Ж.Мөнхбат: Хууль зөрчсөн Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох ёстой

Ж.Мөнхбат: Хууль зөрчсөн Ерөнхий сайдад улс төрийн хариуцлага тооцох ёстой

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өчигдөр Тусгаар тогтнолын ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 3.5 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн Төв аймгийн Урьдчилан хорих төвд саатуулагдсан ахлах зөвлөх Л.Гансүхтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар уулзсан нь Засгийн газар иргэдээсээ хууль биелүүлэхийг шаардах эрхгүй болгож байна гэж хурлын үеэр онцолсон юм. Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нэг тонн нүүрсийг иргэдэд 80 мянган төгрөгөөр борлуулдаг байсан. Харин Багануурын нүүрс нэг тонн 27500 төгрөг бөгөөд зөрүү нь 52500 төгрөг болно. Нийт борлуулсан нүүрсний хэмжээ 279 мянган тонн аж. Эндээс тус тооцож үзэхэд 14 тэрбум 647 сая 500 мянган төгрөгийн борлуулалт хийсэн дүн гарч ирж байгаа юм байна. Гэтэл “Нүүрс” хөтөлбөрөөс ашиггүй ажилласан гэж тайлбарлаж байсан төдийгүй жижиг,  дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас алдагдлыг нөхөх замаар мөн татаас авдаг байсан. Тиймээс энэ бүхнийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой гэж тус нам үзэж буй аж. Иймд тус намаас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, хууль зөрчсөн сайдад улс төрийн хариуцлага тооцохыг хүссэн мэдэгдлийг УИХ-ын дарга З.Энхболдод хүргүүлэхээр болжээ.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатаас дараах зүйлийг тодруулсан юм.

Яагаад энэхүү мэдэгдлийг хийх болов?

Өнгөрсөн сарын 31-ний өдөр Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хоригдон шалгагдаж буй ахлах зөвлөх Л.Гансүхтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хамт, АТГ-ын мөрдөн байцаагч, комиссар Д.Золжаргалын гаргасан шийдвэрийг үл хүндэтгэн, хууль зөрчин байж очиж уулзлаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн дээрх үйлдэл болон өнгөрсөн сарын 31-ний өдрийн гаргасан мэдэгдэл нь Сэжигтэн, яллагдагчийг баривчлах шийдвэрийг биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-дахь хэсэг, Хууль зүйн сайдын 2013 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Баривчлах, цагдан хорих байрны дотоод журам”-ын 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.2-т заасан шүүн таслах ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна хэмээн АТГ-аас албан ёсоор мэдэгдсэн. Иймд манай намаас УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай зарлан хуралдуулж, хууль зөрчсөн сайдад улс төрийн хариуцлага тооцох ёстой гэж үзэж энэхүү мэдэгдлийг гаргасан.

Мөн Ерөнхий сайд, Хууль зүйн сайдаа дагуулан хууль зөрчин яаран сандран очсон энэ үйлдэл нь өөрийн зөвлөхөө, намын гишүүнээ зүгээр эргэж очсон бус гол зорилго нь хэргээ хаацайлах, үгсэн тохиролцох замаар хэрэг бүртгэлтийн ажиллагаанд саад учруулах зорилготой байсан гэж үзэж байна. Эндээс харахад Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу Монгол Улсын хэмжээнд хуулийг биелүүлж, гардан хэрэгжүүлэх үүрэгтэй Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд нар Ардчиллын амин сүнс болсон хууль шүүхийн өмнө хүн бүр адил тэгш байх зарчимыг, өөрсдөө ийнхүү хуулийг уландаа гишгэж байгаа нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн удирдсан Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газрын энэ үед Монголд ямар ч хууль дүрэм үйлчлэхгүй, дураараа дургих анархист байдал бий болж хуулийн засаглал устсан хэмээн дүгнэж болохоор байна.

Мэдэгдлийг хэзээ хүргүүлэх вэ?

УИХ-ын дарга амарч байгаа учраас МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд орлож байна. УИХ-ын дэд дарга М.Энхболд УИХ-ын даргыг наймдугаар сарын 5-н хүртэл орлох юм билээ. Тиймээс бид наймдугаар сарын 5-наас хойш мэдэгдлээ өгнө. Мэдэгдэл өгсний дараагаар ажлын долоо хоногт багтаан мэдэгдлийн хариуг өгөх байх.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан