Б.Цогтбаатар: Гэр хороололд амьдарч буй жирэмсэн эхийн ургийн бойжилт дутуу явагдаж байна

Б.Цогтбаатар: Гэр хороололд амьдарч буй жирэмсэн эхийн ургийн бойжилт дутуу явагдаж байна

-Албаны хүний үг-

“Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөнийг энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан билээ. Зөвлөгөөнд “Агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьсан ЭМСЯ-ны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал Б.Цогтбаатартай ярилцлаа. 

-Агаарын бохирдлын асуудлаар олон улсын зөвлөгөөн­ийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг яагаад энэ сэдвээр зохион байгуулж байгаа юм бэ?

-Нэг үеэ бодвол манайхан утааны талаар нэг их ярих, хэлэх нь багасч тэр хэрээрээ хийж  хэрэгжүүлж байгаа ажил нь ч хүрээгээ хумих боллоо. Гэтэлөнгөрсөн хугацаанд утаа багасах тал дээр тийм ч их ахиц гарсангүй.

Тухайлбал, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо идэвхтэй ажиллаж эхэлсэн, Ерөнхий сайд ахлаад салбарын бүх дэд сайдууд нь гишүүн байх хэмжээнд ажиллаж байсан. Түүнчлэн Мянганы сорилтын сангийн төсөл, Цэвэр агаар сан зэрэг олон байгууллага ажиллаж байсан. Энэ ч утгаараа утаатай тэмцэх ажил маань улс төрийн болоод санхүүжилтийн дэмжлэг сайн байлаа. Гүйцэтгэлийн төвшинд нь хүмүүс юу хийхээ мэддэг болчихсон. 

Нэлээд аятайхан бүх салбар гар нийлж хамтарч ажилаж байсан. Учир нь агаарыг бохирдлын асуудал нь түлш, эрчим хүчний эсвэл хор хохирлыг нь үүрдэг эрүүл мэндийн салбарын асуудал биш. Тиймээс хамтдаа асуудлыг шийдэх нь чухал. Гэтэл сүүлийн үед энэ эрчим нэлээд буурах хандлагатай болсон. Тиймээс бид “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” олон улсын зөвлөгөөнийг энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарласан “Цэвэр агаар-Эрүүл ирээдүй” гар зураг, зохион бичлэгийн уралдааны шагналыг гардууллаа. Мөн агаарын бохирдлын талаарх хүүхдүүдийн дуу хоолойг сонсч, тэдний уран сэтгэмжээр илэрхийлэгдсэн зургийн үзэсгэлэнг үзэх боломжийг олгож байгаа. 

-Зөвлөгөөн нэлээд өргөн цар хүрээтэйболж байх шиг байна. Хэчнээн улсын төлөөлөл оролцож байгаа вэ?

-Тус зөвлөгөөнийг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭМСЯ, БОНХАЖЯ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа.

Уг арга хэмжээнд Монгол, Америк, Англи, Австрали, Хятад, Солонгос зэрэг улсын эрдэмтэд болон төр, төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, бодлого шийдвэр гаргагчид гээд нийтдээ 160 гаруй төлөөлөгч оролцож байна. 

Зөвлөгөөнөөр агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, хор уршиг, түүн дотроо ургийн бойжилтод үзүүлж буй нөлөө, Улаанбаатар хотын хүүхдийн уушгины хатгалгаа, амьсгалын замын үйл ажиллагаанд  хэрхэн нөлөөлж байгаа талаархи судалгааны үр дүнг хэлэлцэж байна.

Агаарын бохирдол цаашдаа 5-10 жилийн дараа буурна гэхэд энэ хугацаанд нь бид ард иргэдийнхээ эрүүл мэндийг гаргуунд нь хаяад зүгээр хүлээгээд, хараад зүгээр сууж болохгүй шүү дээ. Тиймээс энэ чиглэлийн үйл ажиллагаанууд дээр тодорхой төлөвлөсөн буюу нэн даруй хэрэгжүүлж эхлэх зүйлүүд дээр эрүүл мэндийн салбарынхан манлайлагч байх үүднээс энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм. 

-Агаарын борхирдол иргэдийн эрүүл мэндэд хэр их нөлөөлж байгааг ямар үзүүлэлтүүдээс харж болдог юм бэ?

-ДЭМБ-ын мэдээлж буйгаар агаарын бохирдол нь архаг өвчлөл, хавдрын өвчлөлийн томоохон эрсдэлт хүчин зүйл болж байгаа. Эдүгээ, гадаад болон дотоод орчны агаарын бохирдолтой орчинд 50 сая хүн амьдарч байгаа бөгөөд жил бүр тэдний 3.1 сая нь наснаасаа эрт хорвоог орхиж байна гэсэн судалгаа байна.

Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онуудад агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгдсэн байгаа юм. 

Ер нь агаарын бохирдолд иргэдийн өртөж байгаа өртөлтийг архаг болон хурц хордлогын хэлбэрээр илэрч байна хэмээн үзэж байгаа. Архаг хордлогын хэлбэр гэдэг нь зүрх судасны эрхтэн системийн өвчин, амьсгалын замын өвчнүүдийн гаралт нэмэгдэж улмаар тухайн өвчний шалтгаанаар хүмүүс эмнэлэгт хэвтэх нь хоёр дахин нэмэгдэж байгаа зэргээс харж болно.

Ялангуяа хүүхэд, өндөр настнуудын дархлалын систем нь муу байгаа хүмүүс хордлогод илүү өртдөг. 

Мөн Улаанбаатар хотод амьдардаг буюу уушгины хавдраар нас барж байгаа нийт хүмүүсийн 40 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалсан байна. Энэ нь архаг хордлогуудын нэг хэлбэр юм.

Харин хурц хордлогын хувьд Лондон хотын тод жишээ байна. Тодруулбал, 1952 онд агаарын бохирдлын хурц хордлогоос болоод хоёр хоногийн дотор 4,000 хүн нас барж байсан. Тэгэхээр манай улсад ийм хэлбэрийн хурц хорлогын хэлбэр тохиолдож байх бий гэдгээс бид байнга болгоомжилж байгаа. 

Тиймээс түүнийг яг мэддэг буюу судалж тогтоодог үндэсний чадавхийг сайжруулах хэрэгтэй байна. Учир нь одоо ч зарим хүмүүс агаарын бохирдлын хурц хордлогод өртөж амиа алдаж буй тохиолдол байгааг бид үгүйсгэхгүй. Ялангуяа хүүхэд, өндөр настнуудын дархлалын систем нь муу байгаа хүмүүс хордлогод илүү өртдөг. 

-Сүүлийн жилүүдэд хүүхэд эхийн хэвлийд байхдаа амьгүй болох нь ихэслээ гэх аймшигтай мэдээлэл цацагдах болж. Энэ тохиолдол ч гэсэн агаарын бохирдолтой холбоотой байх?

-Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээг авч байгаа хэдий ч дорвитой үр дүн харагдахгүй байна. Бидний хоёр өдрийн зөвлөгөөний зорилго нь агаарын бохирдлын хордлого хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа дүгнэлтүүд болон тоо баримтуудаар баталгаажуулж нотлох зорилготой байгаа.

Тиймээс энэхүү хурлын илтгэлүүдийг /судалгааны ажил/ ном болгон хэвлэсэн. Тухайлбал, ургийн бойжилтод агаарын бохирдол хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг тогтоох зорилгоор сүүлийн гурван жил хийсэн “Угаар” гээд судалгаа байгаа. Судалгаанд Сүхбаатар дүүргийн 500 жирэмсэн эхийг хамруулсан. Судалгааны дүнгээр агаарын бохирдлын өртөлт өндөртэй гэр хороололд ойрхон амьдарч байгаа эхийн ургийн бойжилт дутуу явагдаж байгааг тогтоосон. 

Учир нь олон улсад хийсэн судалгаанаас үзэхэд ургийн жин бага байх нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, ирээдүйд амьсгалын замын өвчлөлөөр өвдөх, дархлаа султай хүн болж төлөвших магадлалтай гэж үзсэн байдаг. Тэгвэл судалгааны үр дүнгээр энэ нь батлагдсан. Өөрөөр хэлбэл,агаарын бохирдол өндөр газарт байгаа эхийн ургийн жин хэвийн хэмжээнээс 80 орчим граммаар бага байгаа нь хожмын эрүүл мэндийн урхагийг үүсгэх магадлалтай гэсэн дүн гарсан. 

-Улаанбаатар хотын иргэдийн нийт нас баралтын шалтгааны хэдэн хувь нь агаарын бохирдлоос болж байгаа талаар судалгаа хийж үзсэн үү?

-Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн /2010 оны дүн/ нийт нас баралтын 10 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалсан гэж тогтоогдсон. Үүнээс зүрх судасны эрхтэн тогтолцооны өвчлөлийн шалтгаант нас баралт 29, уушгины хавдрын 40 хувь нь агаарын бохирдлын шалтгаантай байна гэдгийг тогтоосон. Нэг үеэ бодвол агаарын бохирдлыг шат дараатай бууруулахаар ажиллаж байгаа. 

Түүнчлэн бохирдлыг хянах системтэй, иргэд ч энэ талын мэдээлэлтэй болчихлоо. Гэхдээ агаарын бохирдол аюулгүй байдалд хүртэл буурах,  эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндээ хамгаалах талаар иргэдэд зөвлөмж өгөхдөө нарийвчлан хэлж өгөхгүй бол болохгүй байна. Цаг алдаж болохгүй. Энэхүү олон улсын зөвлөгөөний хамгийн гол үр дүн бол нотолгооноос буюу судалгаагаар тогтоогдсон тоо баримтад тулгуурлан үйл ажиллагаа руу шилжихэд оршиж байгаа. 

Өөрөөр хэлбэл, нэгэнт гаргасан судалгааны үр дүнд тулгуурлан цаашид агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бууруулах арга замыг тодорхойлох, эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаарх амьдралд хэрэгжиж болохуйц зөвлөмжийг ард иргэдэд, шийдвэр гаргагчдад хүргэх юм. Тиймээс Улаанбаатар хотын агаарын бохирдлын чиглэлээр судалж байсан болон судалж байгаа гадаадын бүх эрдэмтдийг, хамтран ажиллаж байгаа дотоодын судлаачдыг нэг дээвэр дор цуглуулж цаашдаа хэрхэн ажиллах судалгааны тэргүүлэх чиглэлээ гаргаж байна. 

-Цаашдаа агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийхээр төлөвлөж байгаа зүйл байна уу. Ярихаасаа илүү хийж бүтээх нь чухал байна шүү дээ?

-Цаг хугацаа, хөрөнгө мөнгө хязгаарлагдмал байна. Тиймээс судалгаа хийхдээ санхүүжилтийн боломжоо харж, хамгийн чухал зүйлээ барьж авч судлах болно. Түүнээс давхацсан буюу үр ашиг муутай судалгаа хийхгүй байхаар ажиллаж байна. Тухайлбал, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс сургуулийн сурагчдын дотоод орчны агаарын чанарын асуудлыг илүү анхаарч судалж байгаа. Учир ньагаарын бохирдлын өртөлтөд нөлөөллийн 70 хувь нь дотоод орчны агаараас болж байна гэж үзэж буй. 

Дотоод орчны агаар гэхээр ажлын байр, сургуулийн анги танхим, гэр, нийтийн тээврийн хэрэгсэл орно. Хэдийгээр гадаад орчны агаар муу байсан ч дотоод орчны агаарыг боломжийн төвшинд бариад, хамгаалаад  байх боломжтой. Тиймээс эхлээд судлаад, дараа нь үр дүнтэй ямар арга байна тэр аргуудыг дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад маш өргөн хүрээнд ашиглах боломжтой зөвлөмжийг гаргана. Улмаар зөвлөмжийг хэрхэн хэрэгжүүлэх тал дээр шийдвэр гаргах байгууллагуудын анхаарлыг хандуулахаар анхаарч ажиллана. Ер нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зүгээр л судалгаа яриад өнгөрдөг байгууллага биш. 

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт “Нүүдэл шийдэл” нэвтрүүлгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтыг агаарын бохирдол хэт өндөр байдаг үе буюу хүйтний үед сунгахаар санал дэвшүүлсэн. Мөн албан ёсоор нийслэлийн Засаг даргын Байгаль орчин, экологи хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд албан бичиг хүргүүлсэнийг нийслэлээс дэмжсэн.

Улмаар БСШУ-ны сайд Л.Гантөмөр тушаал гаргаж, амралтыг тав хоног сунгачихсан байгаа. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр бид зөвхөн яриад байх биш хүний эрүүл мэндийг хамгаалах тал дээр бодит арга хэмжээг жижиг гэлтгүй хийж, хэрэгжүүлдэг болох хэрэгтэй гэдгийг харуулж байгаа юм.  

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан