Шоронгоос хоёр удаа оргосон хар тамхины бүлгийн толгойлогчийг баривчилжээ

 

Мексик улс дахь хар тамхины бүлэглэлийн зартай толгойлогчдын нэг “Эль Чапо” буюу “Тагжгар” хочит Хоакин Гусманыг цагдаа нар дахин баривчилжээ. Зургаан сарын өмнө чанга дэглэмтэй хорих газраас оргосноосоо хойш тэрээр олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм.

 

Түүнийг баривчилсан талаар Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья-Ньето өөрийн Твиттер хуудсаар дамжуулан олон нийтэд зарласан байна.

 

Хоакин Гусман Синалоа муж дах хар тамхины бүлэглэлээрээ дамжуулан кокаин, героин, метамфитамин зэрэг мансууруулах бодис АНУ руу хууль бусаар хил давуулан худалдаалдаг байжээ. Гусманыг мексикийн цагдаа нар АНУ-ын холбогдох албаныхны дэмжлэгтэйгээр Мексикийн хойд хэсэг дэх Синалоа мужийн жижиг зочид буудлаас баривчилсан байна. Түүнийг баривчлах тусгай ажиллагааны үеэр хар тамхины бүлэглэлийн таван гишүүн алагджээ.

 

Хоакин Гусман 1993 онд баривчлагдан хорих ял эдлэх явцдаа 2001 онд хорих газрын харгалзагчдыг хахуульдан, цагаан хэрэглэлд нуугдаж шоронгоос оргожээ.

 

Үүнээс 13 жилийн дараа түүнийг Пенья-Ньетогийн засгийн газар дахин баривчилж чадсан боловч Гусман хоригдоод 18 сар ч болоогүй байхдаа дахин чанга дэглэмтэй хорих газраас оргож чадсан юм. Энэ удаад тэрээр шоронгийн өрөөнийх нь шүршүүр доогуур ухсан 1,5 км урт хонгилоор дамжин оргосон юм.

 

Түүнийг баривчилснаар Мексик улсын хууль сахиулагчид гэмт хэрэгтэй тэмцэх бүрэн чадвартайгаа нотлон харууллаа гэж ерөнхийлөгч Пенья Ньето үзэж байна.

 

АНУ-ын засгийн газар Гусманыг зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн, мөнгө угааж, хар тамхи наймаалсан, хүний амь бүрэлгэсэн зэрэг олон хэрэгт буруутган, түүний хэргийг өөрийн нутаг дэвсгэрт шүүн таслах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байгаа юм.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан