Л.Оюун-Эрдэнэ:Асуудал шийдэгдтэл 10 хувийн урьдчилгаатай зээл олгохгүй

Даваа гаригт Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ “Голомт” банкны төлөөлөлтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгон хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Гэтэл өчигдөр Эдийн засгийн байнгын хороон дээр гишүүдийн зүгээс “Үнэхээр Голомт банк ганцаараа зээл өгөх боломжтой гэдгээ зарлаж байгаа юм уу” гэсэн бол Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Эрсдэлээ тооцож судалгаа хийсэн юм уу. Энэ талаар Засгийн газраас, Голомт банкнаас мэдээлэл ирээгүй” гэсэн юм. Энэ асуудлаар Голомт банкны салбарын гүйцэтгэх захирал Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

 

-Найман хувийн зээлийг Голомт банк Барилга хот байгуулалтын яамтай хамтраад эхлүүлнэ гэсэн. Түүнчлэн 10 хувийн урьдчилгаатай зээлийг олгох боломжтой хэмээн хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгэхээр найман хувийн зээл зогсчихоод байгаа энэ үед Голомт банк дангаараа зээл олгох бүрэн боломжтой юу?

-Найман хувийн зээл зогсчихсон байгаа. Цэцийн гаргасан шийдвэр буюу Иргэний хууль болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэнтэй холбоотойгоор зээл бол бүрэн зогссон. Голомт банкны зүгээс ч гэсэн найман хувийн зээлээ түр зогсоочихоод байна. 10 хувийн урьдчилгааны тухайд бол өмнө нь ч гэсэн Барилга хот байгуулалтын яамтай санал солилцоод, ажиллаад явж байсан. Энэ асуудлаа ажил хэрэг болгох зорилгоор санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнээс биш энэ нь Голомт банк зогсчихоод байгаа найман хувийн зээлийг олгож эхэллээ гэсэн үг биш юм. Үүн дээр ойлголтын зөрүү гарсан байна.

 

-10 хувийн урьдчилгаатай зээлийг хэзээнээс өгч эхлэх вэ?  Хуучин нөхцлөөрөө явах уу?

-Ипотекийн зээлийн гол нөхцлүүд нь хэвээрээ үлдэнэ. Гол нь иргэн өөрөө урьдчилгаа 30 хувь гаргаж төлдөг байсан бол 10 хувь байж болох тооцоог л гаргаж өгсөн юм. Арилжааны банк оролцогч талуудтайгаа ярьж хэлэлцсэний дараагаар олон зүйл тодорхой болно. Одооны байгаа журам дээр Засгийн газар баталгаа гаргахаар зохицуулагдсан. Засгийн газрыг төлөөлөөд Хөгжлийн банкнаас баталгаа гаргана гэж байсан бол тэр баталгааг арилжааны банк ч мөн гаргах хэлбэрийг л бид ярилцаж байна. Өдийд төдийд зээл өгч эхэлнэ гэсэн хугацаа заагаагүй байна. Асуудал шийдэгдээд ирэхээр яваандаа хугацаа нь тодорхой болно.

 

-Зээл төлөлтийн хугацаа өөрчлөгдөх үү?

-Хугацаа өөрчлөгдөхгүй, хэвээрээ байна.

 

-Цэцийн шийдвэртэй холбоотойгоор банкууд хуралдаад найман хувийн зээлийг зогсоох шийдвэр гаргах боломжгүй. Монголбанкинд хамаатай асуудал гэж яригдаад байгаа шүү дээ?

 

-Өмнөх зээлийн нөхцлөөс Цэцийн гаргасан шийдвэртэй уялдаад шинэ нөхцөл нь банкуудад эрсдэл бий болгож байгаа юм. Тэгэхээр энэ эрсдэлээс яаж гарах вэ, ямар хуулиудад өөрчлөлт орох журмаар нөхцөл байдал илүү дээрдэх боломжтой вэ гэдгийг ярилцах нь чухал. Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой зээл учраас энэ асуудал банкуудад хамаатай. Тиймээс ярилцаж шийдвэр гаргаж, цаашид энэ нөхцөл байдлыг хэрхэх вэ гэдгээ ч ярилцаж байна.

 

-Арилжааны банкууд найман хувийн зээл олгох сонирхолгүй байгаа учраас Цэцийн шийдвэрээр далимдуулан зээлээ зогсоолоо гэх нэг хардлага хэвлэлүүдээр гараад эхэллээ?

-Орон сууцны зээл 2003 оноос эхлэн олгогдож эхэлсэн. Голомт банкны хувьд гэхэд л 25000 гаруй өрхөд орон сууцны зээл олгосон байна. Тэгэхээр банкууд сонирхолгүй байна гэдэг бол ташаа ойлголт. Иргэдийг орон сууцжуулах гэдэг банкны гол ажил. Ипотекийн зээл олгох нь нөгөө талдаа хуримтллал бий болгож байгаа гэсэн үг шүү дээ. Тиймээс банкууд найман хувийн зээл олгох өндөр сонирхолтой байгаа гэж бодож байна.

 

-Өмнө нь иргэн 70 хувь дээрээ зээл авдаг байсан бол одоо 90 хувь дээрээ зээл авахаар болж байна. 10 хувь дээр нь Засгийн газар баталгаа гаргавал 20 хувь дээр нь банк баталгаа гаргах юм уу?

-20 хувь дээр тухайн барилгын компани нь баталгаа гаргах журмаар харилцан тохиролцоод явах юм.

 

-Тухайлбал, ТОСК өөрөө 20 хувиа батлан даая гэдэг санал гаргаад байсан. Энэ жишээгээр л явах юм байна гэж ойлгож болох уу?

-Ер нь бол тийм. ТОСК-ийн гаргасан санал дээр үндэслээд явах боломжтой гэж үзэж байгаа юм.

 

-Тэгэхээр найман хувийн зээлтэй холбоотой асуудал шийдэгдэх хүртэл 10 хувийн урьдчилгаа олгогдохгүй гэсэн үг үү?

-Тийм. Найман хувийн зээлтэй холбоотойгоор Цэцийн гаргасан шийдвэртэй уялдуулан банк цаашид найман хувийн зээлийг үргэлжлүүлэх боломж байгаа эсэхийг судлаж байна. Гэхдээ Цэцийн хэлж байгаагаар үл хөдлөх хөрөнгийг иргэн цааш нь худалдаалах боломжтой болчихоор өр, зээлтэй байрыг худалдан авч байгаа иргэн өөрөө л хохирно. Мэдээж хэн нэгний зээлтэй байрыг хүлээж авах нь эрсдэлтэй алхам шүү дээ.

Ц.ТАМИР 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан