Жүжигчин Д.Оюунтуул : Шүүхийн шийдвэрүүдээ аваад бүгдийг нь та бүхэнд дэлгэнэ ээ.

 

Шинэ үе” продакшины жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Оюунтуул болон Ц.Алдармаа нар жил гаруйн өмнөхөн хоорондоо маргалдаж, улмаар бие биеэ халуун усаар түлж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан билээ. Багагүй асуудал дэгдээсэн хэрүүл маргааны үеэр жүжигчин Д.Оюунтуул аягатай ус авч Ц.Алдармаа руу шидсэн гэх мэдээлэл байдаг. Гэвч маргаан өндөрлөж, маргааш өглөө болоход уур бухимдал нь тайлагдаагүй Ц.Алдармаа ус буцалгагч дүүрэн шалзлам халуун усаа Д.Оюунтуулын хүзүүн дээрээс асгаж хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон юм. Олны анхаарлыг татсан эл хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж Ц.Алдармаад долоон жил, нэг сарын хорих ял оноосон ч Д.Оюунтуул ууч сэтгэл гарган “Гомдолгүй” гэснээр тэр хоёр жилийн тэнсэн харгалзах ялтайгаар хэргээс мултарсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд бие сэтгэлийн шаналалд автаж, өдийг хүртэл тасралтгүй эмчилгээ хийлгэж ирсэн жүжигчин Д.Оюунтуул уран бүтээлдээ ороод удаагүй байгаа. Гэтэл ор сураггүй шахам байсан жүжигчин Ц.Алдармаа өчигдөр “С1” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож, түүний талаархи таагүй ойлголт төрүүлэхүйц нэлээд хэдэн зүйлийг ярьснаар олон нийтийн анхаарлыг татсан юм. Үүнээс болж жүжигчин бүсгүйчүүдийн асуудал дахин сөхөгдөж, цахим ертөнцөд бараг л хоёр талцсан хэрүүл дэгдээд эхэллээ. Ингээд уг асуудлын талаар Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Оюунтуултай холбогдон албан ёсоор тодруулга авснаа хүргэе.

-“Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон жүжигчин Ц.Алдармаагийн ярилцлагыг та үзсэн байх. Өнгөрсөн хугацаанд таниас албан ёсоор уучлалт гуйсан тухайгаа олонд дэлгэсэн. Энэ үнэн үү?

-Харин тэгж яриад байна лээ. Үнэндээ бол надаас ганц ч удаа уучлалт гуйгаагүй юм шүү дээ. Гэтэл чухам яагаад тэгж худал ярьсанд нь гайхаж байна. Би удахгүй хэвлэлийнхэнтэй уулзаж, албан ёсоор ярилцлага мэдээлэл өгөх гэж байгаа. Шүүхийн шийдвэр, баримт тогтоолуудаа аваад үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй байх.

-Түүний хувьд, өөрөө ч бас хохирогч гэж ярьсан. Үнэхээр тэгж олон хоног хоригдсон, бас дээр нь таныг өч төчнөөн мөнгө нэхэмжилсэн гэдэг нь үнэн юмуу?

-Үгүй ээ, яагаад гурван сар хоригдсон гэж яриад байгаа юм бол... Уг нь бол хоёр сар ч хүрэхгүй хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх дамжин өнгөрүүлэх төвд байсан шүү дээ. Гэтэл энэ нэвтрүүлэгт огт өөр зүйл ярьж, бас тэр сэтгүүлч Мөнхбаясгалан хүртэл миний эсрэг байр суурийг баримталсан хандлагатай асуулт тавьж байна лээ. “Цензургүй яриа” гэсэн мөртлөө хэт нэг талыг харуулах гэдэг нь ч ямар учиртай юм, бүү мэд. Юутай ч, удахгүй шүүхийн баримт бичгүүдээ аваад хэвлэлийнхэнд хандана гэж төлөвлөөд явж байна.

-Яг хэзээ хандах вэ?

-Өмгөөлөгч маань хөдөө ажлаар явчихсан байгаа л даа. Бас шүүгч маань Ховдод ажиллах гээд явчихсан, оронд нь Долгормаа гэдэг хүн очсон гэсэн. Шүүгчийн туслахтай нь холбогдсон, удахгүй өөрийнхөө бичиг баримтууд болон шүүхээс гаргасан тогтоол шийдвэрүүдийг хувилуулаад ч болов авах гэж байгаа. Үнэндээ өглөөнөөс хойш хэвлэлийнхэн утасдаад, янз бүрийн хүмүүс элдэв үгтэй мессеж, коммент явуулж байна. Уг нь эрүүл мэндээ бодсон ч тэр. Асуудалд тайвнаар хандаж, хуулийн дагуу арга хэмжээ авья гэж бодож байсан юмсан. Гэтэл үүнээс болоод бие тавгүйрхэж, стрессдэж эхэллээ шүү.

-Тэгэхээр таныг эмчилгээний зардал гэж 35 сая төгрөг нэхэмжилсэн зэрэг нь бүгд шүүхээс гаргасан шийдвэр байх нь ээ?

-Тийм ээ, шүүхийн шийдвэр. Ц.Алдармаагийн хувьд, өмнө нь хоёр ч удаагийн шүүх хурлыг хойшлуулж байсан. Харин гурав дахь удаагийн шүүх хурал нь саяхан болсон шүү дээ. Тэр хурлаар миний эмчилгээний зардлыг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан хэрэг. Шүүх хурал дээр миний “Гомдолгүй” гэсэн гарын үсэгтэй бичиг, мөн Ц.Алдармаа болон түүний эгчийн гаргасан “Эмчилгээний зардлыг нь бүрэн хариуцна” гэсэн албан ёсны бичиг ч баримт нотолгоотой бий. Өмгөөлөгч маань энд тэнд элдэв янзын мэдээлэл өгөхөөсөө илүүтэй энэ мэт албан ёсны баримтуудаа аваад хэвлэлийнхэнтэй уулзах хэрэгтэй гэж зөвлөсөн.

-Та багагүй хугацаанд эмчлүүлсэн. Эмчилгээний зардал мөнгөө олох гэж хэрхэн зүдэрч, зээл тусламж авч байсныг чинь таны найз нөхөд нуугаагүй. Солонгос руу ойр ойрхон очиж лазерын аппаратанд ордог, арьс нөхөн төлжүүлэх эм тариа, тос гээд л байнгын арчилгаатай байдаг гэж?

-Үнээн. Би зургаан удаа Солонгост очиж эмчлүүлсэн. Тэр бүхнээс ганцхан удаагийн зардлыг нь Ц.Алдармаа гаргасан байхгүй юу. Үлдсэн таван эмчилгээнийхээ зардлыг олох гэж нэлээд асуудалтай явсан нь үнэн. Зургаа долоон сарын дараа шүүх эмнэлгийн үзлэгт ороход мэдээж хэрэг шарх сорвины маань тал хувь нь эдгэчихсэн байсан. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хэдийд, хэрхэн эмчлүүлсэн, хэр хэмжээний мөнгө зарцуулсан зэрэг нь тодорхой баримттай байгаа. Энэ бүхэн дээр үндэслэн шүүхээс эмчилгээний зардалд зарцуулсан 35 сая төгрөгийг нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан.

-Ц.Алдармаагийн хувьд, шүүхээс гаргасан тогтоолын дагуу 25 сая төгрөг өгсөн. Таныг бараг дур мэдэн мөнгө нэхэмжилсэн гэж яриад байгаа шүү дээ?

-Угаасаа эмчилгээний зардалд зарцуулсан мөнгөний маань баримтууд бүгд бий. Шүүхийн шийдвэрүүдээ аваад бүгдийг нь та бүхэнд дэлгэнэ ээ. Мөн тэгж хэт нэг талыг баримталсан нэвтрүүлэг хийгээд байгаа сэтгүүлч Мөнхбаясгаланд хандаж “Чухам яагаад ийм худал мэдээлэл хүргэж байна вэ” гэсэн асуултыг албан ёсоор тавина. Ц.Алдармаагаас нэвтрүүлгийн үеэр “Та шүүх хуралд оролцохдоо нэг ч үг хэлээгүй” гэж асуусан шүү дээ. Гэтэл шүүх хурал дээр Ц.Алдармаа уг хэргийн талаар мэдүүлэг өгч, шүүгчдийн асуусан асуултад хангалттай хариулсан. Миний хувьд бусдаас нууж хаагаад байх зүйлгүй ч, Ц.Алдармаагийн ар гэрийнхэн “Шүүх хурлыг хаалттай явуулъя” гэсэн хүсэлт гаргасан. Гэхдээ шүүх хурал дээр чухам юу ярьж байгааг нь сонсох боломжгүй боловч дүрс бичлэг нь шүүхийн танхимын гадаа тодорхой гардаг учраас тэнд байсан сэтгүүлчид ч Ц.Алдармааг хэрхэн ярьсныг харсан биз ээ. Харин тэр Мөнхбаясгалан сэтгүүлч тэнд байгаагүй атлаа огт худал зүйл яриад байсныг нь гайхаж сууна.

-Магадгүй, таныг уран бүтээлдээ эргээд орсон болохоор “Одоо бүрэн эдгэрсэн мөртлөө юунд тийм их мөнгө нэхэмжилсэн юм бол” гэх хардлага хүмүүст төрсөн байх?

-Би одоо хүртэл эмчлүүлж байгаа. Гэхдээ тэр хүн ч гэсэн ажлаа хийгээд асуудлаа ингээд нэг тийш нь шийдчихэж болох л байсан. Харамсалтай нь гэнэт л янз бүрийн яриа гаргаж, бодит байдлаас огт өөр зүйл хэлэх болсонд нь гайхаад барахгүй юм. Ямар ч байсан, тун удахгүй хэвлэлийнхэнд албан ёсоор хандана аа. Тэр үед иймэрхүү хардлага гаргасан хүмүүс нь учрыг олж, хужрыг нь тунгаах болов уу.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан