“Шөлөндөө” хоолны газрын ажилчныг хүчирхийлж, орлогыг нь дээрэмджээ

2016 он гарсаар Улаанбаатар хотын хэмжээнд булаах, дээрэмдэх гэмт хэрэг маш ихээр бүртгэгдэх болсон талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ялангуяа шөнийн цагаар энэхүү хэрэг үйлдэгдэж, согтуу иргэд, эмэгтэйчүүдийг онилж буй нь санаа зовоох асуудал болов. Тэр тусмаа гэрэлтүүлэггүй, камерын хяналтгүй, харуул хамгаалалтгүй газрыг сонгон гэмт үйлдлээ гүйцэлдүүлэх нь ихэсчээ. Бид иргэд, аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс дараахь мэдээллийг бэлтгэв.

- ХАР БАГ ЗҮҮСЭН ЭТГЭЭДҮҮД ЦАХИЛГААН НЬ ТАСАРСАН ҮЕД ХАЛДЖЭЭ-

Өнгөрсөн баасан гариг буюу энэ сарын 26-ны өглөө үүрээр 05:00 цагийн үед “Шөлөндөө” 24 цагийн цайны газрын нэгэн салбарыг дээрэмдэж, ажилчныг нь хүчирхийлсэн онц ноцтой хэрэг гарчээ. 2009 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Шөлөндөө” түргэн хоолны газар нь 24 цагаар ажилладаг бөгөөд  шөлөөр төрөлжсөн, таван салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг. Бид хүнийг эрхийг дээдлэх үүднээс салбарын байршлыг нууцлав.

 

Тухайн газар нь камерын хяналтгүй байсан бөгөөд хэрэг гарах үед  “Шөлөндөө”-гийн тухайн салбарт Чингэлтэй дүүрэгт оршин суух, 42 настай тогооч, Сонгинохайрхан дүүргийн харъяат, 24 настай зөөгчийн хамт хоёулханаа ажиллаж байжээ. Шөнийн 03:00 цагийн үед цахилгаан нь тасарч, харанхуй болох үед гэмт этгээдүүд гаднаас орж ирэн халджээ.

 

Гэмт этгээдүүд тухайн үед хар бараан хувцастай, баг зүүсэн байсан бөгөөд нэг нь өндөр, нөгөө нь намхан, 20 орчим насны залуус байсан талаар хохирогчид мэдүүлсэн байна. Тэд хохирогчдыг айлган сүрдүүлж, гар хөл, амыг нь скочдож, тэр өдрийн орлого болох 200 мянган төгрөгийг нь дээрэмдээд зогсохгүй зөөгч болох 24 настай бүсгүйг хүчирхийлээд зугтжээ. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

 

-ДЭЭРМИЙН ХЭРЭГТ ХОЛБОГДВОЛ 3-20 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛНЭ- 

Албаны эх сурвалжийн мэдээллэж буйгаар, дээрх этгээдүүдэд бүлэглэн дээрэм болон хүчингийн хэргээр ял оноох юм. Дээрмийн гэмт хэргийг үйлдэж буй этгээдүүдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирсэн, тодорхой оршин суух хаяггүй оюутан, залуус байдаг бөгөөд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдад уруу татагдан энэхүү гэмт хэргийг үйлдэх тохиолдол элбэг гэдгийг онцолж байсан юм. Дээрмийн гэмт хэрэг нь онц хүнд гэмт хэрэгт тооцогддог. Хэрвээ та хэн нэгэнд халдаж, энэ төрлийн гэмт хэргийг үйлдвэл, цаашлаад бүлэглэн үйлдсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Тодруулбал, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147-р зүйлд 5-20 жилийн хугацаатай хорих ял эдлүүлнэ гэж заажээ. Тодруулбал:

 

“147.1. Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

147.2. Энэ хэргийг давтан, бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд энэ гэмт хэрэгт болон булаах, далайлган сүрдүүлэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, эсхүл зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэсэн, энэ хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

147.3. Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, урьд нь уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол, бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан бол эд хөрөнгийг хурааж арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: мэдээ.мн

Шинэ мэдээ