Таны ноолууран цамц Хятад үйлдвэрийн хархны үстэй хямд даавуу юм биш биз

Тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр алдартай нэгэн компанитай холбоотой шуугиан Их Британид дэгдэх болов. Телевизийн алдарт хөтлөгч асан Селена Скотт тансаг зэрэглэлийн ноолуурын брэндүүдийн талаар кампанит ажил өрнүүлжээ. Учир нь үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар “100 хувь цэвэр ноолуур” хэмээн тодотгож байгаа ноолууран хувцас зэрэг нь нийлэг материалтай, тэр ч бүү хэл хархны үс зэргийг хольсон хямдхан бүтээгдэхүүн биш биз гэх асуудлыг хөндөж, түүнийг нотолсон гэжээ. Тэрээр сүүлд хийсэн кампанит ажлынхаа хүрээнд иймэрхүү төрлийн луйврыг сөхөж гаргасан нь Их Британи даяар шуугиан тарих болсон байна.

 

Британийн томоохон ноолууран хувцас үйлдвэрлэгч “Edinburgh Woollen Mill” компани ийм асуудлаар шүүхэд дуудагдаад байгаа аж. Тус компанийг ноолууран бүтээгдэхүүн бүрийнхээ шошго дээр “100 хувь ноолууран бүтээгдэхүүн” гэж бичсэн нь бүтээгдэхүүний чанартай үл нийцэж байна хэмээн үзэж шүүхэд дууджээ. Чанар шалгагчийн зүгээс тус компанийн ноолууран бүтээгдэхүүн нь хольцтой байсан гэх дүгнэлт өгсөн байна. Харин компанийн зүгээс уг асуудлыг хүчтэй эсэргүүцэж өмгөөлөгч авчээ.

 

Хэдийгээр хатагтай Скотт энэ асуудлыг сөхөж тавьсан ч тэрбээр “Энэ бол цэвэр луйвар. Энэ бол тус салбарт өргөн хэмжээнд яригдахуйц асуудал юм. Ийм луйвар өргөжсөнөөр жинхэнэ сайн чанарын ноолуурын эрэлт буурч, ноолуурын ямаа үржүүлэгч Монгол малчид болоод, энэ салбарт хүчин зүтгэж буй хүмүүсийн хүчин чармайлтыг үгүйсгэж буй явдал” хэмээн хэлжээ. Хоёр жилийн өмнө Хятадын ноолууран бүтээгдэхүүний компанийн хуурамч барааг Ромоос хурааж байсан бөгөөд тэд ноолуурын хажуугаар нийлэг материал, харх зэрэг өөр амьтны ноос, ноолуур оролцуулсан нь ил болсон байна.

Дэлхийн ноолуурын үйлдвэрлэл жилд 7.5 сая кг боловч ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ үүнээс маш их хэмжээтэй байдаг. Зарим мэргэжилтнүүдийн баталж байгаагаар ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 50-60 хувийн цэвэр ноолууран дээр 40-50 хувийн хонины ноос, сарлагын хөөвөр нэмдэг гэдэг нь нууц биш болсон аж.

 

Гэвч тэд ингэж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дээрээ “100 хувийн ноолуур” гэсэн тодорхойлолт зүүж, өндөр үнээр зарж байгаад хүмүүс гомдоллох болжээ. Түүнчлэн Селена Скотт “Энэ мэт залилангийн шинжтэй үйлдэл нь цаашлаад Монголын ноолуурын ямаа үржүүлэгчдэд ч тийм таатай тусахгүй. Амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж байна” гэсэн байна.

 

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: DailyMail

Шинэ мэдээ