Австрид Монголчууд давамгайлав

Австрид Монголчууд давамгайлав

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Австрийн Оберварт хотод жил бүр болдог жүдо бөхийн эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээнд Ази, Европ, Америк, Африк тивийн 48 орны 241 жүдоч зодоглосны дунд Монголын таван бөх татамид гарч хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр тасархай түрүүлэв. Тэмцээний эхний өдөр 66 кг-ын жинд нийт 39 жүдоч татмид гарснаас Увс аймгийн Малчин сумын харьяат, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” клубын тамирчин, ОУХМ Д.Алтансүх  Их британи, Казакстан, Серби, Франц, Египедийн бөхчүүдийг дараалан тав ялж аваргын алтан медалиар энгэрээ мялаасан билээ.

Тэгвэл өчигдөр 81 кг-ын жинд манай ОУХМ О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн хоёр урамтай сайхан барилдаж алт, мөнгөн медалиар энгэрээ мялааж, Риогийн олимпийн эрхийн оноогоо нэмэв.

Нийт 45 жүдоч зодоглосон 81 кг-ын  “А” хэсгийг  ОУХМ О.Ууганбаатар тэргүүлэн барилдахдаа эхлээд хийлж дараа нь Польш, Азарбайжан, Казакстан, Австрийн бөхчүүдийг дараалан ялсаар нөгөө талаас шалгаран гарч ирсэн ОУХМ Н.Дагвасүрэнтэй аваргын төлөө барилдаж хоёр торгуулиар ялж алтан медаль хүртсэн юм.

Тэгвэл “D” хэсгийг тэргүүлэн барилдсан ОУХМ Н.Дагвасүрэн Франц, БНХАУ, ОХУ, Ираны бөхчүүдийг сөхрүүлсээр финалд шалгарсан.  Н.Дагвасүрэнгийн хувьд Франц, БНХАУ, ОХУ-ын бөхчүүдийг цэвэр шидэж, Ираны бөхийг торгуулиар ялан аваргын төлөө шалгаран үлдсэн нь дэлхийд бас нэгэн эвгүй өрсөлдөгч тодрон гарч ирж байгааг тунхагласан хэрэг болов.

Харин ОУХМ О.Ууганбаатарын хувьд хэдийнэ жүдогийн мэргэжилтнүүдийн анхаарлын төвд орсноо нотолж Польш, Казакстан, Австрийн бөхчүүдийг цэвэр, Азарбайжаны бөхийг торгуулиар ялж аваргын төлөө гарч ирсэн юм. Ийнхүү Европын цуврал тэмцээнүүдийн нээлт болсон Авсрийн Обервартад Монголын жүдочид илт давуу түрүүлэв. Үүний дараа манай бөхчүүд ХБНГУ-ын Дюсселдорфын Гранпри, Чехийн нийслэл Прагт болох тэмцээнүүдэд зодоглоно. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: eegii1967@yahoo.com

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48