М.Шарапова сэргээш хэрэглэжээ

М.Шарапова сэргээш хэрэглэжээ

Талбайн теннисний од Мария Шарапова Австарлийн нээлттэй тэмцээнд оролцох үеэрээ сэргээшийн шалгалтад унажээ. Өнгөрөгч есдүгээр сард түүнээс илэрсэн “мелдонум” хэмээх бодисыг допингын төрлийн жагсаалтад оруулахаар болж энэ шийдвэр нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн аж.

Энэ талаар М.Шарапова хэлэхдээ “ Өнгөрөгч 12-р сард допингын бодлого шинэчлэгдэж байгаа талаар и-мэйл ирсэн. Тэгэхдээ ямар төрлийн бодис шинээр нэмэгдэж байгаа талаарх жагсаалт байгаагүй” гэсэн байна.

Тэрээр дээрх хариуг гарсны дараа шүтэн бишрэгчид, мэргэжил нэгтнүүдээсээ уучлалт гуйн, хариуцлага хүлээхэд бэлэн буйгаа хэлжээ.

Олон улсын талбайн теннисний холбооноос М.Шараповагийн тоглолт хүлээгдэж байгаа бөгөөд түүний эрхийг гуравдугаар сарын 12-ны өдрийг хүртэл түдгэлзүүлэхээ мэдэгджээ.

Сүүлийн жилүүдэд хойд хөршийн, ялангуяа хөнгөн атлетикийн тамирчид сэргээшийн асуудалд олонтоо холбогдож байгаад Олон улсын Олимпийн хороо ихээхэн эмзэглэж байгаа бөгөөд удахгүй болох Риогийн олимпод ОХУ-ын хөнгөн атлетикийн тамирчид оролцох эсэх нь ч одоогоор тодорхойгүй байгаа юм.

2015 оны наймдугаар сард Сэргээшийн эсрэг журмыг зөрчсөн хэргээр Оросын найман хөнгөн атлетикч болон дасгалжуулагч нар тэмцээнд оролцох эрхээ  хасуулах талаар дуулиан дэгдэж эхэлсэн түүхтэй. Энэ талаар Германы “ARD” телевизийн мэдлийн “Sportschau” сэтгүүл  анх мэдээлсэн байдаг. Уг сэтгүүлд дурдагдснаар 800 метрийн гүйлтийн олимпийн аварга Мария Савинова дөрвөн жил тэмцээн уралдаанд оролцохгүй байх торгууль ногдохоос гадна, олимпийн хүрэл медальт Екатерина Поистогова, 800 метрийн гүйлтийн Оросын аварга Анастасия Баздырева, гүйлтийн тамирчин Кристина Угарова нар ч ийм шийтгэл авч байв.

Түүнчлэн ОХУ-ын хөнгөн атлетикийн  шигшээгийн  эмч Сергей Португалов, хүч тамирийн дасгалжуулагч Алексей Мельников, 800 метрийн гүйлтийн ОХУ-ын аварга Баздыревагийн хувийн дасгалжуулагч Владимир Казарин, дасгалжуулагч Владимир Мохнев нарт бүх насаар нь мэрэгжлээрээ ажиллахыг хориглож  магадгүй болсон талааар мэдээлж байж. Дээрх асуудал намжаагүй байхад ОХУ-ын спортын алхааны зургаан нэртэй тамирчин сэргээшийн хэрэгт сэжиглэгдсэн байдаг. Одоогоор ОХУ-ын хөнгөн атлетикчдийг Риогийн олимпод оруулахгүй байхаар яригдаж байгаагийн ард 2012 оны олимпийн аварга, 2013 оны дэлхийн аварга Елена Лашманова сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож эрхийг нь хоёр жилээр хасч байсан зэрэг ноцтой асуудал олон байгаа нь ОХУ-ын баг тамирчдыг тун эвгүй байдалд оруулаад байгаа юм. Хамгийн сүүлд энэ оны  нэгдүгээр сарын 20-нд олимпийн аварга Валерий Борчин, Сергей Кирдяпкин, Ольга Каниськина  мөн Владимир Канайкин, Сергей Бакулин нарын биологийн паспортаас мөн л тийм зөрчлийг ОХУ-ын Сэргээшийн эсрэг төв буюу “РУСАДА” илрүүлж  тэдний эрхийг хасаад байгаа юм.

Ийнхүү хойд хөршийн нэр алдартай олон тамирчид сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож ар араасаа дуулиан дагуулсаар байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан