Согтуугаар машин барьж яваад эрүүлжүүлэхэд орсон эрчүүд шиг аархуу хүмүүс үгүй

Согтуугаар машин барьж яваад эрүүлжүүлэхэд орсон эрчүүд шиг аархуу хүмүүс үгүй

Архи уугаад машин барина гэдэг бол онц хүнд гэмт хэрэг гэдгийг бүгд мэднэ. Ямар сайндаа л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг хурц хутга барьчихаад олны дундуур нүдээ тас анин гүйж яваа хүнтэй зүйрлэх билээ.  Тиймээс согтуугаар машин жолоодсон хүмүүс шоронгийн өргөст тор луугаа төмөр цонхтой эрүүлжүүлэх байранд хоноод дараа нь шүүхээр орж автын хэргээр буюу бүгд л 25-ын нэг хэмээх зүйл ангиар яллагдан үг дуугүй ямар ч аргагүйгээр доод тал нь долоо хоног дээд тал нь 30 хоног баривчлагдах ялаар шийтгүүлдэг номтой.

Архины шинэ хууль гарахаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүмүүсийн ял бүр чангарч доод тал нь нэг сар, дээд тал нь 6 сар баривчлагдах ялаар шийтгүүлэх тухай яриа хөөрөө  ч байгаа. Ер нь л бол ингэж чангалах нь зөв юм. Учир нь сүүлийн үед аархаж омгорхсон мөнгөтэй хөвгүүд залуус согтуугаар машин жолоодож яваад баригдах нь элбэг болсон бөгөөд дийлэнх нь өмнө нь нэг удаа баригдаж автомашин жолоодох эрхээ хасуулж үзсэн этгээдүүд байдаг нь дотор эвгүйцүүлж байгаа юм.

Цагдаа нар эхний удаа согтуугаар машин жолоодож яваад баригдсан хүмүүсийг нэг их барьж хорих гэж улайралгүй харин автомашин жолоодох эрхийг нь бүтэн хоёр жилээр хаясч хаяад явуулчихдагийг хүмүүс мэдэх байх. Гэвч машинаа хураалгаагүй учраас хүмүүс жолооны эрхээ хасуулсан хойноо ч гэсэн машин барьсаар байдаг нь нууц биш. Эрүүлдээ ч яахав яаж ийгээд дүрмээ зөрчихгүй эвтэйхэн “салгалаад” яваад байхад цагдаа нар нэг их зогсоож үнэмлэх бичиг баримтыг нь шалгадаггүй учраас тэр. Гэвч нэг удаа согтуугаар машин барьсан хүн ахиад барихгүй гэсэн баталгаа байдаггүй. Харин ч бүр “Болдог юм, Би чаддаг юм” гэсэн муйхар сэтгэлгээгээр архи уусан үедээ шөнө дөлөөр ч хамаагүй машинаа асаан давхиж яваад цагдаад чихдүүлдэг нь элбэг.

Энэ удаа бол машинаа журмын хашаанд ачуулаад харин өөрөө эрүүлжүүлэхэд хүргэгдэж 111-ийн харъяат болохоос өөр аргагүй билээ. Гэхдээ энд нэг хачирхалтай зүйл бас ажиглагдана. Согтуу машин барьж яваад эрүүлжүүлэхэд хоносон эрчүүд өглөө босмогцоо л яаж яваад эрүүлжүүлэхэд хоносон болон согтуугийн зэрэг нь хэдэн бүхэл гарсныг их л хөөр бах тав болгон ярьцгаана. “Минийх хоёр бүхэл 35 хувь гарсан”, “Чинийх ч гайгүй байна. Минийх бүр дөрвөн бүхэл гарсан”, “Намайг тэр үлээгүүр лүү нь үлээхгүй гэсэн чинь цагдаа нар “Өө энэ бүр үлээж чадахгүй болтлоо согтсон байна. Тэгээд биччих” гэхээр нь “За, за үлээе ээ гээд үлээсэн чинь хоёр бүхэл 80 хувь гарсан шүү” гэж ирээд л хөөрөлдөцгөөнө. Эрчүүд ийнхүү бужигналдан холхиж хэрхэн яаж согтуугаар машин жолоодсоноо дайнд яваад ирсэн юм шигээр гайхуулж байх хооронд бараг үүрээр шахуу эрүүлжүүлэхийн үүдэнд ар гэрийнхэн нь шавааралдан ирээд оруулахгүй болохоор эрүүлжүүлэхийн цагдаа нартай хэрэлдэх нь ч үзэгдэнэ. Мөн торон цонх руу очиж завсраар нь ойр дотны хүмүүсээ нэрээр нь дуудан хүйтэн ус ундаа, тамхи зэргийг дамжуулна. Түүнчлэн согтуугаар машин жолоодож яваад эрүүлжүүлэхэд орсон эрчүүд их бийлэгжүү загнаж ойр дотныхоо хэн нэг нь цонхон дээр нь ирмэгц “За манай камерт хэдэн хүн байна. Тоолоодох. 20 хүн байна уу. чи ойрхон 24 цагийн хоолны газар олоод хүн тус бүрд таван хуушуур аваад ир. Бас 20 сав цэвэр ус, таван хайрцаг тамхи аваад ир” хэмээх нь ч ердийн үзэгдэл. Энэ мэтчилэн санаанд оромгүй үйл явдлууд эрүүлжүүлэхийн өргөст тороор хүрээлсэн цонхны цаана өчнөөн болно.

Зарим хүмүүс ойр дотны найзуудаа ирмэгц нь цэвэр усны саванд архи юүлээд хүрээд ир хэмээн захиж эрүүлжүүлэхийн цонхоор 0,5 граммын цэвэр усны саванд юүлэгдсэн архи хүртэл оруулж ирж, чичирч салганасан хүмүүсийн шарыг тайлдаг гээд бодчих. Хаа очиж эрүүлжүүлэх дотор 111-ийнх шиг тамхи, ундаа элэгний нухаш, кофе зэрэг янз бүрийн зүйл гаднаас аваад дамлаж зарахгүй. 111-т бол удаан хугацаагаар яллагдаж очсон хүмүүс гаднаас 1700 төгрөгийн үнэтэй “Улаан шонхор” тамхийг 5000 төгрөгөөр, 3000 төгрөгийн үнэтэй “Парламент” тамхийг 15 мянган төгрөгөөр 350 төгрөгний үнэтэй элэгний нухашийг 3000 төгрөг 200 төгрөгийн үнэтэй “Хаан” кофег 1000 төгрөгөөр дамлан зарж хоригдох хугацаандаа түнтийсэн мөнгөтэй болоод гарах явдал цөөнгүй гэж байгаа. 30 хоногийн баривчлах ялтай орж ирсэн нөхөр хугацаагаа дуустал нойлын өрөө болон бусад зүйлсийг цэвэрлэдэг ажил хийхийн хажуугаар гаднаас дээрхи зүйлийг оруулж ирээд зарахад л гарахдаа доод тал нь 600 мянган төгрөгтэй, дээд тал нь нэг сая төгрөг хуримтлуулж аваад гардаг гэж байгаа. Долоо хоногийн дотор сэтгэл санааны тураалд орж арьс яс болоод гардаг нэгэн байхад сарын дотор сая төгрөг халаасалж аваад гардаг нэгэн ч байдаг бөгөөд ийнхүү эрчүүдийн амьдралын эрээн мяраан элдвийн зүйлийг багтаасан эрүүлжүүлэх хийгээд 111-ийн талаархи бяцхан тэмдэглэлээ өндөрлөе.

 

Б.Мөсөн

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ