdoh argaa haij bgaan bhdaa..nowsh chine.shorond buh nasaar huutei ni horiod hurungiig ni ulsiin orlogo bolgoh heregtei.
    • 31 March 2016 11:19
  • Зочин
    одоо ийм юм хийж байх мөнгө бий билүү бас сонгуулийн сурталчилгаа эхэлцийн биш үү
    • 2 April 2016 21:53