Зэв жанжин

Зэв жанжин

МНТ-нд өгүүлсэнээс үзвэл түүний угсаа нь Бэсүд овог ажээ. Бэсүд нь 12-р зууны үед Тайчууд аймгийн харьяанд байгаад зарим хэсэг нь Отчигин, Илжигдэй ноёдын өмчид харьяалагпан байсан ажээ. Хожим нь Юань улсын үед Бэсүд овог нь Халх түмний нэг отог болж, Хангайн нурууны баруун хэсгээр нутаглах болжээ.

1202 оны зун Онон мөрний эрэгт Аучу баатар, Ходун орчан нарын тэргүүлсэн Тайчуудын цэргийг сүүлчийн удаа мөхөөн дарсан Хүйтний тулалдааны үед Зургаадай хэмээх баатар эцсээ хүртэл тэмцэж Чингисхааны аминд хүрэх шахсан байдаг. Ингэж Зэв жанжин Чингисхаан 2 танилцсан түүхтэй. Зургаадайг чигш шударга, эрэлхэг зоригтой байсных нь төлөө Чингисхаан уучилж, улмаар итгэл хүлээлгэн нөхөрлөсөн байдаг. Өөрийг нь зэвтэй сумаар харвасан учраас Чингисхаан түүнд Зэв хэмээх нэрийг хайрлажээ. Зэв жанжны энэхүү нөхөрлөл нь Чингисхааны цэрэг эрс, баатар жанжин нарт гайхамшигт үлгэр дуурайлал болоод зогсохгүй цэрэг, дайны эрдэм ухаанд хэтийдэн шалгарсан цөөнгүй зүтгэлтний эгнээг өргөжүүлэн бэхжүүлсэн түүхэн ач холбогдолтой үйл явдал болсныг хожмын түүх нь өөрөө батлаад өгдөг.

Зэв жанжин 1203 оны Мау өндрийн тулалдаан, 1204 оны Наху гүний байлдаан зэрэг шийдвэрлэх тулалдаануудад оролцож явсан юм. Наху гүний байлдааны үед Найман аймгийн цэргийн тооны давуу талыг харгалзан үзэж, Чингисхаан ов мэх зохион, Зэвийн цэргийг хөдөлгөөд Найманы харуул цэрэгтэй тулалдуулан, улмаар ухрахдаа зориудаар нэг туранхай агт олзлуулжээ. Туранхай агт олзлон авсан Найманчууд омогшин, Монголчуудыг ялна гэдэгтээ хэт бардсан юм. Яг үнэндээ бол Найманы Таян хаан Монгол цэргийг Халхголоос хөдөлсөн үед Алтайн нутаг руу оруулж ирж байгаад ядарсан үед нь цохих тактик барьж байв. Энэ нь басчхүү овжин арга байсан юм. Хэрвээ Таян хааны төлөвлөгөө хэрэгжсэн бол түүх арай өөрөөр бичигдэх байсан бизээ. Харин Найман аймаг нэгдсэн удирдлага муутай байснаас энэхүү ов мэх хэрэгжих бололцоогүй болсон юм. Таян хааныг хүү Хүчүлүг ихэд басамжлан шоолж, өөрөө цэргээ аван Монголчуудтай шууд тулгаран байлдахаар болжээ. Чухамхүү үүнийг хүлээж байсан Чингисхаан цэргийнхээ манлай ангийг Хубилай, Зэв, Сүбээдэй, Зэлмэ нараар захируулан тулалдаанд оржээ. Монголын цэргийн манлай ангиуд Найманы цэргийн анги нэгтгэлүүдийг цохиж, сарниулсанаар Наху гүний тулалдаанд давуу болж чадсан. Үүнд Зэв жанжны оролцоо асар их байсан нь мэдээжийн хэрэг. Наху гүний тулалдаанд Монголын талаас 2,2 түиэн цэрэг орсон, харин Найманы талаас 4 түмэн цэрэг оролцсон гэж судлаач Б. Батсүрэн үзжээ.
Зэв, Сүбээдэй, Хцбилай, Зэлмэ нарын удирдсан Монгол цэргийн манлай анги бол үндсэндээ амь дүйсэн, асар хүнд ажил байсан юм. Тулалдааны хамгийн хүнд үед манлай ангиуд тулалдаанд орж, дайсны эгнээг сарниулсанаар бусад анги нэгтгэлүүдэд илүү амар болдог байна. Өөрөөр хэлбэл манлай ангиудын дайралтаас хамааран дайны хувь заяа шийдэгдэх боломжтой.

Чингисхаантай нөхөрлөсөн Зэв жанжин Найман, Татар, Мэргид зэрэг Монголын эв нэгдлийн эсрэг чиглэж байсан хамгийн хүчирхэг дайснуудыг даран сөнөөхөд монголын манлай цэргийг удирдан орсон юм. Энэхүү зүтгэлийг нь Чингисхаан үнэлэн 88 гавьяатны 48 дахь, ерэн таван мянгатын ноёдын 48 дахь угсаа залгамжлах ноёноор тус тус өргөмжилсөн юм.

1206 онд Их Монгол улс байгуулагдсны баруун хил түгшүүртэй болсон юм. Хамгийн их гай тарьж мэдэх хүн нь Найманы Таян хааны хүү Хүчүлүг, Мэргидийн Тогтоа бэхи, түүний хүү Худу нар байв. 1206-1207 онд Чингисхаан 2 замын цэрэг гарган илгээхдээ Зэвд цэрэг өгч Хүчүлүгийг мөрдүүлжээ. Зэв жанжин Хүчүлүгийг мөрдөх далимаар баруун хилээ 4 жил сахин сууж, Хар Хидан, Хорезм, Кипчакуудын байдлыг сайн судалжээ. Эргэн ирсэний дараа Зэв Алтан улсыг дайлах их аян дайнд мөн л Монгол цэргийн манлай ангийг толгойлон Онгуд аймгийг дагаар оруулан, Цавчаал боомтыг олон удаа довтолсон боловч авч чадаагүй юм. Зэв жанжин арга зохион дайсныг өдөөж мэхлэн бэхлэлтээс нь гаргах арга хэрэглэжээ. Зэв жанжин ухарч буй мэт болж морь мал, ачаа, уналгаа орхин, энд тэндгүй хаяж гээх зэргээр заль зохиожээ. Алтан улсын жанжин цэргээ хэрмээс гаргаж, Монгол цэргийг нэхэв. Монгол цэргийн хаясан эд зүйлисийг олзолж авах үед Зэвийн цэрэг Алтан улсын цэргийг гэнэт довтлов.

Алдарт жанжин Мухулай хүртэл довтлоод авч чадаагүй Цавчаал боомтыг Зэв жанжин арга заль зохиож байгаад эзэлж авсан байна. Алтан улсыг эзлэх Монголчуудын зоригийг бадраасан энэхүү үйл явдал Монголын байлдан дагуулалд онцгой чухал байсан юм. Зэв жанжин 1212 онд Цавцаал боомтын дотор орж Жүндүг шахамдуулан, зүүн нийслэлийг шахалтанд оруулжээ. 1213 онд Зэв жанжин Цавчаал боомтыг дахин дайрч эзлэн авсан юм. Алтан улстай дайтах үед Монгол цэрийн буруулан-нэхэн байлдах аргыг чадмаг ашигласан хүн бол Зэв жанжин юм.

Алтан улстай байлдаж байх үед нэг таагүй зүйл болсон нь Хорезм шах Монголчуудтай дайтахаар болсонд байв. 1219 онд Чингисхаан цэргийн гол хүчээ өөрөө удирдан Дундад Азид давшин оржээ. Чингисхаан Зэв жанжинд 2 түмэн цэрэг өгч Хар Хидан улсыг дарах, Дундад Азид хийх цохилтыг чиглэлийн бэлтгэл ажил хийх даалгавар өгчээ. Энэ ажиллагаанаас хамаарч Амударья мөрний хөвөөнд цугласан байсан Хорезмын цэргийн хүчийг задалж, улмаар дайны ажиллагааны амжилт ихээхэн шалтгаалах байв.

Хүчүлүг Хар Хиданыг эрхшээснээр Монголын эсрэг байлдах томоохон хүчийг хуримтлуулсан юм. Хүчүлүг хаан болсныхоо дараа орон нутгийн иргэдийг хүчээр христийн шашинд оруулахаар завдаж, улмаар харгислал үйлдсэн нь хамгийн том алдаа болсон юм. Цэргээ аваад хүрч ирсэн Зэв жанжин энэ байдлыг гярхай ажиглаж, улмаар ихэд олзуурхан хүлээж аваад “шашин шүтэх нь сайн дурын хэрэг” хэмээн зарлаж, зам зуур хотуудыг дагаар оруулжээ. Зэв жанжин цаг үеэ олсон зөв ухаан гаргаснаар олон Монгол цэргийн амь насыг хий дэмий үрэхээс сэргийлж чаджээ.

Зэв жанжин Хүчүлүгийг даран сөнөөснөөр 10 түмэн цэрэг гаргах чадвартай Хар Хидан улсыг номхотгон дарж, 1000 сайн агтыг Чингисхаанд соёрхжээ. Чингисхаан Зэв жанжинд 5000 хошуучлагч морьт цэрэг өгч томилсон ба 1218 оны дүн хүйтэн өвлөөр Алтайн нурууг даван замдаа мориныхоо хөлийн сарлагийн арьсаар ороон, цэрэг нь дах давхарлажээ. Ийнхүү Зэв жанжин 1219 онд цэргийн хамтаар Ферганы хөндий руу бууж ирсэнээр дэлхийн түүхэнд алдаршсан “Ферганы цөмрөлт”-ийг амжилттай хийжээ. Наполеон, Ганнибал нарын Альпийн нурууг давсан аян ч дэргэд нь хүүхдийн тоглоом мэт байсан гэж нэгэн түүхч бичсэн байдаг. Мөн Хорезм шахын бодлогыг эсэргүүцсэн нутгийн иргэдийг дагаар оруулжээ. Улмаар тулан ирсэн Хорезмын давуу хүчтэй тулалдаж, маневрлан төөрөлдүүлж байсан юм. Улмаар байдал нааштай эргэхгүй байгааг анзаарсан Зэв жанжин Хорезм шахын цэрэгтэй тулалдаж байхдаа шөнө дөлөөр олон түүдэг асааж, улмаар буруулан одсон нь дайсныг төөрөгдүүлж байгаад цаг хожиж чадсан юм. Энэ нь Чингисхаанд цохилтынхоо гол хүчийг аван Хорезмын нутагт нэвтрэн орох хангалттай хугацааг гарган өгсөн юм. Зэв жанжны Хорезмын цэрэгтэй хийсэн тулгаралтууд Монгол цэрэг болон Хорезм цэргийн давуу болон сул талуудыг тунгаан олох бололцоог Чингисхаанд олгож, улмаар ирээдүйн байлдааны ажиллагааны стратеги, тактикийг боловсруулахад чухал хүчин зүйл болжээ.

Ферган руу хийсэн Зэвийн цөмрөлт бол үндсэндээ стратегийн томоохон ялалт байсан юм. Улмаар Хорезм шах хүчээ задалж, бутраахад хүргэсэн. Зэв жанжны цэрэг болон Чингисхааны их цэрэг Самарканд хотыг хоёр талаас нь хавсран цохих бололцоо нээгдсэн юм. Энэ бол цэвэр Зэв жанжны гавьяа.
20 сая орчим хүнтэй Хорезмчууд яг үнэндээ Монгол цэргийн довтолгооны эсрэг юу ч хийж чадсангүй. Дайн Хорезмчуудын санаж байснаас тэс өөрөөр өрнөсөн юм. Шах Мухамед өөрийн харьяат иргэдээ аван ухарсаар байжээ. Чингисхаан Зэв, Сүбээдэй нарт 2 түмэн цэрэг өгч шахыг амьд үхсэн аль боловч барьж ирэхийг даалгажээ. Зэв, Сүбээдэй нарын анхны томоохон ялалт нь Каспийн тэнгис дэх шахын үхэл байв. Энэ талаар Английн түүхч Уолкер бичихдээ: “Дайсныг нэхэн дарах аргыг Александр Македон боловсруулсан гэж үздэг бол Монголчууд энэхүү аргыг туйлд нь хүртэл боловсруулж дайснаа зогсоо зайгүй нэхэн устгадаг байжээ” хэмээн бичсэн байна. Зэв, Сүбээдэй нарын удирдсан 20000 цэрэг 1220 оны 12-р сард Азербажанд цөмөрч, Муганы талд өвөлжин 1221 оны 1-р сард Гүржийн Лаша хааны цэргийг хиар цохин Армений жанжин Иване Атабекийн 60000 цэргийг Хунаны хөндийд бутниргэжээ. Ингэснээр Армени, Азербайжан, Гүрж Монголын эрхшээлд оров.

Армени, Гүржийн нэгдсэн цэрэгтэй тулалдахад Зэв жанжин 5000 цэргийн хамт хавцалд нуугдсан бол Сүбээдэй баатар шууд дайсантай тулаллдсан байна. Сүбээдэй жаахан зууралдан тулалдаж байгаад ухрахад Гүржийн цэрэг араас нь нэхжээ. Энэ үед Гүржийн армийн ар талаас Зэв жанжны цэрэг гэнэтийн цохилт өгчээ. Энэ тулалдаанд Гүржийн 30000 цэрэг амь эрсджээ.

Зэв, Сүбээдэй нарын цэрэг 1221-1222 оны үед Кавказын чанадад хүрч Черкезийг дайлан дийлсэн боловч Аланууд, Кипчакууд нэгдсэн хүчээр Монголчуудтай тулж сүрхий эсэргүүцэл үзүүлжээ. Ийм үед Зэв, Сүбээдэй нар Кипчакуудад элч илгээж нэг үндэстэн гэж хэлэн Алануудад тусалдаг чинь ямар учиртай вэ хэмээн асууж, Кипчакуудад шан өгсөнөөр тэд Аланчуудаас салжээ. Удалгүй ганцаардаж хоцорсон Алануудыг Монголчууд дайлж, дараа нь Кипчакуудыг гэнэдүүлэн дайрчээ. Монгол цэрэг Кипчакуудыг дайлсан шалтгаан нь тэд эртний өст Мэргидүүдийг орогнуулж, Монголчуудтай илэрхий дайсагнаж байсанд оршино.

Кипчакууд сарнин бутарч нэг хэсэг нь Крым, нөгөө хэсэг нь Орос руу чиглэв. Кипчакууд Оросуудыг Монголын эсрэг хандуулж чадсан бөгөөд Калка голын тулалдаан болох урьдач нөхцөл бүрджээ. 1222-1223 оны хооронд Зэв, Сүбээдэй нарын цэрэг Кипчакийн талд аялан байлдаж, хүнс хүчээ сэлбэжээ. Сүбээдэй жанжин Крымын хойгт цөмрөн орж Судакийг эзлэв. Энэ довтолгоо бол яг үнэндээ эр зоригийн дууль байсан юм. Учир нь ар талаасаа олон км таслагдсан, давуу хүчтэй дайснуудын нутагт цөмрөн орж цохилт өгсөн нь үнэхээр зориг шаардсан ажил байлаа.

Тэр үед Оросууд өөр хоорондоо тэрсэлдсэн хэд хэдэн вант улсууд болон хуваагдсан байсан юм. Гэсэн хэдий ч Монгол цэрэгтэй зэвсэг зөрүүлэхээр Оросын вангууд нэгдэн 80000 орчим цэрэг илгээжээ. Харин Рязаны ван энэ мэдээг хүлээн авсан ч гэсэн үл хайхран өнгөрөөжээ. Оросууд өөрсдийн нутагт бус харин хүний нутагт байлдана хэмээн цэргээ хөдөлгөж 17 хоногийн аян туулан Днепр мөрнй зүүн эрэгт гарч иржээ. харин Зэв, Сүбээдэй нарт Оросуудтай тулалдах сонирхол байгаагүй юм.

Гэвч Оросууд Монголчуудын явуулсан элчийг хороосноор өөрсдөдөө гай дууджээ. Калка голын эрэгт болсон тулалдаанд эхлээд Оросууд Монголчуудад цохилт өгсөн байдаг. Тэгээд Оросын цэрэг давшилтанд оржээ. Гэхдээ энэ бүхний цаанаа Сүбээдэй, Зэв нарын уран арга байсан юм. Зэвийн манлай цэрэг хэсэг зуур Оросуудтай зууралдан байлдаж байгаад ухран зайлав. Зэвийн гол зорилго бол орос цэргийг ар талаас нь холдуулж, байдлааны эмх журмыг нь алдагдуулах байв. Үүнд хууртсан Оросууд 12 хоногийн турш Монголчудыг нэхэн хөөжээ. Монгол цэрэг сөрөг цохилтыг Калка голын дэргэд хийснээр Оросууд асар хүнд цохилт амсжээ. Калка голын дэргэд байгуулсан Монголчуудын ялалт бол Монголын цэрэг Европ тивийг байлдан дагуулах бүрэн боломжтойг харуулжээ.
Калка голын тулалдаанд Орос-Кипчакийн талаас нийтдээ 130000 цэрэг байсан бол Монглын талаас нийлээд 25000 орчим цэрэг байсан гэж ихэнх судлаачид үздэг. Монголын цэрэг Ижижл мөрнийг гатлан Булгарын харуулыг цохиж, Башкирын нутгийг эзэлснээр гайхамшигт аян дайн өндөрлөжээ. Дэлхий дахины цэргийн түүхнээ гайхагдсан Зэв, Сүбээдэйн аян дайны нууц гадаад болон дотоодын судлаачдын анхаарлыг татсаар иржээ. энэ бүхнээс дүгнээд үзэхэд Чингисхааны нэрийг өрнө дорно зүгт түгээсэн хүн бол Зэв жанжин юм. Зэв жанжны амьдралын ихэнх хэсэг нь эх орноосоо алсад өрнөжээ. Зэв жанжны гол чанар бол цэрэг эрсийнхээ амийг хий дэмий бүрэлгэхийг хүсдэггүй, цагийн байдлыг үнэлэхдээ гарамгай, хамгийн зөв шийдлийг олж чаддаг хүн байжээ. Домогт жанжин маань олон тулалдааныг давсан хэрнээ ердийн нэг өвчнөөр тэнгэрт хальсан гэдэг.

Нийтлэгч: Б.Батмөнх
И. Чинбат. "Чингисхааны 9 өрлөг: Сүбээдэй баатар"
Т. Мандир. "21 хөрөг: Сүбээдэй баатар"
Ш. Насанбат. "Монголын түүхэнд тодорсон 33 жанжин

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан