Су Нюунт У: Улстөрчид шуналаа орхиж, утаатай тэмцэх хэрэгтэй

-Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн нь эрдэмтдийн судалгаанаас харагдаж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэх хэрэгтэй гэж та үзэж байна вэ?
-Таны асуулт сая долларын биш, тэрбум долларын асуулт байна. Агаарын бохирдлын асуудал бол маш том сэдэв. Энэ асуудлыг шийдэж болно. Гэхдээ шийдэл хямдхан байхгүй. Энэ асуудлыг хэзээ амжилттай шийдвэрлэх вэ гэхээр бүх оролцогч талууд сэтгэл зүрхээрээ нэгдэн хамтран ажилласан тохиолдолд. Засгийн газар, ард иргэд, эрдэмтэн мэргэд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын нэгдмэл хүчээр шийдэгдэнэ.

 

-ЭХЭМҮТ-д л гэхэд 2015 оны байдлаар өсөлтгүй жирэмслэлтийн 435 тохиолдол бүртгэгдсэн байсан. Өсөлтгүй жирэмслэлт агаарын бохирдолтой холбоотой юу?
-Эрүүл мэндийн статистикийг харвал өвлийн цагт Улаанбаатар хотод жирэмслэлтийг зогсоох буюу үр хөндүүлсэн хүний тоо өсдөг юм байна. Жишээлбэл, арванхоёрдугаар сарын үр хөндөлтийн тоог тавдугаар сарынхтай харьцуулахад 3.2 дахин өсчээ. Үүнээс гадна амьгүй төрөлт, бага жинтэй хүүхэд төрдөг нь утаатай холбоотой нь гарцаагүй. Жирэмсэн эх өвлийн цагт гадна болон дотоод агаарын бохирдолд өртөөд байвал эх хийгээд урагт маш муу. Гэр хороололд амьдрахаас өөр аргагүй иргэд гадаа ч, гэрт ч агаарын бохирдолд өртдөг. Учир нь гэрт гал түлдэг учраас илүү их бохир агаараар амьсгалж байна. Хэчнээн сайн нүүрс, сайжруулсан зуух ашигласан ч гэсэн агаарын бохирдол үүсдэг.

 

Улаанбаатар хотод агаарын бохирдлыг хэмжигч станц байрлуулсан есөн цэг байдаг. Мягмар гарагийн агаарын бохирдлын үзүүлэлтийг харахад таван цэгт маш их бохирдолтой буюу 500-гаас дээш хэмжээтэй гарсан байна. Дэлхийн агаарын чанарын индексийг шинждэг үзүүлэлтээр л ажиглалт хийдэг шүү дээ. Тухайлбал, Нисэх, Толгойтын харуулын станц 2400 давж заасан байна. Энэ бол маш аюултай түвшинд хүрснийг харуулж буй үзүүлэлт. Би маш гэж тодотголоо шүү. Мөн өөр хоёр цэгт бохирдлын үзүүлэлт мянга гарсан харагдаж байна. Би энэ статистикийг албан ёсных нь мэдээллийн сайтаас авсан юм. Уг нь цэвэр агаар ердөө 50 гэсэн үзүүлэлттэй байдаг. Ердийн үзүүлэлт буюу шар гэрэлтэй нь 100-гаас бага гардаг. Гэтэл бидний байдлыг хар л даа. Агаарын бохирдол хүүхэд, жирэмсэн эхчүүд, ураг, өндөр настнуудад илүүтэй нөлөөлдөг. Удаан хугацаанд архаг хууч өвчин үүсгэдэг.

 

-Улаанбаатарын агаарын бохирдлыг хэмжигч станцууд хэр бодитой заадаг бол. Танай байгууллага энэ талаар судалгаа хийж үзсэн үү?
-Би юуны өмнө Улаанбаатар хотын захиргааныханд баяр хүргэмээр байна. Хотын захиргааныхан энэ хэмжилтийн багажийг байрлуулсан. Агаарын бохирдлын хэмжээ ямар байна вэ гэдгийг одоо цагт харуулах нарийн үзүүлэлттэй багажийг байрлуулсан. Иргэд агаарын бохирдол ямар байгааг харж, нарийн мэдээлэл авах боломж бүрдсэн.

 

Өмнө нь Улаанбаатар хотын захиргаа агаарын бохирдлын мэдээллийг бодитоор өгөхдөө дурамжхан байна гэсэн мэдээлэл ирж байсан. Би хэд хэдэн харуулын цэг дээр очиж, багажийг нь үзсэн. Инженерүүдтэй нь уулзсан. Ийм багажийг байнга шалгах шаардлагатай байдаг. Харуулын цэгийг хянадаг мэргэжилтнүүд надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Иймээс би мэдээлэл үнэн бодит гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг талаасаа мэдээлэл байгаа нь сайн хэрэг. Гэхдээ зөвхөн хэмжээд байхаас илүү цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг л чухал асуудал юм. Нийт 14 станц байдгийн ес нь хотын эзэмшлийнх гэж би сонсож байсан.

 

-Утаатай огт тэмцээгүй биш. Засгийн газар 93 тэрбум төгрөг зарцуулсан ч төдийлэн үр дүн гарахгүй байгаа. Та хямдхан байдлаар шийдэх боломжгүй гэлээ. Маш хурдан хугацаанд утаанаас салъя гэвэл хэр их хэмжээний мөнгө шаардлагатай бол. Утаатай тэмцэхэд ДЭМБ дэмжлэг үзүүлэх боломж бий юү?
-Ийм том асуудлыг урт болон богино, дунд хугацааны төлөвлөгөө гаргаж шийдвэрлэдэг. Энэ зорилтынхоо дагуу авч хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлж, үр дүнг нь тооцдог арга барил бий. Хамгийн гол нь салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой. Манай байгууллагын хувьд “Эрүүл мэндийг бүгдэд” гэсэн зарчимтай ажилладаг. Энэ зарчмыг мөрдөж, иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулахын тулд зөвхөн Эрүүл мэнд, спортын яам ажиллаад хангалтгүй.

 

Улаанбаатар хотын захиргаа, цаашлаад бүх яам, хүмүүс, судлаачид нэгдэж ийм том асуудлыг шийдвэрлэж чадна. Зарим оронд усны хомсдол, усны бохирдол гээд тулгамдсан асуудлаа шийдвэрлэхийн тулд Ерөнхийлөгчийн түвшний ажлын хэсэг байгуулдаг. Энэ байгууллагад тал бүрийн төлөөлөл багтдаг. Ийм олон талт ажлын комисс байгуулснаар төлөвлөгөө гаргаад үүнийхээ дагуу ажлаа хийдэг. Энэ хорооны даргад шийдвэр гаргах түвшний эрх мэдлийг өгсөн байдаг. Тэгэхээр уг хорооны дарга том эрх мэдэлтэй хүн байна гэсэн үг. Улс төрийн хамгийн өндөр түвшинд энэ асуудлыг хүлээн зөвшөөрч, ойлгосон байх ёстой. Харамсалтай нь Монголд ийм процесс явагдахгүй байна.

 

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаанаар ахлуулсан Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэж бий. Тэгэхээр энэ хороо өндөр түвшинд үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэсэн үг үү?
-Хороо гэдэг маань хэдэн гишүүн сардаа нэг удаа цуглараад нөгөө л асуудлаа ярьчихаад тардаг. Дахиад хэдэн сарын дараа цуглараад өнөө асуудлаа дахин давтацгаадаг. Хороо бол ердөө л ток шоу. Харин би үйл ажиллагаа явуулах эрх мэдэлтэй үндэсний комисс байх ёстой гэж үзээд байгаа юм. Одоо байгаа хороо зөвхөн ярихаас өөр зүйл хийдэггүй. Тэгвэл комиссын дарга нь эрх мэдэлтэй, өндөр түвшинд томилсон, зөвхөн хариуцсан ажлаа л хийдэг хүн байх ёстой. Мөн энэ комисс өөрийн гэсэн сан хөмрөгтэй, нарийн төлөвлөгөөтэй байдаг. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллах хэрэгтэй. Энэ бол хорооноос ялгарах ялгаа.

  • Сингапурын Нийтийн орон сууцны удирдах газар гэж бий. Энэ байгууллага ашгийн бус хэрнээ үнэхээр сайн ажилладаг.
  • Дараагийн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын төлөвлөлтөд зарцуулах хэрэгтэй.
  • Нисэх, Толгойтын харуулын станц 2400 давж заасан байна. Энэ бол маш аюултай түвшинд хүрснийг харуулж буй үзүүлэлт.
  • Нүүрсийг эрчим хүчний эх үүсвэр бүү болго

Бусад оронд жинхэнэ үйл ажиллагаа явуулдаг нэгж нь байдаг л даа. Комиссын дарга мөнгөтэй хүн байх ёстой. Хийх ажлыг нь сайн тодорхой гаргаад төлөвлөгөөнд хүрэлцэхүйц мөнгийг нь шийдэж өгсөн байх хэрэгтэй. Ярьсаар байгаад дуусах биш, ажил хэрэг болгодог байх нь чухал. Тухайн комиссын гишүүдийн хариуцах ажлыг нарийн зааж өгсөн байх ёстой. Одоо үйл ажиллагаа явуулахад бүрэн боломжтой, маш өндөр түвшинд байгуулсан хороо л байвал ажлаа амжилттай хэрэгжүүлнэ. Миний бодлоор зуух болон түлшээ сайжруулсан нь эхний шатны ажил байлаа. Цаашид орон сууцжуулах шаардлагатай. Гэхдээ ашгийн төлөө ажиллаад үр дүнд хүрэхгүй. Улаанбаатар хотын инженерийн шийдлийг маш сайн шийдэх хэрэгтэй. Улаанбаатар бол дөрвөн уулын дунд байрласан. Утаа нь дотроо замхарч, уусдаг тогтоцтой учраас агаарын урсгалыг өөрчилсөн инженерийн шийдэл гаргах шаардлагатай болов уу. Ялангуяа өвлийн цагт ийм шийдэл хийх нь чухал.

 

Харин ДЭМБ-аас эхний ээлжинд нүүрснээсээ салахыг зөвлөж байна. Нүүрсийг эрчим хүчний эх үүсвэр бүү болго. Халаалтаа цахилгаан болон хийгээр шийдэх арга бий шүү дээ. Гэхдээ энэ асуудлыг шийдэхэд улсаас ихээхэн хөрөнгө зарцуулах шаардлага гарна.

 

-Нүүрсний утаанаас салах хамгийн зөв шийдэл бол гэр хорооллыг орон сууцжуулах гэж үздэг. Энэ шийдвэртэй та санал нэг байгаа юм байна?
-Монголчууд өөрсдийн суурьшсан газартаа их хайртай гэдгийг би мэдэж авсан. Гэр хорооллыг орон сууцжуулах гэхээр газраа өгөхгүй гээд суугаад байвал үр дүн гарахгүй шүү дээ. Монголын эдийн засаг хэзээ нэгэн цагт дэлхийн эдийн засгийг дагаад өснө. Эдийн засаг байнга унасан хэвээрээ байдаг зүйл биш. Энэ хямралын үеэс дэлхийн хийгээд Монголын эдийн засаг гарна. Хямралаас гарах үед эдийн засгийн хөгжлийн үе шат ирэх болно. Тэр үед хотын эргэн төлөвлөлтөд маш их хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнийг би яагаад хэлж байна вэ гэхээр “Чингис бонд”-оос нэлээд мөнгийг зам тавих, дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулж байна. Энэ бол зөв зүйл. Дараагийн хөрөнгө оруулалтыг Улаанбаатар хотын төлөвлөлтөд зарцуулах хэрэгтэй. Ард иргэд хотын захиргаатайгаа хамтарч ажиллахгүй бол энэ ажил урагшаа явахгүй.

 

Монгол бол өргөн уудам нутагтай. Хүмүүс нь газартай байхыг хүсдэг юм бол хөдөө орон нутагт хувийн эзэмшлийн газартай байж болдоггүй юм уу. Миний бодлоор хотоос зайдуу газар өөрийн гэсэн газартай, зуны байшинтай амьдрах бололцоо байна. Улаанбаатарт амьдарч, эндхийн хамгийн сайн үйлчилгээг авъя гэж бодож явдаг хүмүүс хотынхоо дүрэм журамд захирагдаад орон сууцыг сонгох хэрэгтэй.

 

Би монголчуудыг Сингапурын туршлагаас суралцаж, нэвтрүүлээсэй гэж хүсэж байна. Сингапурын Нийтийн орон сууцны удирдах газар гэж бий. Энэ байгууллага ашгийн бус хэрнээ үнэхээр сайн ажилладаг. Олон нийтийн орон сууцууд нь маш чанартай, хүмүүс авахыг хүсдэг. 1970-аад оноос эхлээд л ийм орон сууцуудыг барьсан байдаг. Тэгэхээр Монголын улстөрчид өөрсдийнхөө халаасыг дүүргэх шуналаасаа татгалзаж, ард иргэд, Улаанбаатар хотын төлөө Сингапурын олон нийтийн орон сууцны төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал танай нийслэл өөрчлөгдөж, агаарын бохирдлоосоо салж чадна.

Хэрэв дорвитой ажил хийхгүй гэвэл энэ байгаа байдлаасаа хэзээ ч салахгүй. Тэгэхээр нийгмийн хамтын ажиллагаа их чухал. Нийгмээрээ хамтран хөдөлж байж л бохир агаарыг цэвэршүүлж чадна. Надад Монголын улстөрчдийг хардах, тэдэнд итгэхгүй байх шалтгаан байхгүй. Гэхдээ улс төрийн хүрээнийхэнд хэлэхэд хувийн ашиг сонирхол, хамаатан садныхаа ашиг сонирхлыг орхиж, ард түмнийхээ төлөө ажиллаж чадвал Улаанбаатарын хувь тавилан өөрөөр эргэнэ.

Монголд Барилга, хот байгуулалтын яам гэж байдаг ч Сингапурын Нийтийн орон сууцны удирдах газар шиг байгууллага байдаг эсэхийг мэдэхгүй юм. Сингапурын энэ байгууллага төрийн мэдлийнх биш, бас хэн нэгэн эрх мэдэлтэй хүнийх биш, ердөө л олон нийтэд ашгийн бус хэлбэрээр үйлчилдэг бие даасан газар. Сингапурт хэн ч орон сууц худалдаж авахад чөлөөтэй байдаг. Тиймдээ ч танай зарим улстөрчийг Сингапурт орон сууцтай гэж би сонсож байсан. Тэр хүмүүс тус орны хөгжлийг харж л байгаа байх.

Шийдвэр гаргачид зөв хөдөлж чадвал Улаанбаатар 10 жилийн дотор утаанаасаа сална. Үгүй бол агаарын бохирдол гамшгийн хэмжээнээсээ хэзээ ч буухгүй. Утаа бол биднийг сонгож амьсгалуулахгүй. Зайсанд амьдардаг хүмүүс ч адил бохир агаараар амьсгалж л байгаа. Улаанбаатарт хордоогүй хүн байхгүй. Тэгэхээр энэ ажилд өөр хандлагаар хандах хэрэгтэй. Монголын улстөрчид хүсэл эрмэлзэлтэйгээр нэгдэж чадвал хурдан шийдэгдэх ажил. Төр засгийн нэрээр явдаг төслүүд ерөнхийдөө гүйцэтгэл султай байдаг.

 

-Автомашины утаа газарт шингэдэг гэж яриад байгаа. Тиймээс бага насны хүүхдийг тэвэрч явахыг зөвлөдөг. Танай байгууллагаас гаргасан журам, зөвлөмжийг мөрдөөгүй тохиолдол хариуцлага хүлээлгэдэг үү?
-Автомашины утаа, нүүрсний угаар газар руу шингэдэг нь үнэн. Газар руу доошлох тусам агаарын бохирдол илүү болдог. Тиймээс ч Улаанбаатарын цас саарал өнгөтэй байдаг шүү дээ. Иймд ДЭМБ-аас өвлийн улиралд байнга амны хаалт зүүж явахыг зөвлөдөг. Олон удаа ашиглаж, угааж болдог тусгай материалаар хийсэн амны хаалт бий. Энэ маскыг хүүхэд, хөгшчүүлд үнэгүй тараах хэрэгтэй. Засгийн газарт мөнгө байдаг бол хүүхэд, хөгшчүүлд амны хаалт авч өгөөч гэсэн санал тавьмаар байна. Гадаад орчны агаарын бохирдол өндөртэй байхад дасгал хийхгүй байх, удаан явахгүй байх гэсэн зөвлөмжүүд гаргасан.

 

-Утаа танд хэр мэдрэгдэж байна вэ. Та өөрөө амны хаалт байнга хэрэглэдэг үү?
-Би Улаанбаатарт ирээд дөрөв дэх өвлөө үдэж байна. 2012 оны арванхоёрдугаар сард ирсэн. Сүүүлийн үед өглөө гэрээсээ гараад утаа үнэрлэхээрээ ханиалгадаг зуршилтай болсон. Миний амьдарч байгаа газар Улаанбаатар хотын иргэдийн 15 хувийнх нь амьдардаг газарт багтах байх. Гэрт болон ажлын өрөөндөө агаар шүүгчтэй. Үүнийг хүн бүр худалдаж аваад гэртээ тавих бололцоогүй байх. Гэвч иргэд өөрсдийнхөө төлөө боломж бололцоогоороо утаанаас хамгаалах зүйл хэрэглэх хэрэгтэй. Заримдаа надад маш их утаатай бүсэд очиж ажиллах шаардлага гардаг. Гэхдээ би тэнд очоод хоёр, гурван цаг л болдог. Харин тэнд байнга ажиллаж, амьдарч байгаа хүмүүс надад хайран санагддаг. Тэд хэчнээн хэцүү байгаа бол гэж бодогддог юм. Би Монголд ирэхээсээ өмнө Манила гэж маш их бохир хотод ажиллаж, амьдарч байсан. Тэр хотын агаарын бохирдол бол автомашины утааных. 19 сая хүн амтай хот л доо. Далайн эрэгт байрладаг учраас чийглэг салхитай, оройдоо агаар нь цэвэршчихдэг. Монголын агаарын бохирдол бол түүхий нүүрснийх гэдгээрээ онцлогтой. Гэр хороолол 80, автомашины утаа 10, цахилгаан станцууд зургаан хувийн бохирдол үүсгэж байна гэсэн тооцоо гарсан юм билээ. Тэгэхээр Улаанбаатарт бохирдлоос болоод нүүрсийг үнэрлэж, амталж болж байна. Ийм орчинд удаан амьдарвал амьсгалын замын өвчин, уушгины бөглөрөлт, үр зулбах, бага жинтэй хүүхэд төрөх гээд маш олон сөрөг нөлөөтэй.

 

эх сурвалж: засгийн газрын мэдээ сонин

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан