Н.Ганбямба: Дэлхийд хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөгийг нэрлэж байна 2 26 1572 Гэмтнүүдийг

Эдийн засгийн ухааны доктор, профессор, УИХ-ын гишүүн асан Н.Ганбямбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Монгол Улсын эдийн засаг хүндхэн байдалд байна. Валютын ханшийн хөөрөгдлөөс үүдэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар муудлаа. Эдийн засагч хүний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

Эдийн засгийн гол үзүүлэлтүүд  ухралтад орж дууслаа. Нэгдүгээр улирлын дүнгээр  ДНБ  7.4 хувиар өслөө гэдэг нь тэртээ 2009, 2010 оны хямралын үеийн 12 хувийн өсөлтөөс дор орчихсон гэсэн үг. Уг нь ДНБ-ий өсөлтийг 17.5 хувийн өсөлттэйгөөр энэ Засгийн газарт хүлээлгэж өгсөн юм. Гэтэл өнөөх нь буурсаар байна. 1996-2000 онд яг ингэж буурч байлаа. Маш хүчтэй унаж байсан эдийн засгийг П.Жасрай гуайн Засгийн газар босгож ирээд зургаан хувиар өсгөөд 2000 онд Ардчилсан холбоо эвсэлд хүлээлгэж өгч байсан юм. Гэтэл тэд өнөөх  зургаан хувийн өсөлтийг нь маш хурдтай доошлуулаад  нэг рүү ортол нь унагаасан байдаг. Ингээд 2000 онд  ард түмэн дахиж захиалга өгч тэр Засгийн газрыг унагаж байлаа. Эрх барьж байсан намаас бараг суудал аваагүй юм. Үндэсний шинэ намаас талийгаач Ж.Наранцацралтыг эс тооцвол нэг ч суудалгүй болтлоо унаж, ард түмнээс томоохон замечан хүртсэн юм. Гэхдээ  2000-2004 онд ДНБ-ийг 10 хүртэл өсгөж авсан ч өнгөрсөн сонгуульд аль ч нам ялаагүй шиг тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхий сайд хийсэн Засгийн газар өнөөх 10 хувийн өсөлтийг жил хүрэхгүй хугацаанд зургаа руу оруулаад унагачихаж байлаа. Ингээд түүний дараагаар М.Энхболд найм, С.Баяр 10, Сү.Батболд 17 хувь гээд өсгөсөн юм. Гэтэл эргүүлээд өнөөх өсөлт маань  маш хүчтэй унаад эхэлчихлээ.

Эдийн засгийн хямрал нь инфляцийн түвшин хүчтэй унаж байгаатай холбоотой юу?

Инфляци бол аймшгийн байна. Өөрөөр хэлбэл, манай улсын төв банк болох Монголбанк  зорилгоо умартчихлаа. Тэр банк руу ороод хараарай, эрхэм зорилго нь “Үндэсний мөнгөн тэмдэгт монгол төгрөгийн хөрвөх чадварыг тогтвортой барина” гэж байгаа. Монголбанкны үндсэн ажил нь  энэ. Гэтэл энэ байгууллага эрхэм зорилгоо тавиад туучихлаа шүү дээ. Дэлхийд хамгийн их суларсан мөнгөн тэмдэгтээр монгол төгрөгийг нэрлэж байна. Ингэтлээ онигоо  болж байх ч гэж.  Хоёрдугаарт, бондын  мөнгө бол өрийн бичиг. Гэтэл Сангийн сайд эсрэгээр нь яриад  байна. Бонд бол өрийн бичиг гэдгийг хэн хүнгүй мэднэ.  Энэ мөнгийг нефть, ган боловсруулах гэх мэт томоохон үйлдвэрлэл рүү хийчих хэрэгтэй байсан юм. Ингэвэл өнөөх өрийнхөө 60-70 хувийг босгочих боломжтой болно. Гэтэл нарийндаа арилжааны нөхцөлтэй валютын зээлээр хийдэггүй замын уулзвар гэх мэт зүйлд бондын мөнгийг үрээд байна. Уг нь энэ замын ажил, засвар мэтийг төсвийг хөрөнгө оруулалтаар хийх учиртай юм шүү дээ. Харин одоо эргээд энэ өрөө яаж төлөх вэ гэхээр энэ Засгийн газарт хамаагүй гэх маягаар хандаад эхэлчихлээ. Нөгөө талаас  амьдрал нь маш хүнд болчихсон, юу ч хийхээс буцахгүй “Хүү нь хэд  байх нь хамаагүй, 100 хувь байсан ч яахав, ломбард хаана байна” гээд байна гээд явж байгаа  хүн шиг болчихсон Засгийн газар гэж харж байгаа.

Та Засгийн газрыг шалтгаангүйгээр ингэж дүгнээгүй байх?

Ганцхан жишээ татахад, зөвхөн Японы экспортыг  дэмждэг “Самурай” бонд руу  орж байгаа нь эмгэнэл. Боловсролтой залуус үүнийг гайхаж байна. Тэр чинь их үнэтэй бонд шүү  дээ. Товчхондоо, “Самурай” бонд  Японы эдийн засагт л хэрэгтэй болохоос Монголд ямар ч ашиггүй. Гэтэл үүнийг авч байна гэдэг тартагтаа тулсны илрэл. Ер нь хаана л өндөр хүүтэй өр байна, түүнийг авч байна шүү дээ. Залуус бүүр онигоо гаргасан байна цаана чинь. “Хятад руу айлчлах гээд байх юм, мантуу бонд гэж гаргах гээд байгаа юм биш биз дээ” гэж байна. Ингэж бусдаар даажигнуултлаа тартагтаа тулчихаж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ. Гэтэл бөөн юм болж байж авсан мөнгөө юунд зарж байгаа нь бас их анхаарал татаж байгаа юм. 888 төсөл гээд зарлачихлаа, гэтэл өнөөх төслийг нь зарна гээд сонин дээр нийтэлсэн байх  жишээтэй. Бүүр ингэтлээ дампуурч болохгүй ээ. Ер нь Засгийн газар нэн яаралтай огцрох асуудлаа ээлжит бус чуулганаар ярих хэрэгтэй болчихоод байна. Тэгэхгүй бол алхам тутамдаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгээд эхэлчихлээ шүү дээ.

Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжилтийг хэрхэн дүгнэж байна вэ?

Ер нь аливаа ажлыг дүгнэж цэгнээд хариуцлагын  асуудлыг заавал ярих учиртай болсны нэг нь энэ хөтөлбөр. Тухайлбал, өмнө нь 12 банк дампуурчихаад байхад Монголбанкны Ерөнхийлөгчийг өөрчилж байсан юм. 2008 онд тавьсан Ерөнхийлөгч маань нэг төгрөгтэй харьцах валютын ханшийг 2-3-хан төгрөгийн зөрүүтэй хүлээлгэж өгч байсан юм. Найман жил гэхэд гадаад валютын ханшийг урт хугацаанд тогтвортой барьж чадсан байна гэсэн үг. Нэг ам.доллар 1230 төгрөг байлаа гэхэд 28-33  монгол төгрөгтэй тэнцэж байлаа. Гэхдээ эдийн засаг дахь мөнгөний хэмжээг ихэсгэж чадсан үе. Яагаад инфляцид нөлөөлөөгүй гэхээр хөрөнгө  оруулалтаа зөв хийсэн. Жишээ нь, Мянганы зам, барилга байшин гээд дэд бүтцэд зарцуулж байсан учраас инфляцид нөлөөлөхгүйгээр эдийн засгаа өргөжүүлж чадаж байсан бол одоо ханшаа улам алдчихлаа шүү дээ. Одоо энэ 100 хоногт ч тэр, Засгийн газрын ажлыг ч тэр дүгнэхэд өнөөдрийн байдлаар юмны үнийн өсөлт утгаа алдчихсан байна. 2012 онтой харьцуулахад сагсан дахь бүх бараа бүтээгдэхүүний үнэ өсчихлөө. Худалдан авах чадвар муудсаар байна. Цаашилбал, нэг төгрөгтэй харьцах   валютын ханш улам холдчихлоо. Тэгэхээр энэ 100 хоногийн ажил байтугай төр засгийн ажил бүхэлдээ болохгүй байна. Товчхондоо, Засгийн газар буруу замаар яваад байна, үүнийг зогсоохгүй бол болохгүй.

Гэхдээ Засгийн газрыг огцруулснаар эдийн засаг сайжрахгүй шүү дээ?

Төр засгийг огцруулах гээд байгаагийн гол шалтгаан нь макро түвшний зохицуулалт Монголд байхгүй болчихлоо. Уг нь энэ зохицуулалтыг хийхийн тулд л төр засаг байгаа юм. Түүнээс “Нүүрс” ууталж тараадаг, түүнээсээ болж шалгуулж цагдуулдаг зүйл рүү төр оролцож болдоггүй юм. Гэтэл энэ зохицуулалтаа алдчихаад салбарын сайд бүр нь өөр бодлого ярьж байна шүү дээ. Товчхондоо, Монгол Улс ямар ч  жолоодлогогүй болчихоод байгаа учраас огцруулах байна уу, ямар нэгэн аргаар ийм буруу үйл ажиллагааг л зогсоох хэрэгтэй байна. Зогсоох гэдэг нь огцруулах болчихоод байгаа  юм л даа. Үүний дараагаар энэ улсаа, эдийн засгаа сайжруулах арга чарга байна уу гэдгийг бодохгүй бол болохгүй нь.  Зөв  замаар хурдалснаас буруу замаар сажилсан нь дээр гэж мэргэн үг бий. Үүн шиг буруу замаар цашаа явж болохгүй. Улам л эдийн засгийг хүндрүүлнэ. Энэ 100 хоногийн ажил үр дүнгүй гэдэг нь иргэдийн амьдрал, гадаад валютын ханшийн өсөлтөөс харахад тодорхой болж байна.

 

Б.Даваатогтох

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ