Арьсаа эрүүл үзэсгэлэнтэй байлгах алхмуудаас

Арьсаа эрүүл үзэсгэлэнтэй байлгах алхмуудаас

 

Сүүлийн үед ихэнх бүсгүйчүүд нүүрний арьсныхаа эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах болсон. Арьс бол дотор эрхтэн, эрүүл мэндийн толь.

 Тиймээс бүсгүй та аль үнэтэй, сайн гэсэн гоо сайхны салоноор үйлчлүүлж, бүтээгдэхүүн авч хэрэглээд үр дүнд хүрэхгүй байгаа бол цус, шээсний шинжилгээ хийлгэж, дотор эрхтэн, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт ороорой.

Хүний эд эс бүхэн амьтай, хоорондоо маш нарийн холбоотой учраас сайхан арьстай болохын тулд эрүүл байх нь юу юунаас илүү чухал юм. Эрүүл мэнд гоо сайхны булангаараа охид эмэгтэйчүүддээ арьсаа эрүүлжүүлэх дараах зөвлөгөөг хүргэж байна.

  Эхний алхам

Хэдий үнэтэй, сайн бүтээгдэхүүн худалдаж авсан ч арьс тань хуурайшин холцруутаж, батга гарч шавсан хэвээр байна уу. Энэ зовлонгоос ангижрахын тулд чийгшүүлэгч, тос, өө дарагч зэрэг хэт зузаан оо энгэсэг түрхэхээс татгалз. Таны арьс амьтай учраас хором мөч бүрт тань шиг уужим амьсгалахыг хүсч байгаа гэдгийг мартаж болохгүй. Зарим тохиолдолд, буруу хооллолтоос үүдэлтэй элдэв бактерийн хэмжээ нэмэгдсэнээс хүний бие дэх бодисын солилцоо алдагдаж, арьс гунддаг байна. Энэ бүхнийг цаг алдалгүй эмчилснээр бүсгүй таны арьс сэргэнэ. Харин нарийн шинжилгээгээр дотор эрхтний ямар нэг өөрчлөлт илрээгүй бол “Та арьсаа буруу арчилж байна” гэсэн үг.

Хоёр дахь алхам

Таны нүүр холоос харахад сайхан гялалзаж байна уу. Гэвч ойроос харах үед хусаад авчихмаар зузаан будагтай бол ийм будалт улам овортой харагдуулна. Тиймээс бүсгүй минь нүүр будалтын арга техникээ өөрчлөөд нэг үзээрэй. Та тослог, хуурай, холимог гээд ямар ч арьстай байсан мэдрэмтгий эмзэг арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгааны иж бүрдэл худалдаж авахаас эхлээрэй. Хэт мэдрэмтгий эмзэг арьсанд зориулсан бүтээгдэхүүн нь үйлчлэл багатай, таны арьсанд ямар ч харшил өгөхгүй гэсэн үг. Дараагийн худалдаж авах бүтээгдэхүүн бол “Нарнаас хамгаалах тос” Мэдрэмтгий, эмзэг арьсанд зориулсныг авбал мэдээж сайн. Гэхдээ олдохгүй бол өөрийнхөө арьсанд таарахыг нь сонгоорой. 30-50 хувь гэснээс сонгох боломжтой. Өндөр хувьтай байх тусмаа таны арьсыг илүү хамгаална гэсэн үг. Гол нь баталгаатай, чанартайг нь сонгох нь чухал.

Гурав дахь алхам

Шинээр худалдаж авсан “Хэт мэдрэмтгий арьсны иж бүрдэл”-ээс сүүн шингэн авч, зориулалтын хөвөнд шингээгээд, нүүрээ шугмын дагуу арчина. Нүдний будаг, оо энгэсгээ бүрэн арилгана. Сайн арилахгүй бол сүүн шингэнээсээ нүүрэндээ тарааж түрхээд, хөвөнгөөр зөөлөн арчиж авна. Дараа нь тоник буюу усан цэвэрлэгчээ хөвөнд шингээж арьсны шугмын дагуу арчина. Гэхдээ тоник цэвэрлэгчийн найрлагад ихэнхдээ спирт ордог учраас хэт мэдрэмтгий эмзэг арьсны иж бүрдэлд багтаахгүй байх тохиолдол ч бий.

Хэрвээ байхгүй бол нүүрээ бага зэрэг норгоод, мэдрэмтгий арьсанд зориулсан хөөсөөр булхаж угаагаарай. Тос, энгэсэг, хөөсний үлдэгдлийг юу ч үгүй арилгахын тулд бүлээн усаар маш сайн угаах хэрэгтэй. Тосны үлдэгдэл гүйцэд арилаагүй юм шиг санагдвал эхний удаа зориулалтын гуужуулагч хэрэглэж болно. Учир нь таны нүүр хэт их будагт гүн бохирдсон байх магадлалтай. Одоо таны нүдэнд харагдаж байгаа элдэв өө сэв хэдхэн хоногийн дараа ор мөргүй арилна. Эрүүл толигор, гэрэлтсэн царайтай болохын тулд багахан цаг зарцуулахад л болно.

 Дөрөв дэх алхам

Юу юугүй таталдах арьсандаа бүсгүй та шөнийн чийгшүүлэгч түрхээрэй. 3-5 минутын дараа арьс амрааж, тэжээл өгөх зориулалттай шөнийн тос нэмж түрх. Мэдээж, энэ бүхэн таны шинээр худалдаж авсан хэт мэтрэмтгий эмзэг арьсны иж бүрдэлд багтсан байх учиртай. Шөнийн чийгшүүлэгчгүй иж бүрдэл авсан бол шөнийн тосоо дангаар нь түрхээд, гадна талаас чийгшүүлэгч шүршээрэй. Цацдаг чийгшүүлэгчийг манайхан ихэнхдээ энгэсэг шингээх зорилгоор хэрэглэдэг. Гэвч энэ нь будаагүй арьсыг ч чийгшүүлж, сэргээх давхар үйлчилгээтэй. Мэдээж зовхины тосоо мартаж болохгүй.

 Тав дахь алхам

Үр дүнд хүрэхийн тулд бүсгүй та зөв хооллох хэрэгтэй. Ялангуяа, хэт их өөх тос, халуун ногоо, өтгөн кофе, архи тамхинаас татгалзах ёстой. Өглөө, өдөр илчлэгтэй хүнс хэрэглэж, хоёр литрээс доошгүй шингэн бага багаар уугаарай. Харин унтахаасаа хоёр цагийн өмнө шингэн хүнснээс татгалзахыг зөвлөе. Учир нь оройтож уусан шингэн бөөрөнд ачаалал өгч, улмаар та тав тухтай, бат бөх унтахад саад болно. Хүн биологийн амьтан учраас био хэмнэлээ даган, орой эрт унтаж, өглөө эрт босвол, сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн байдаг. Гэхдээ амралтын өдрүүдээр илүү сайн унтаж амраарай. Унтах тусам бүсгүй таны арьс амарч, өнгөлөг харагдана.

Арьсандаа санаа зовж, асуудлаа хэрхэн шийдэх талаар бодож буй охид бүсгүйчүүд та бүхэн минь сэтгэлээр уналгүй үдэш бүр арьсаа зааврын дагуу цэвэрлэж, чийгшүүлэн дээрх зөвлөгөөг ягштал хэрэгжүүлээрэй. Ингэж чадвал сар хүрэхгүй хугацааны дараа арьсны өнгө сэргэж, эрүүлжих болно.

Ө.Око
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ