Толигор сайхан арьстай болохыг хүсч байна уу

 Толигор сайхан арьстай болохыг хүсч байна уу

 

Бид бүгд сайхан толигор арьстай болохыг хүсдэг шүү дээ. Харин сайхан арьстай болохын тулд арьсаа байнга чийгшүүлж, цэвэрлэж, тэжээл өгч байх хэрэгтэй. Нүүрний арьс байнга цэвэр байх шаардлагатай. Учир нь орчны бохирдол, гоёлын энгэсэг, тоос тоосонцор нь арьсан дээрх тостой холилдож, арьсыг чөлөөтэй амьсгалах боломжгүй болгон, батга гарах нөхцлийг бүрдүүлж өгдөг байна.
Нүүрний арьсыг угааж цэвэрлэж болох ч гэрийн нөхцөлд бэлтгэсэн лосьоноор арчилж цэвэрлэх нь илүү тохиромжтой. Тараг нь уухад амттай, ашигтай төдийгүй гоо сайханд ч бас тустай гэнэ. Ямар ч төрлийн арьсыг тараг маш сайн цэвэрлэж, цайруулдаг байна. Ийм арчилгааг өдөр бүр хийсэн ч болно. Тослог арьсанд илүү исгэлэн бүтээгдэхүүн тохирдог тул дулаан газар 2 – 3 хоног байсан таргаар цэвэрлэхэд илүүтэй тохирдог.
Таргаар арьсаа цэвэрлэхдээ хөвөнгөө тарганд дүрж, тойрог хөдөлгөөнөөр нүүрээ арчиж цэвэрлэнэ. Арчих бүрт хөвөнгийн гадаргууд бохирдол наалдаж үлдэнэ. Хамгийн сүүлд нь тарагныхаа үлдэгдлээ арилгах хэрэгтэй.

Тослог арьсыг сүүний шар усаар тогтмол угааж байх нь тустай. Шар усыг тарагнаас маш амархан гарган авч болно. Таргаа гал дээр халаахад аяндаа шар ус ээдэм болон ялгарна. Аарцаар нь нүүрэндээ бигнүүр тавьж, шар усаар нь нүүрээ угааж цэвэрлэх хэрэгтэй.

Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуу оргиж болно. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж тарагаа арилгана. Харин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно.

Тослог арьсанд олон тооны хар толбонууд үүссэн байдаг. Түүнийг овьёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарагны тусламжтайгаар цэвэрлэж болно. Будаагаа махны машинаар машиндаж нунтагла. Нэг шилэн аяганд дээрх хольцоо хийж нэг халбага хүнсний сод нэмээд, бүгдийг сайтар хутгаж, битүү тагласан шилэн саванд хийж хадгална. Нүүрээ цэвэрлэхдээ нэг халбага холимогоо тарганд хийж хутгана.

Цэвэр хөвөнд  тарагтай хутгасан холимогоо дух, хүзүү, эрүүний хэсэгтээ түрхэнэ. Арьсандаа тойрог хөдөлгөөнөөр, чөлөөтэй гулгах боломжгүй болтол нь иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар угаахад арьсны үхэжсэн хэсэг, бохирдол, тоосноос бүрэн цэвэрлэгдсэн байх болно.
Бүсгүйчүүдээ, заавал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнээр бус гэрийн нөхцөлд өөрсдийн бэлдсэн бүтээгдэхүүнээр арьсаа толигор сайхан болгоорой.

Ө.Око

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан