Хүүхэд харах үйлчилгээнд 2-6 настай хүүхдүүд хамрагдана

 

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэн.

 

Тус хуулийг Үндсэн хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай, Ариун цэврийн тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай зэрэг хэд хэдэн хуультай нийцүүлэн гаргасан байна.

 

Хүүхэд харах үйлчилгээнд хоёр наснаас Ерөнхий боловсролын сургуульд элсэх хүртэлх насны хүүхэд хамрагдана.

 

Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүйгээр хүүхэд харах үйлчилгээнд хамруулж болно гэж заасан байна.  

 

Хүүхэд харах үйлчилгээг өөрийн өмчлөлийн байр, түрээсийн байр, зээлийн байр, гэрт зохион байгуулж болно.

 

Гэхдээ тухайн орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй, зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах, хүүхэд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх шаардлагатай.

 

Хүүхэд харагч нь бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан, 18-аас 65 насны Монгол Улсын иргэн байна.

 

Нэг хүүхэд харагчид оногдох хүүхдийн тоо таваас илүүгүй байх, нэг байранд хамрагдах хүүхдийн тооны дээд хязгаар 15 байна гэжээ.

 

Хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж байгаа нэг хүүхдэд ногдох хоолны болон норматив зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх юм.

 

Энэ төсвийг жил бүрийн улсын төсөвт тусган, орон нутагт хуваарилна.

 

Хүүхэд харах үйлчилгээнд зориулж хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчтай зөвшилцсөний үндсэн дээр, Засгийн газраас тогтоосон үнэ тарифын дагуу төлбөр авч болно.

 

Мөн эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхэд харагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр төрөөс санхүүгийн дэмжлэг шаардахгүйгээр хүүхэд харах үйлчилгээг эрхэлж болно гэж хуульд заасан байна.

 

Хүүхэд харах үйлчилгээг эцэг, эх, асран хамгаалагч хянахаас гадна мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн ажилтан хяналт тавих юм байна.

 

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг олгохдоо зохих шаардлагыг хангасан байдал, баг, хорооны Засаг даргын санал, дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгох юм байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан