Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрөө хуулиа зөрчжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өөрөө хуулиа зөрчжээ

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа ахлах зөвлөхтэй нь уулзуулж, 2013 онд өөрийнхөө шинэчлэн баталсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ыг зөрчсөн байна. Уг журмын 1.2-т “Цагдан хорих, баривчлах шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин, улс төрийн болон өөр бусад итгэл үнэмшил, үндэсний болон нийгмийн гарал, эд хөрөнгийн байдал, гарал язгуур болон бусад байдлаар аль нэгэн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг баримтална” гэжээ.

Тэгэхээр сайд улс төрийн хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг өөрөө баримталж чадсангүй. Магадгүй аливаа хууль, журмыг тухайн гаргасан хүн нь өөрөө зөрчөөд явах юм бол нийгэмд мөрдөгдөх нь юу л бол.

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин яриад байсан шинэчлэлээ өөрийн биеэр үгүй хийлээ. Тэрбээр өнгөрсөн долдугаар сарын 31-ны өдөр Ерөнхий сайдын хамтаар Төв аймгийн цагдан хорих төвд “зочилж”, улсаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Л.Гансүхийг албан тушаалаа ашиглан Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзуулжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарын энэхүү үйлдэл нь хууль жирийн иргэдэд хатуу, харин албан тушаалтнуудад үйлчилдэггүй гэдэг үгийг батлах шиг.

 Хэрвээ албан тушаалтнуудад хууль үйлчилдэг бол Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245.2-р зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл бүрджээ. Гэвч тэдэнд хууль хяналтын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хариуцлага хүлээлгэх нь юу л бол.

Эрүүгийн хуулийн 245.2-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд саад учруулах, энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурван зуугаас таван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг байна. Магадгүй ёс зүйтэй улс төрчид байсан бол ийм булчимгүй үйлдэл нь нэгэнт олонд дэлгэгдчихсэн байхад албан тушаалаасаа үг дуугүй буух байсан биз.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан