Эрэгтэйчүүд мөнгөн цом, эмэгтэйчүүд хошой алтан медаль хүртлээ

Ирэх зун Бразилийн Рио де Жанейро хотноо Олимпийн их наадам болно. Тус наадмын өмнө чөлөөт бөхийн тамирчид томоохон сорилго тэмцээн болох тивийнхээ хүчтэнүүдтэй өрсөлдөж, чансаагаа тодорхойллоо. Энэ сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Тайландын Бангкок чөлөөт, сонгомол бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болсон.

 

Эрэгтэйчүүд мөнгөн цом, эмэгтэйчүүд хошой алтан медаль хүртлээ

 

Уг тэмцээнд манай чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ бүтэн багаараа оролцож, нийт 2 алт, 1 мөнгө, 9 хүрэл медаль хүртлээ. Дээрх амжилтаараа багийн дүнгээр зургаадугаар байр эзэлсэн юм.

 

Эрэгтэйчүүдээс 86 кг-д Алтан гран-при тэмцээний мөнгө, 2014 оны Азийн аваргын хүрэл медальт О.Үйтүмэн шигшээд шалгарч Ираны Э.Лашгарид ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн. Харин 57 кг-д “Гацуурт-Олимп” клубын бөх ОУХМ С.Батболд, 61 кг-д “Гацуурт-Олимп” клубын бөх ОУХМ Т.Түвшинтулга, 65 кг-д “Алдар” спорт хорооны бөх ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д “Хилчин” спорт хорооны бөх ОУХМ Б.Батзориг, 96 кг-д Азийн аваргын 1 алт, 3 хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны бөх ОУХМ Д.Хүдэрбулга, 125 кг-д “Харгант-Цамхаг” клубын бөх ОУХМ Н.Золбоо нар тус тус хүрэл медалийн эзэн болсон юм. Мөн 74 кг-д “Арслан” клубын бөх Д.Гомбодорж шагналт тавдугаар байр эзэлсэн аж.

 

Эрэгтэйчүүдийн төрөлд Ираны бөхчүүд шилдэг нь байж найман жингийн тавд нь түрүүлсэн. Үлдсэн гурван алтыг Энэтхэг, Казахстан, Бахрайн шигшээ багийн бөхчүүд авлаа. Ингэснээр багийн дүнгээр Иран 73 оноотой тэргүүлж, Монгол 63, Казахстан 56, Энэтхэг 41, Кыргизстан 40, Япон 35, БНХАУ, 31, БНСУ 23 оноотой эхний найман байрт орлоо. Иран тивдээ тэргүүлж алтан цом хүртсэн бол Монголын эрэгтэйчүүд дэд байрт орсноор мөнгөн цомын эзэд болов.

 

Эмэгтэйчүүдийн хувьд тивийн хошой аваргатай эх орондоо ирэх юм. 55 кг-д дэлхийн аваргын мөнгө, азийн аваргын мөнгө, хүрэл медальт Д.Отгонцэцэг бүх өрсөлдөгчөө хожиж, анхны алтан медалиа хүртсэн. Мөн 75 кг-д дэлхийн аваргын мөнгө, хошой хүрэл, багийн дэлхийн аваргын мөнгөн медальт манай улсын хүнд жингийн шилдэг бөх О.Бурмаа шигшээ барилдаанд Японы Р.Абэ хожиж, төрийн дууллаа Тайландад эгшиглүүллээ.

 

Мөн 58 кг-д “Хилчин” спорт хорооны бөх ОУХМ Э.Гантуяа, 60 кг-д “Аврагч” спорт хорооны бөх ОУХМ О.Отгонтуяа хүрэл медаль авч, бүсгүйчүүд багийн дүнгээр тавдугаар байрт орсон. Энэ удаа БНХАУ-ын эмэгтэйчүүд 65 оноотой тэргүүлсэн бол Япон 59, Казахстан 53, Энэтхэг 52 оноотой манай улсын өмнө гарч чадсан юм.

 

Сонгомол бөхийн төрөлд Ираны бөхчүүд давамгайлсан бол Казахстан багийн дүнгээр хоёрт орсон. Ингээд 2016 оны чөлөөт, сонгомол бөхийн Азийн аваргаас медаль хүртсэн орнуудыг танилцуулж байна.

 

2016 оны чөлөөт, сонгомол бөхийн Азийн аваргаас медаль хүртсэн орнууд

Улсын нэр

Алт

Мөнгө

Хүрэл

Нийт

1

Иран

9

2

3

14

2

Кыргизстан

3

2

5

10

3

БНХАУ

3

1

8

12

4

Казахстан

2

7

8

17

5

Япон

2

2

1

5

6

Монгол

2

1

9

12

7

Энэтхэг

1

3

5

9

8

БНСУ

1

0

4

5

9

Бахрайн

1

0

1

2

10

Узбекистан

0

3

1

4

11

БНАСАУ

0

2

0

2

12

Вьетнам

0

1

2

3

13

Тажикстан

0

0

1

1

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mongolcom.mn

Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

23-11-2018, 17:43
Их уншсан