ХӨХ МОНГОЛЫН ИХ НУУЦ БА СОЁМБОНЫ ТАЙЛБАР

 

ХӨХ МОНГОЛЫН ИХ НУУЦ БА СОЁМБОНЫ ТАЙЛБАР

Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн хүчний бэлэгдэл, Монгол төрт ёс, Монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг есөн хөлт цагаан тугаа үлэмж дэлгэр үл ухахуй, олон талт, нэгэн мөн чанарт мэдэхүйеэ бэрх, тайлбар олонтой хэмжих ухааны олон дүрсийг нэг дор төгс хураах “Соёмбо” хэмээх тэмдэгтээр дүрслэн нууж, цаг төрийн хүнд хэцүү үед бусдаас чандлан ил шүтэх хийгээд амин чанарыг үеэс үед, үрээс үрд тасралтгүй дамжуулж чадсан өвөг дээдэс, эрдэмтэн мэргэдийнхээ суу билэг, цог зальд бишрэн мөргөмүй.
“Соёмбо”-ыг тайлбарлаж ирсэн бүх тэр цаг хугацаанд Монгол улс нь гадаад улсын эрхшээл, эсхүл хараа хяналтанд байв. Манжийн эрхшээлд байх үеийн “Соёмбо”-ын талаарх мэргэдийн тайлбарыг дүгнэн эрдэмтэн Б.Ринчен “...Энэхүү Соёнбыг лам нар шашны талаар тайлбарлах гэж оролдсоны шалтгаан нь монголын ард түмний эртнээс янагш эрх чөлөөний төлөө тэмцэхдээ маш эрхэм болгосоор ирсэн эрх чөлөөний тэмдгийг Манжширийн хувилгаан гэж мандуулж байсан Манжийн хаанд харшгүй болохын санаагаар таван махбодийн өнгөөр ялган тэмдэглэж өөрийн ашиг тусын үүднээс тайлбарласан...” гэсэн ба магадгүй үүний цаана бидний мэдэх түүний тайлбар ч улаан Оросын хараа хяналт дор бичигдсэн шүү гэдгийг сануулж буй хэрэг юм. Өөрөөр хэлбэл эрдэмтэн Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Х.Нямбуу нар улаан үзэл санаанд “Соёмбо”-ыг харшгүй болохын санаагаар тайлбараа гүйцэд хийгээгүй гэвэл буруудахгүй болов уу. Иймээс тайлбарыг дахин судлан үзэх зүй ёсны шаардлага урган гарч ирсэн билээ.
Судлаачдын “Соёмбо” нь Монголын шинэ бичиг үсэг, хожмын явцад төр шашны бэлэгдэл, Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсноор эрхэмлэн дээдлэгдэх болсон гэдгийг түүхийн хуудаснаас сөхөн үзвэл “Соёмбо үсэг”-ийг анхлан Өндөр гэгээн бага залуу (1650) арван зургаан насандаа Баруун зуугийн газар хэдэн хоног гүн нарийн бясалгал бүтээл хийж байгаад гадагш гарах үедээ дээш харахад огторгуйд гэнэт ланз үсэг лүгээ хувь сацуу нэгэн алтан өнгөөр урган шарлаж харагдсанд энэ явдлыг багш Банчин эрдэнэдээ айлтгасанд “... энэ нь таны тухайд номын үсэг чандмань мэт мөний тул үүнийг та бээр дэлгэрүүлэн үйлдэх хэрэгтэй” хэмээн зарлиг соёрхон таалснаас хойш гэгээнтэн 36 жил боловсруулан болгоож 1686 онд Соёмбо зоёди буюу өөрөө үүдсэн үзэгдэл үсгээ төгс төгөлдөржүүлэн зохиосон гэж үздэг ажээ.
Гэтэл нэрт эрдэмтэн Б.Ринчений бүрэн тайлбарт “...Монголын чин зоригт, эх оронч баатар эр Цогт тайж 1634 онд (Өндөр гэгээн Занабазар хорвоод мэндлэхээс нэг жилийн өмнө) орчим дөрвөн түмэн цэрэг дагуулж шарын шашны толгой лам нарыг байлдаар явахдаа Соёнба тэмдэгтэй тугийг хэрэглэж явсан гэж эдүгээ Амдова хөх нуурын нутагт буй түүний цэргийн үр угсаа, мөн Өөлдийн Гүн хааны цэргийн үр угсааны хүмүүс хэлэлцдэгийг тэр зүг явсан олон жуулчин сонсон тэмдэглэсэн зүйл буй” хэмээн бичиж үлдээсэн байна. Мөн “...Өндөр гэгээн Занабазар энэхүү Соёнба үсгийг зохиосон гэж хэлэлцдэг домог үгийг тайлбарлаваас: Манж нар Өндөр гэгээний үеэс Монголыг эрхэндээ оруулж, улс төрийн аливаа хэрэгт манж хэл бичгийг албаараа хэрэгжүүлэх болгосон, үүнд Өндөр гэгээн битүүгээр эсэргүүцэхдээ эртний үеэс уламжилж ирсэн барга (барга тэмдэг) буюу Монгол улс мандтугай хэмээн ном судрын эхэнд тавьдаг байсан тэмдгээс сэдэв авч Соёнба тэмдгийг мөн баргаа болгоод түүний байдалд тохируулан үсэг зохиосноо Соёнбо үсэг гэж нэрлээд тамга тэмдэг, ерөөлтэй, билэгтэй ном зохиолыг энэ үсгээр бичүүлж байсан ...” гэснийг үзвэл Өндөр гэгээн Занабазар төрөхөөс өмнө “Соёмбо” бүхий дүрс оршин байсныг гэрчилж байна.
Тэгэхээр “Соёмбо” гэж чухам юу вэ. Зарим судлаачдын үздгээр Шамбалын орны түлхүүр, Дүйнхор бурханы зүрхэн тарни, хүний биеийн цогц хэмжигдэхүүн, бэлэгдэл үү? Байж болох л зүйл, үгүйсгэхгүй. Судлаачид нэг тал дээр адилхан сэтгэдэг ба тэр нь “Соёмбо”-ыг тэмдэгчлэн тайлбарлах буюу түүнд орсон хэмжих ухааны дүрс нэг бүрийг утгачлан тайлбарлах замаар судлаач өөрийн бодол санаанд нийцсэн нэгдмэл утга гарган ирж улмаар бэлэгдлийн чанартай болгосон нийтлэг тал харагддаг юм. Энэ мэт “Соёмбо”-ыг тэмдэгчлэн тайлбарлах нь нэг талаас хэвшмэл буруу мэт санагдсан билээ. Хүн заримдаа аливаа нэг дүрсийг олон дүрсэнд задалж хардаг, эсхүл эсрэгээрээ олон дүрсийг нэг дүрсэнд олж хардаг авъяастай болохыг анзаарч санаа аван “Соёмбо”-ыг олон дүрст тэмдэгт бус, нэг дүрсэнд олж харсан билээ.
Үүний дараа маш гайхамшигтай дүрс тодорсон ба дарааллын дагуу холбон зурж үзвээс та бүхэн ч миний үзснийг үзэх болно гэдэгт найдаж байна. 1-рт. Соёмбо тэмдгийн гал дүрсийн чанх доод талаас наран дүрсний төв цэг хүртэл шулуун татна; 2-рт. Саран дүрсны хоёр үзүүрийг наран дүрсний тойрогт дээш уусгаж нийлүүлнэ; 3-рт. Саран дүрсний хоёр үзүүрээс доош хоёр талын босоо дөрвөлжин дүрсний гадна, дотор өнцөг хүртэл хагас дугариг зурна; 4-рт. Саран дүрснээс гурвалжин дүрсний хажуу хоёр өнцгийн харалдаа доош шулуун татаж, дээд доод хөндлөн дөрвөлжин дүрсний хоёр тал, арга билгийн дүрсний хоёр тал, доод гурвалжин дүрсний хоёр өнцөг хүргэнэ; 5-рт. Дээд, доод хөндлөн дөрвөлжин дүрсний дээд доод хөндлөн шулууныг хоёр талын босоо дөрвөлжин дүрсний гадна тал хүртэл тэгш шулуун татаж дуусгана.
Гайхамшиг, таны өмнө бидний өвөг дээдэс тэгэж их нуугаад байсан зүйл буюу Их эзэн богд Чингис хаан, Монгол түмний минь их шүтээн цагаан сүлдний дүрс тодрох буюу гал дүрс нь Цагаан тугны дээрх гал, наран дүрс нь Цагаан тугны дээд толь, саран дүрс нь Цагаан тугны дээд толины гадна хүрээ, дээд доод гурвалжин дүрс нь Цагаан тугны хэлний эхлэл ба төгсгөл, дээд доод хөндлөн дөрвөлжин нь бүслүүрийн (эсхүл бүсний) дээд доод хүрээ, голын арга билгийн дүрс нь товч, хоёр хажуугийн босоо дөрвөлжин дүрс нь манжлага буюу унжлага болно.
Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн сүр хүчийг бэлэгдсэн цагаан сүлдээ Цогт тайж Монгол зургийн энгийн аргаар дүрслэн зурж тугандаа тахиж, хэрэглэн явсныг Өндөр гэгээн Занабазар анхааран авч бурханы шашны урлахуйн ухааны уламжлалт тэг, дэг ёсыг баримтлан “Соёмбо” хэмээх тэмдгийг утгачлан бүтээж, мутрын тэмдэг, номын барга болгоод Хөх Монголын шүтээнийг бусдын нүднээс чандлан нууж илээр шүтэхийн тул түүний дүрс байдалд тохируулан үсэг зохиосноо “Соёмбо үсэг” хэмээн нэрийдсэн гэвэл Монголын түүх сонирхолтой болох мэт.
Тайлбартаа дэм өгч тодотгон “Жавзан Дарнатын хувилгаан лам Өндөр гэгээн Занабазар цаг төрийн хэцүү байдалд Монгол улс Манжид дагаар орохыг зөгнөн болгоож (судлаач миний таамаг төдий), алтан ургийн язгууртны хувьд Хөх Монгол хожмоо тусгаар тогтнохыг ерөөж, Тулуй хан хөвгүүний задаар Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн сүр хүчийг “Соёмбо зоёди” хэмээх бэлэг тэмдэгт увидаслан шингээж, шинэ үсгээр далдлан чандлан нууцалж илээр шүтэхийн тухайд Хөх Монголын амин сүнс айл гэрийн хойморт ариун бүхний дээд судар номын хуудаснаа оршион үлдээсний ач буянаар хожмоо Монгол улс тусгаар тогтнолоо олж улс гэрээ мандан бадруулж туурга тусгаар улсаа байгуулаад төрийнхөө далбаанд шүтээнээ залсныг улаан үзэлтэн дургүйцэн авч хаях, эсэх хүндхэн хувь заяатайгаа Монгол тулахад эрдэмтэн мэргэд минь ухаан сүвэгчлэн нууцыг үл задруулж, өөр тайлбар сэлтийг олонтаа гарган, Монгол төрийн сүлд шүтээнээ Монголынхоо хөх тэнгэрт хэвээр хадгалан авч, үлдэж чадсан түүхэн гавъяа байгуулсан” тэднийхээ суу билгийг тэнгэрт тултал магтаж, ариун гэгээн үйлсийнх нь өмнө сөгдөн мөргөх нь зүйтэй санагдана.
Эцэст нь хэлэхэд хэрэв “Соёмбо нь Есөн хөлт цагаан тугийн дүрс мөн” хэмээн зөвшөөрвөл дэлхийн түүхэнд улс орныхоо сүлд шүтээнээр бичиг үсэг зохиосон улс үндэстэн Монголоос өөр олдохгүй хэмээн баттай хэлэх байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан