Жамьяанхорлоо:Нэг хүн 60 сая төгрөг өгнө л гэсэн

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр "Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг найман оролцогчидтой үдийн зоог барьж, уулзалт хийлээ. Энэ үеэр тэрбээр шоуны оролцогчидтой ойр дотно ярилцаж, хүүхдүүдийн авъяас билгийг сайшаан магтсан байна. Мөн гарын бэлгээ бүх оролцогчдод гардуулжээ.

Үдийн зоогийн дараа “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багш С.Жамъяанхоролтой цөөн хором ярилцлаа.

 

-Юуны өмнө танд болон танай хамтлагийнханд баяр хүргэе. Цаашид ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байн вэ?

-Баярлалаа. Монголын нийт ард түмэнд баярлалаа. Бидний уран бүтээл энэ маягаар өрнөнө. Хүүхдүүдийнхээ хичээл сургуулийн хажуугаар хөгжмийн мэдлэг, авъяас чадварыг нь хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлж хийнэ. Ард түмэн маань манай хүүхдүүдийн сонсгол, авъяас чадварыг мэдэрсэн учраас өөр олон сайхан уран бүтээл хийх болно.

 

-Та бүхнийг тун удахгүй Япон улс руу тоглолтоор явах гэж байгаа гэж сонслоо. Хэзээ явах гэж байна?

-Гадуур тийм мэдээлэл яваад байсан. Одоогоор албан ёсоор бидэнд мэдэгдсэн юм алга. Хэн нэгэн ирж тэгье, ингэе гэсэн яриа хийгээгүй байгаа.

 

-Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та бүхэнтэй үдийн зоог барьж байна. Хүүхдүүд бөөн баяр уу?

- Манай хүүхдүүд өнөөдөр сэтгэл их хангалуун байна. Ерөнхийлөгчтэйгөө уулзлаа, гар барьлаа, хамт зургаа татууллаа. Хэдэн хүүхдийн маань буян шүү дээ.

 

-Таныг өнөөдөр Дархан-Уул аймгийн боловсролын газраас Монгол улсын гавьяат багш цолонд тодорхойлсон гэж сонссон. Та мэдсэн үү?

-Тийм үү. Мэдээгүй. Одоо л чамаас сонсож байна. Үнэн бол сайхан л байна /инээв.сур/

 

-Финалын тоглолтын үеэр иргэн Д.Отгонжаргал фэйсбүүктээ танд 60 сая төгрөг өгөхөө амласан. Энэ хүн тантай холбоо барьсан уу?

-Нэг танихгүй хүн надад утсаар ярьж хэлсэн. Тэр хүн “Танд манай хамаатны Швейцарь улсад амьдардаг Отгоо гэж залуу 60 сая төгрөг өгөх гэж байгаа” л гэж хэлсэн. Албан ёсоор надтай уулзаж танилцаад, ярьсан зүйл байхгүй.

 

 

-Шагналын мөнгөө гардаж авсан уу?

-Энэ шоуны нууц учраас ярьж болохгүй байх /инээв.сур/

 

-Шагналын мөнгөөрөө хамгийн түрүүнд юу хийе гэсэн бодол байна вэ?

-Манай хамтлаг хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй, 35-уулаа шүү дээ. Миний хүүхдүүд өнгөрсөн хугацаанд маш их ядарсан байна.Мөнгөө авахаараа хамгийн түрүүнд хөгжмийн зэмсэгээ шинэчилнэ. Бид нарын хөгжмийн зэмсэг үйлдвэрийн бус гар аргаар хийсэн зэмсэгнүүд байдаг. Хоёрдугаарт, хүүхдүүддээ шагналынхаа мөнгөний тодорхой хувийг хувааж өгнө. Тэднийхээ их хөдөлмөрийн үр шимээр ийм өндөрлөгт хүрч чадсан шүү дээ. Гуравдугаарт, өөртөө оногдохыг өөрөө мэдээд зарцуулах байх. Ийм гурван зүйлд л зарцуулах байх даа. Ер нь бол хэнээс ч хамааралгүй хөгжим, хөгжмийн зэмсэгтэй болно.

 

-Та өнгөрсөн хугацаанд хэдэн төрлийн хөгтэй хөгжмийн зэмсэг урласан бэ?

-Би насаараа хөгжмийн багш хийсэн хүн. Эдгээр жилүүдэд 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсэгийг өөрөө хийж урласан.

-Ярилцсанд баярлалаа.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан