Ч.Ганбатыг шалгах явцад дахин 722 мянган ам.долларын хэрэг илэрчээ

 

Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг баривчлан шалгаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрлөө. Шинэ оны өмнөхөн түүнийг саатуулах хугацааг дахин 30 хоногоор сунгах шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Энэ хэргийг ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байсан бол ойрын өдрүүдэд АТГ уг хэргийн материалыг татан авч хамтарсан ажлын хэсэг шалгаж эхэллээ гэх албан ёсны эх сурвалжийн мэдээлэл нийтлэгдэх болжээ. Харин энэ хэргийн “Бүр цаад эзэд” буюу тухайн үед Зам, тээврийн салбарыг удирдаж байсан Х.Баттулга, А.Гансүх нар эдүгээ мөнөөх л энэ бол улс төрийн шалтгаантай, Тавантолгойг авах гэсэн нүүрсчдийн намын захиалга, биднийг шалгаад байгаа зүйл байхгүй гэсэн улстөржсөн тайлбарыг өгч байна. Үнэн хэрэгтээ тэднийг оны өмнө хоёр ч удаа мэдүүлэг өгсөн гэдгийг албаны эх сурвалжууд хэлж буй. Тэд хавтаст хэрэгтэй танилцъя, өмгөөлөгчтэй ирэх хүсэлтийг гаргасан байдаг. Энэ нь ч муу хэрэг биш. Ерөнхийлөгчийн хэлснээр аливаа асуудалд нэр холбогдсон бол “зангиагаа засаад” очих нь зүйн хэрэг. Харин тэдний удирдлагад ажиллаж байсан, тухайлбал, Х.Баттулгыг ЗТБХБ-ын сайдаар, дараа нь ҮХАА-н сайдаар ажиллахад зөвлөхөөр нь ажиллаж байсан “Либерти Партнерс” компанийн Гүйцэтгэх захирал Чулуунхүүгийн Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Пүрэвдоржийн Бат-Эрдэнэ нарыг эдүгээ интерполоор эрэн сурвалжлаад удаж байна.

“Шинэ төмөр зам” төслийн санхүүгийн зөвлөхөөр ТЭЗҮ-ийг хийсэн “Маккинсэй” компанитай “Монголын төмөр зам” ТӨХК-тай байгуулсан гэрээний асуудлаар Ч.Ганбатад холбогдох хэргийн мөнгөн дүн нь 600 мянган ам.долларын хэрэгт шалгагдаж байсан бол шалгалтын явцад дахин 722 мянга 381 ам.долларыг татвар төлөлгүй авсан гэх баримтууд олдоод байгаа юм байна. Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын 26-ны 28 дугаар тогтоолд санхүүгийн зөвлөхийг 3 сая 60 мянган ам.долларт багтан санхүүжүүлэх, шаардлагатай хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргахыг Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Шинэбаатарт даалгаж тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нар гарын үсгээ зурсан байдаг. Үүний дагуу “МТЗ” ТӨХК нь “BNP Paribas” болон “Guggenheim” компаниудтай 2013 оны тавдугаар сарын 24-нд гэрээ байгуулжээ. Гэрээний эхний дүн 1 сая 440 мянган ам.доллар байсан бололтой. Энэ гэрээнд “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнийн гарын үсэг буй.

Зураг тайлбар: Та бүхэн анзаарч харвал санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээнд “Либерти Партнерс” ХХК байхгүй байгааг харж болно. 

Гэтэл явцын дунд гэрээ дүнг 3 сая 600 мянган ам.доллар болгон өөрчилж Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын зөвлөх Ч.Ганбат, түүний эзэмшлийн “Либерти Партнерс” ХХК орж ирсэн байдаг. Тэр ч байтугай  гэнэт гарч ирсэн “Либерти Партнерс” ХХК нь анх гэрээ байгуулсан хоёр компанийн хамт Хөгжлийн банк руу нэхэмжлэхээ явуулаад 2013 оны наймдугаар сарын 7-ноос эхлэн 2015 оны нэгдүгээр сарын 12  хүртэл сар бүр 46 мян 667 ам.доллар, нийт 722 мянга 831 ам.доллар авчээ. Гэхдээ гадны хоёр компаниасаа ялгаатай нь Монгол Улсдаа татвараа төлөөгүй аж.

Зураг тайлбар: Сайдын зөвлөх Ч.Ганбатын компани гэрээ байгуулаагүй мөртлөө Хөгжлийн банкнаас санхүүжилт нэхэмжлэн тухай бүртээ гарган авч байжээ.

Анх хоёр компани шалгарсан байтал яагаад гэнэт орж ирэх болсон, гэрээ байгуулаагүй байтал хэн түүнд санхүүжилт олгохыг дэмжин шийдвэрлүүлж байсан, юуны учир 722 мянган ам.долларыг татвар төлөлгүй авч гарах болов. Энэ нь гэмт хэрэг үү, залилан уу? гэдгийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Өмнө нь МакКенсэй компанитай “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ байгуулахад ч мөн л гэрээгүй байснаа гэнэт орж ирээд  600 мянган ам.долларыг татвар төлөлгүй, ижил үйл ажиллагаа явуулсан гадны компаниудаас онцгой давуу эрхтэйгээр “бүрэн бүтэн” авчихсан нь баримтаар илчлэгдэж байсан энэ хэрэг ийн давтагдсан бололтой. Дашрамд дурдахад “Либерти Партнерс” компанийн гүйцэтгэх захирал Ч.Ганбат нь өмнө нь Мозамбик улсад мөн л уул уурхайн төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байсан, захирлынхаа хамт яг дээрх хэргийн адил нөхцөл байдлыг үүсгээд уг төслөөсөө гарсан гэх мэдээлэл олдоод байгаа юм. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө АН-ын ҮЗХ-ны хурал дээр УИХ-ын гишүүн Х.Баттулга “Эдийн засгийн алуурчны наминчлал” номыг гартаа барин “алуурчдаас болгоомжил” хэмээн ярьж зогссоныг та бүхэн санаж байгаа биз. Гэтэл шүүмжлээд байсан хүмүүстэйгээ ижил нөхдүүдийг багтаа авч аливаа улсын эдийн засгийн толь, хөдөлгөгч хүч болдог төмөр замын бүтээн байгуулалтыг 8 жил гацаалаа. Ч.Ганбатын үйлдлүүдээс анзаарахад Монгол Улсад суурин амьдрахгүй гэх төлөвлөгөөтэйгээр байсан болов уу гэмээр харагддаг ч учруулсан хохирлоо төлөх, тохирсон гэм зэмээ хүлээх ёстой гэдэг нь ойлгомжтой. Харин тодорхой баримт нотолгоо бүхий ийм хэргийг сонгууль угтсан акц, улс төрийн зохиомол хэрэг мэтээр тайлбарлах нь өөрөө гэмт үйлдэл болно гэдгийг ч сануулахад илүүдэхгүй биз ээ.

Хөгжлийн банкнаас үтэр түргэн гаргаж өгсөн 722 мян ам.долларыг 2017 оны 1-р сарын 1-ээс төсөвт тусган та бидний цалин, орлогоос төвлөрүүлдэг татварын мөнгөөр эргэн төлнө гэдгийг бүү март!!!

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан