“Хүрээ” амаржих газрын Ерөнхий эмчид хариуцлага тооцуулна

АТГ-аас 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор нийслэлийн “Хүрээ” амаржих газарт ажилласан дүнгээ танилцуулж байна. Тус газраас Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд амаржих газрын ерөнхий эмчийн тушаал, шийдвэрийг хянан үзэхэд дараах зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, тус амаржих газрын ерөнхий эмч Б.Оюунханд нь төрсөн ах Б.Батчулууныг эмнэлгийн слесариар томилсон бөгөөд түүнд улирал тутамд үр дүнгийн урамшуулал өгч, 2015 онд нийт илүү цагийн хөлсөнд 813.546 төгрөгийг, үр дүнгийн урамшуулалд 226.559 төгрөгийг тус тус олгосон байна. 


Мөн төрсөн дүү Б.Чулуунбаттай гэрээ байгуулж амаржих газрын байранд 6 ам метр талбайг түрээслүүлжээ. Ерөнхий эмч Б.Оюунханд нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй дээрх шийдвэрүүдийг удаа дараа гаргахдаа хууль тогтоомжид заасан үүргээ хэрэгжүүлээгүй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг, мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-д заасныг тус тус зөрчсөн үйлдэл юм.

Ерөнхий эмч Б.Оюунханд, зөвлөх эмч Ж.Оюунцэцэг нар мэс заслын тасгийг засах нэрийдлээр 2014 оны 6 дугаар сард “Төгс-Ялгуун” группээс 16 сая төгрөгийн хандив хүлээн авсан ч уг хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаас зохих зөвшөөрлийг аваагүй нь мөн хууль зөрчсөн үйлдэл ажээ. Түүнчлэн 2015 онд тушаал, шийдвэр гаргалгүйгээр 355, 471 дүгээр төлбөрийн хүсэлтээр нийт 43.154.200 төгрөгийг нийт ажилчдын үр дүнгийн урамшуулалд зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.3 дах хэсгүүдэд заасныг тус тус зөрчсөн байна.

Иймд авлигын эсрэг хууль тогтоомжоор төрийн байгууллага албан тушаалтанд хүлээлгэсэн нийтлэг үүрэг болон албан үүрэгтэй нь холбогдох хориглолт, хязгаарлалтыг удаа дараа зөрчсөн нийслэлийн “Хүрээ” амаржих газрын ерөнхий эмч Б.Оюунхандад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу зохих арга хэмжээг авахуулахаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбатад Авилгатай тэмцэх газраас албан бичиг хүргүүлжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан