Хорих 407-р ангиас илгээсэн бүсгүйн захидал: Эрх чөлөө гэдэг чинь, аз жаргал гэсэн үг

Хорих 407-р ангиас илгээсэн бүсгүйн захидал: Эрх чөлөө гэдэг чинь, аз жаргал гэсэн үг

Яг өнөөдрийн байдлаар Монголын нийт шоронд нийгмийн бүх давхаргын хүмүүс ял эдэлж явна. Уран бүтээлчид , багш, эмч, эдийн засагч, орчуулагч, нябо, нярав, технологичоос эхлээд барилгачин, үсчин, оёдолчин, гоо засалч, тэр ч байтугай бичиг үсэг огт гадарладаггүй траншейгээр өсч бойжсон хүмүүс ч байна. Эд нар өөрийн үзэж харсан хэмжээндээ дүгнэлт хийгээд амьдралдаа асар том зорилго тавьж, алдсан хугацаагаа нөхөж амьдрах хүсэл эрмэлзлэл өвөрлөн эрх чөлөөт амьдралд гарах нь бий. Гэмт хэрэгт туршлагажаад буруу замаар будаа тээгээд ч юм уу, хийсэн хэрэгтээ бус хэлсэн үгэндээ ял аваад ороод ирэх ч хүн байна. Заримд нь эрх чөлөөт амьдрал шоронгийн амьдралаас хэцүү санагддаг ч юм уу сав л хийвэл дахин гэмт хэрэг үйлдээд шоронд буцаад ирдэг. Амьд байна гэдэг хамгийн сайхан боловч хүний эрхэнд байж чадахгүй, хүсэхгүй зүйлээ заавал биелүүлж, зан ааш нийлэхгүй хүнтэй зохицож, үзэн ядсан үйлдэлтэйгээ эвлэрч, өөрөө өөртэйгөө үргэлж тэмцэлдэж байна гэдэг шоронгийн амьдралд маш хүнд зүйл. Эмэгтэйчүүдийн шоронд ямар нэгэн хөдөлмөр хийхийг “Ял” гэж нэрлэдэг бөгөөд ял хийж чаддаггүй нэгнээ “Ялын боол” гэх буюу “Ял хийж чадахгүй байж яах гэж энд ирсэн юм бэ” гэж зандарч гардаг. Харин ял сайн хийдэг нэгнээ “ялны мангас” гэж нэрлэж заншжээ. Үүнтэй эвлэрдэггүй байлаа ч аймаар хатуу хараалын үгэнд нь “Мөрдөн”-гөөс эхлээд дасах хэрэг гарна. Нөгөө эвгүй үгс сүүлдээ хүссэн хүсээгүй “Сайн байна уу” гэж байгаа мэт сонсогдож аргагүй л дасах болно. Хараалын үг хэлэхийн хувьд боловсрол мэдлэг ердөө ч хамаагүй. Тиймээс хараалын хатуу үгтэй зохицох л хэрэгтэй. Зарим нь үүнтэй зохицох гэж өөрийгөө элээн, үзэл бодлоо эвдэнэ. Бүсгүйчүүд юунаас болж гэмт хэрэг үйлддэг вэ гэдэг нь эрүүгийн хуулийн хэдэн заалттай нягт холбоотой

Нэг. Хулгайн зүйл ангиар шийтгүүлэгчид нь ихэвчлэн боловсролгүй, ажилгүй, сургууль завсардсан охид буюу гэр бүл салалт, амьдралын боломжгүйгээс өөрийн хэрэгцээт зүйлээ хөдөлмөрлөх бус бэлэнчлэх гэж боддог хүмүүс юм. Харин зарим нь бүр ужиг өвчин маягийн хулгай хийх донтой хүүхнүүд байдаг юм билээ. Ийм хүүхнүүд шоронд ч  гэсэн юм хумслаад, бусдын ад болдог жамтай.

Хоёр. Эрүүгийн хуулийн 148, 150-р зүйл ангид “Итгэл эвдсэн, албан тушаал ашигласан, улсыг болон хувь хүнийг хохироосон” гэдэг заалт бий. Үүнд ихэвчлэн дээд буюу бүрэн дунд боловсролтой албан хаагчид, худалдаа арилжаа эрхэлдэг, пүүс компанийн захирлын алба хашигчдын санамсаргүй буюу санаатай үйлдэл хамаардаг. Зарим иргэний хэргийг байцаагч, хохирогч хоёроос шалтгаалан эрүүгийн хэрэг болгочихдог нь нууц биш.

Гурав. Эрүүгийн хуулийн 91, 93, 94-р зүйл ангид “Санаатай буюу санамсаргүй, хүний амь нас хохироож, хүнд хөнгөн гэмтэл учруулсан” гэдэг заалт бий. Энэхүү зүйл ангиар шийтгүүлэгчид нь цэвэр хувь хүний алдаа, булчимгүй үйлдэл, архи, садар самууны хар гайгаар гэмт хэрэгтэн болдог. Гэхдээ зарим эмэгтэйчүүд бэлгийн харьцааны болон сэтгэл санааны хүнд дарамтанд орохоороо хүчирхийллээс гарахын тулд маш аймшигтай алхам хийдэг юм билээ.

Дөрөв. Эрүүгийн хуулийн 123, 124-р зүйл ангид “Янхандалт, дээрэм” гэсэн заалт бий. Үүнд хөнгөн хялбар аргаар мөнгө олохын тулд өөрт байгаа хамаг нандин зүйл, нэр төрөө буртаглаад зогсохгүй хулгай хийдэг бүсгүйчүүд багтана. Ингэснээр бие сэтгэл, эрүүл мэндээрээ хохирсон нь цөөнгүй.

Ямар ч хоригдлуудын хамгийн эмзэг үе нь өглөө, оройн тооны цаг байдаг. Ер нь хоёр цаг тутамд тоо авах буюу энэ үед бүх хоригдол эгнэн жагсаад дэс дараалан тоолж, албан хаагчиддаа тоо бүрэн гэдгээ мэдэгдэнэ. Эмзэг үе гэж хэлэхйн учир нь хоригдлуудыг нэрээр нь дуудахад овгоо хэлэн урагш гарч тав, таваараа хайрцаглан суугаад нэгэн дууг дуулцгаадаг юм.

“Эх орон минь түлхээгүй

Эцгийн ухаан ч дутаагүй

Эхийн энэрэл дундраагүй

Энхрий хань минь алдаагүй

Өдөр шөнө шиг хорвоогийн

Өнгө мөнгөнд нь хууртаад

Сархад самуунд халуурч

Сайхан амьдралаас хадуурлаа” гээд бодол болон дуулж суухдаа эцэг эхийнхээ нэр алдрыг шоронгийн дансанд оруулж, чихийг нь хангинуулж, ясыг нь өндөлзүүлж байх  ч гэж дээ хэмээн сэтгэлдээ уйлж хорвоогийн нүгэл, буяны хар цагаан дэнсийг зүрхэндээ мэдэрч өөрийгөө буруутган цээжиндээ хурсан нулимсаа залгихдаа амьдралын үнэ цэнийг мэдэрдэг юм.

Бүсгүйчүүдийн гуниг гутралын харцанд шаналдаг ч юм уу эсвэл үйлдсэн гэмт хэрэгт нь жихүүцдэг ч юмуу, ямар сайндаа л хашаанд ургасан мод хүртэл дэлхий дэлгэнэсэн хаврын сард дэлбээгээ нээж нахиалдаггүйгээр барахгүй, найм, есдүгээр сард дөнгөж дэлбээлээд хагдардаг нь хүн, байгаль хоёр хүйн холбоотойг гэрчлэх мэт. Богд уулын орой ширтэж, үрээ тэврэх мөчийг хормоор тоолон хүлээж, тэнгэрт нисч буй жигүүртэнд ч тэртээд хурдлан өнгөрөх галт тэрэгний зорчигчдод ч , албаа хашаад буух ээлжийнхээ хянагч нарт ч, ар гэрээс нь ирсэн хэн нэгэнд ч далдхан атаархаж, эрх чөлөө гэдэг чинь аз жаргал юм байна шүү гэж хашгирмаар, галзуурмаар там бол шорон байдаг юм билээ. Хүмүүсээ, эмэгтэйчүүд ээ, “Үхэл” гэдэг зайлшгүй ч үхлийн хагацлаас бүү ай, харин уурын мунхаг, шуналын дэвээс болж үүсэх амьдын хагацлаас л алхам тутамдаа сэрэмжилж яваач ээ!

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ